Сэлбэ голын 97.200 тонн мөсийг зөөжээ
УОК-ын Шуурхай штабаас нийслэлийн хэмжээнд үүсээд байгаа халиа тошингийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-ны өдрөөс газар дээр нь ажилласан. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон.
Түүнчлэн олон жилийн дунджаар нийт нутаг дэвсгэрийн 50 хувьд цасан бүрхүүл тогтдог байсан бол энэ жил 70-80 хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.
Хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгаа юм.
Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон билээ.
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршилд мөсийг зөөж эхэлсэн. 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Сэлбэ голын 97.200 тонн мөсийг зөөж, Туул гол руу тээвэрлээд байна.
Сэтгэгдэл