ҮСХ: Нэг ажиллагчид ногдох ДНБ 8 хувиар нэмэгдэв

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал" Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 онд урьдчилсан гүйцэтгэлээр 80.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.5 их наяд төгрөгөөр өсжээ.
Ингэж өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 2.0 их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 6.4 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүн, 2015 оны зэрэгцүүлэх үнээр, 2024 онд 32.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 их наяд төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 419.2 тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Харин нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны дөрөвдүгээр улиралд 6.4 сая төгрөг, жилийн дүнгээр 22.6 сая төгрөг болж, өмнөх оноос 168.4 мянган төгрөгөөр өсжээ. Нэгтгэсэн дөрвөн салбараар авч үзвэл, нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг буюу хөдөлмөрийн бүтээмж 2024 онд өмнөх оноос уул уурхай, олборлолтын салбарт өссөн бол үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт буурсан байна.
Нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 2024 онд уул уурхай, олборлолтын салбарт 56.7 сая төгрөг болж, өмнөх оноос 3.9 сая төгрөгөөр өсжээ. Харин үйлчилгээний салбарынх 20.5 сая төгрөг болж 303.3 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн салбарынх 8.4 сая төгрөг болж 2.3 сая төгрөгөөр тус тус буурсан байна.
Ажиллах хүчний судалгааны хувьд 2024 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.2 хувь буюу 1.4 сая ажиллах хүч байна. Ажиллах хүчний оролцоо өнгөрсөн оны мөн үеэс 1.7 нэгж хувиар өсөж, өмнөх улирлаас 0.8 нэгж хувиар буурчээ. Харин хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.9 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар ессөн байна" гэв.
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2025-02-19 16:42:14
хөөс ш дээ. бодоод үз
Z [193.247.143.218] 2025-02-18 01:39:41
Good