Эдийн засагч Р.Даваадорж: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ДҮГНЭЛТ
Дэлхийн улс орнууд геополитикийн хурцадмал байдал, эдийн засаг, санхүүгийн зах зээл дээрх их гүрнүүдийн тэмцэл, энэ бүхнээс үүдэх ойлгомжгүй нөхцөл байдал, цар тахлаас эхтэй зарим салбарын хямралт байдлыг даван туулах зорилгоор зардлаа танаж, алдагдалгүй төсөв батлахаар мэтгэлцэж байна. Харин манай улс 2022 онд 18 их наяд төгрөг байсан төсвөө ердөө гурван жилд буюу 2025 онд 35.8 их наяд төгрөгт хүргэж, 100 хувиар тэлжээ.
Дэлхийн нийтэд манайх шиг төсвөө нугалж данхайлгасан улс орныг хайгаад олохгүй. Иймд төсвийн зарлагыг жилээс жилд огцом тэлдэг байдлыг таслан зогсоох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2-5 хувьд барих, нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт хийх, хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих, татварын хэт ачааллыг бууруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдээ хөдөлмөрлөх боломжоор хангахад чиглэсэн төсвийн бодлого эрс үгүйлэгдэж эхэллээ.
Хуулиа зөрчих нь хэвийн үзэгдэл боллоо!
Шинэ бүрэлдсэн парламент хоёрхон сарын өмнө, Төсвийн хүрээний мэдэгдэлд,“Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ” 32.9 их наяд төгрөг байна гэж баталсан. Гэвч төсөв өргөн барихдаа бас дахин өөрчилж 3 их наядаар нэмэгдүүлжээ. Ийнхүү дунд хугацааны бодлогын баримт бичгээ 2021 онд 3 удаа, 2022 онд 2 удаа, 2023 онд 2 удаа, энэ онд 3 удаа өөрчилсөн нь Монгол улсын Засгийн газар тооцоо судалгаагүй, алсын хараагүй, хуулиа хүссэнээрээ өөрчилдөг буруу хэвшилтэй болжээ.
Төсвийн тооцооллын оронд Мянгуужингийн үлгэр!
Тэлсэн төсөв алдагдлаа бага харагдуулахын тулд орлогоо хийсвэрээр тооцож эдийн засгийн макро үзүүлэлтүүдээ өөдрөгөөр төсөөлөхөөс өөр аргагүйд хүрдэг. Үүнийг 83 сая тн нүүрс 129 ам.доллароор экспортлох, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд, нийт экспортыг 18.9 тэрбум ам.долларт хүргэх, инфляцыг 6 хувьд тогтвортой барих, ДНБ-нийхээ хэмжээг 93 их наяд төгрөгт хүргэнэ гэсэн нэн эргэлзээтэй амлалтуудаас харж болно. Энэ бүхэн төсөвт ноцтой эрсдэл үүсгэж тодотгол хийж тохиргоо хийхээс өөр аргагүй байдалд хүргэнэ.
“Эдийн засгаа солонгоруулна” гэж хуурахаа зогсоо!
Төсвийн нийт орлогын 31 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөг, 2022 онд 4.3 их наядын ийн орлого олохоор тооцож байсан дүн, 2024 онд 8.0 их наяд, ирэх жил 11.6 их наяд төгрөг болж жил ирэх тутам улам “хөөсөрчээ”. Ам нээх бүртээ эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг ч амьдрал дээр эдийн засаг уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого төсвөөр дамжин хэрэгжиж байна.
Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн орлогоо бүгдийг нь эдийн засагтаа цутгахгүй байхад анхаарч, хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх эсвэл гадаад өрийн хэмжээгээ нимгэлэхэд зориулдаг. Харин Монгол ийм чиглэлийн урсгал сөрж явна.
Аж ахуй нэгж, ард иргэдийн төлөх татварын дарамт хэтэрлээ!
2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо ирэх жил 7.5 их наяд төгрөгт хүрч 4 дахин нэмэгдэх нь. Хувь хүний орлогын татвар 1.2 их наядаас 2.9 ихнаяд төгрөгт хүрч 2.5 дахин өснө. Дотоодын барааны НӨАТ 1.5 их наядаас 3.4 их наяд төгрөгт хүрч 2 дахин нэмэгдэх ажээ. Төсвийн орлогын 87 хувь буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон байна. Энэ нь 2023 оны аж ахуй нэгж, иргэдийн төлсөн татварын хэмжээнээс 49 хувь буюу 10.5 их наяд төгрөгөөр илүү байна.
Эндээс аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг харж болно. Ийнхүү төсвийн тэлэлт эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумиж байгаа юм. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь ирэх онд олон мянган бизнес эрхлэгчдийг “хаалгаа барих” хямралд хүргэхээр болжээ.
Үнэ өсөж, өрх гэрийн орлого багасах нь тодорхой боллоо!
Төсвийн 9.8 их наядын хөрөнгийн зардал валют болж гадагшаа урсана. 26.0 их наядаар тооцсон урсгал зардлын бараг дийлэнх хувь нь валютын хэрэглээг дэмжих болно. Төсвийн төсөл валютын ханш огцом өсөх, инфляцаа нэмэх муу үр дагавар дагуулна. Өөрөөр хэлбэл, төсөв өөрөө валютын ханш огцом өсгөх, үнийг хөөрөгдөх шалтгаан болжээ. Инфляц өснө гэдэг дундаж давхрага улам бүр “цөөрч”, ахмадууд, орлого багатай өрхийн амьдрал нэн хүндрэх байдалд хүргэх эрсдлийг бий болгоод байна. Ойрын жилүүдэд тэтгэврийн өрийг тэглэсэн.
Ахмадын тэтгэврийн хэмжээг хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс өөр нөлөө үзүүлсэнгүй. Иргэдийн амьдралд бодитоор “наалдсангүй”. Харин ч ядуурлын хэмжээ нэмэгджээ. Ирэх онд халамжид 3 их наяд 562 тэрбум төгрөг зарцуулна. 2016 онд нийгмийн халамжийн сангаар дамжуулан зорилтот бүлэгт 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2025 онд ийнхүү 12 дахин нэмэгдэх нь тодорхой боллоо.
Харамсалтай нь, халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд нэгээхэн ч байхгүй. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан бол 2025 онд 11.7 их наяд төгрөг болж 5 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, сайд нарын мэдэлд байж хяналтгүй шахам зарцуулдаг сангийн хөрөнгө ийн нэмэгджээ.
Аж ахуй нэгжүүдэд арилжааны зээл олдохоо болино!
Улс орныг удирддаг төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахаа болиод удаж байна. Тэлсэн төсөв Төв банкны бодлогыг чангаруулдаг. Иймээс бодлогын хүү чангарч арилжааны зээлийн хүү өсдөг. Арилжааны банкууд өндөр хүүтэй, эрсдэл өндөр зээл гаргах биш өндөр өгөөжтэй Төв банкны үнэт цаас худалдан авахыг чухалчилдаг.
Иймээс аж ахуй нэгжүүдэд өндөр үнэтэй арилжааны зээлийн олдоц эрс хумигддаг. Энэ нь аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох эсвэл бүтээгдэхүүнийхээ үнэ өсгөхөөс өөр сонголтгүй болгож таарна.
Төсвийн хөрөнгө оруулалтаас их наядаар хэмнэх боломж бий!
Төсвийн хөрөнгийн оруулалтын эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим бүр мөсөн алдагджээ. Хөрөнгө оруулалтын нийт арга хэмжээний 80 хувь нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байна.
Хэрэв хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, ердөө 145 арга хэмжээг царцаахад 1.5 их наяд төгрөг хэмнэх боломж харагдаж байна. Энэ хөрөнгөөр Монгол улсын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой.
Үндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах баталгаатай эрх эдэлнэ гэж маш тодорхой заасан. Харамсалтай нь, манай иргэд хорт хавдрын хэд хэдэн өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Иймээс хавдрын өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх эмнэлэг барих ёстой биш үү?
Жил бүр олон зуун сая ам.долларын эрчим хүч импортолж байгаа. Бид энэхүү үрэлгэн байдалдаа цэг тавьж эрчим хүчний аюулгүй байдалдаа анхаарч болохгүй гэж үү? Хөрөнгө оруулалтын бодлогоо эрс шинэчилж урсгал зардлыг нэмэхгүй, ажлын байрыг олноор нэмэх үндэсний үйлдвэрлэлийн салбарт нийт хөрөнгө оруулалтын ихэнх хувийг төлөвлөх ёстой биш гэж үү?
Авилгал нэмэх төсвийн төсөл орж ирлээ!
Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн нийт зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн 70 орчим хувь төрөөс хамаарч байна.
Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж эхэллээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авилгал хээл хахуулийг гааруулж улам бүр гааруулж байгаа. Тэд саяар биш, бүр тэрбумыг голж их наядаар “цөлмөдөг” боллоо.
Дээр дурдсан бүхэн төсвийн “цоо шинэ” бодлогын шинэчлэлийг нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэдгийг баталж байна. Төсвийн шинэчлэл хийснээр эдийн засгаа төрөлжиж, илүү тогтвортой, уян хатан эдийн засгийг дунд хугацаанд бүрдүүлэх боломж бүрдэнэ.
Төсөв нь хоосон уриа, гоё ганган лоозонгоор чимэглэгдэх биш харин эдийн засгийн хямралын “үр” соёлдоггүй, гадаад өр нэмдэггүй, татварын таатай орчин бүрдүүлж, ажлын байр олноор бий болгодог, хувийн хэвшлийн орон зайг тэлсэн улс орны ирээдүйг урлах чухал “бодлогын баримт” юм шүү дээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.134] 2024-11-25 21:53:26
Мэдэхгүй байгаа юм бол их зан гаргалгүй эрдэмтэдийн сждалгаанд тулгуурлаж, Эдийн засаг сэргэх, ард олны амьдрал дээшлэх бодитой төсөв баталаач!!!!үргүй зардал , байгаа оноогүй хувиарлалт, хэт тансаглалын зардлууд эз-г унагаж бна.
Иргэн [103.57.94.139] 2024-11-23 16:02:00
Энэ бол мунхаглал !!!!!!! 126 малаар яах гэж ийм жагсахлт боловсуулсан юм.!!!!!!одоо Сонгогоод ирээгүй Тэнэгүүдиыг нь хасаад л цомхон болгоод эсвэл бүр Татан бужлгаад л гоё Тоглохгүй юү !!!!!!! ядуу юм чинь Дээд нь гүйдэлтэй доороо утаанд манараад автобус нь утасаа үзээд донтчихсон яваад байгаа зогсоод байгаагаа мэдэхгүй Яана Дүлий Төр Худал амлалт Ялзар дуусаад лллллллл!!!!!!
Иргэн [202.55.188.113] 2024-11-22 19:24:27
Сангийн сайдай огцоруулаа амьдрал мэдэхгүй валюутын ханшаа барьж чадахгүй ийм сайд хэрэгүЙ манаЙд юу бна төмөрын хүдэр зэсийн хүдэр бна үүндээр малын арьс шир бна боловсоруулж байгаа юу байхгүй дарханд баригдах гээд орхигдсон арьс ширнийхээ үйлдэвэрээ ядахад ашиглалтан оруулалдаа овоо хэдэн ногоон зулгаандаа бүх баялагаа түүхийгээр гаргах нь арьсандаа багтахгүй таргалсан дарга сайдуудад л ашигтай байх иргэдэд ямарч хэрэгүй
зочин [66.181.181.234] 2024-11-22 13:15:29
Төсвийн байгууллага бүрийн цалингаас гадна урамшуулал орон байшин олноор барьж хувааж авдаг залийг зогсооход л 1 их наяд төг болно
Baamii [192.82.66.18] 2024-11-22 15:46:49
Тийм шүү
Зочин [202.131.234.123] 2024-11-22 12:07:23
тарган тарган биеэ арчилж чадахгүй өвчний үүрүүд ИХ- д ороод өвчний эмчилгээнд яваад байх юм. буулгаж шар хаданд байрлуулаач
Зочин [202.179.27.114] 2024-11-22 11:48:13
ИЙМ ТӨСӨВ БООГООД ОРЖ ИРСЭН САНГИЙН САЙДТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦНО ГЭЖ БАЙХ УУ .... ЭСВЭЛ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ТУШААЛ АХИУЛАХ УУ
Zochin [202.126.90.222] 2024-11-22 11:19:11
Uneheer sain dugnelt baina. Boditoi ene dugneltuuded undesleed tosvoo erguulen tataasai