Эрүүдэн шүүлттэй холбоотой УИХ-ын хяналтын сонсгол болж байна
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу эмнэлэгт хүргэгдэж ирээд, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан. Уг хэргээс улбаалан УИХ-ын гишүүд хүний эрхтэй холбоотой хяналтын сонсгол явуулах санаачилга гаргасан юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголд зохион байгуулж байна.
Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан байдаг.
Өнөөдрийн хяналтын сонсголд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын төлөөлөл 37 оролцож байгаа бол төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь хүрэлцэн ирсэн хэмээн ирцийг П.Сайнзориг гишүүн танилцуулав.
Хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн нийт 122 оролцогчийн 85 нь ирсэн байна. Цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн 2 иргэн холбогдсон гэдэг мэдээллийг сонсгол даргалагч танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно” гэж заасны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцож байна.
Үүний зэрэгцээ Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон парламентын шууд дамжуулах сувгуудаар дамжуулж байгааг сонсголыг нээж хэлсэн үгэндээ П.Сайнзориг гишүүн тэмдэглэлээ. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, тэдний сонсголд оролцох, ажиглах боломжийг хангах зорилгоор Монголын Үндэсний олон нийтийн телевизийн шууд дамжуулалтад дохионы хэлмэрч ажиллаж байгааг дурдав.
Сэтгэгдэл