СТАТИСТИК: Газрын тос, цэвэршүүлээгүй алтны биет хэмжээ өсчээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний арваннэгэн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхайн олборлолт 1.5 их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 132.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний арваннэгэн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.2 их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 410.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал металл агуулгаараа, баяжуулсан нүүрс, төмрийн хүдэр, чулуун нүүрс, хүрэн нүүрс, хайлуур жонш, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 8.1-46.9 хувиар өсжээ. Харин мөнгөний баяжмал, газрын тос, цэвэршүүлээгүй алт, хайлуур жоншны баяжмал 3.8-28.6 хувиар буурсан байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт нүүрсэн шахмал түлш, шингэн сүү, ус, ундаа жүүс, цемент, малын мах, цагаан архи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.2-22.3 хувиар өсчээ.
Шохой, цэвэр спирт, металл бэлдэц, гурил, ноолууран сүлжмэл эдлэл, катодын зэс, янжуур тамхи, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.1-43.9 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны эхний арваннэгэн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 46.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 3.8 их наяд төгрөгөөр, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 127.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.9 их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 1.9 их наяд төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 82.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад зах зээлд 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 34.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 33.0 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 60.4 хувийг нүүрс олборлолтын салбар, 35.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2024 оны арваннэгдүгээр сард 256.8 (2015=100) болж, өмнөх оны мөн үеэс 44.6 хувиар буурсан байна
Сэтгэгдэл