Үндсэн хуулийн ойн шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн эхэллээ
Ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсаны түүхэн ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс улс орон даяар эхэллээ.
Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан. Ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсны 33 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 13-нд тохиох бөгөөд УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа болох юм.
Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн энэ сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргыг шалгаруулна. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин тус тус шалгарч, хагас шигшээ шатанд оролцоно.
Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн ирэх сарын 14, 15-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгарч, шигшээ тэмцээнд оролцох юм.
Шигшээ тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцоно.
Тэмцээнээс медаль хүртсэн шатарчин шатрын спортын дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрхтэй болно.
Уг тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ), Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог аж.
Сэтгэгдэл