ЧУУЛГАН: "Шинээр дэг оруулж ирэх хэрэггүй байсан"
УИХ-ын намрын чуулганы Баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийн асуудлыг хэлэлцэж буй. Энэхүү асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Шинээр дэг оруулж ирэх хэрэггүй байсан. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар шууд Засгийн газарт буцаах ёстой байсан.
Өнөөдрийн хуулиар Засгийн газарт буцаахгүйгээр хэлэлцээд явахаар УИХ-ын бүрэн эрхийн асуудал болж байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүд төсөв дээр дураараа саналаа оруулж болно гэсэн үг. Ийм нөхцөл байдал үүсгэж байна.
Төсвийн ажлын хэсэг дараа жил Засгийн газрын өмнөөс хариуцлага хүлээх юм уу гэдэг асуудал үүсч байна. Ажлын хэсгийн дарга нь Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээх юм уу.
Засгийн газар, УИХ хоёрын дунд асар их зөрчил үүсгэнэ. Тиймээс Засгийн газарт төслийг нь буцааж Засгийн газраас хасах ёстой зардлуудаа хасаад оруулж ирэх ёстой байсан.
Энэ асуудлыг байнгын хороон дээр хэлээд дэмжигдээгүй. Хоёрдугаарт, УИХ 76 гишүүнтэй байхад төсөв хэлэлцэж байхад бүх гишүүдийн гадаад томилолтыг болиулдаг байсан. Өнөөдөр 30 гишүүн гадаад томилолттой байна. Тэгээд төсөв хэлэлцээд байдаг.
Арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн дотор төсвөө батлах ёстой. Хэдхэн хоног үлдээд байна. Гэтэл гадаадаас ирээд төсөв ийм байна, тийм байна гээд хэвлэлийн хурал хийдэг. Гуравдугаарт, хариуцлагын асуудал ерөөсөө яригдахаа больчихлоо.
Ажлын хэсэгт нь орж ажилласан гишүүд гараад хэвлэлийн хурал хийгээд самардаг. Яагаад ажлын хэсэг дээр асуудлаа ярьдаггүй юм бэ. Мэргэжлийн байнгын хороон дээрээ асуудлаа нэлээд сайн ярьдаг баймаар байна.
Төсвийн байнгын хорооноос гаргасан санал нь ч дэмжигддэггүй. Ингэж л төсвөө баталсан шүү дээ. Өнөөдөр хэлэлцэж байгаа Дэгийн тухай хуулийн өөрчлөлт Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлээгүй. Ийм л юм болж байна.
Бид хоёр долоо хоногийн өмнө Засгйин газрын хөгжлийн төлөвлөгөөг баталсан. Хөгжлийн төлөвлөгөөтэйгөө төсөв нь яаж уялдах юм.Ирэх жил бид юу хийх вэ гэдэг асуултын тэмдэг цаана нь үлдчихлээ. Дараа жил төрийн ажил доголдвол хэн хариуцлага хүлээх юм бэ" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл