Б.Энххүслэн: Хоёр жил бэлтгэлээ өндөр түвшинд хангаж, өөртөө итгэлтэйгээр олимпод оролцлоо

Aдмин / Спорт

Зуны олимпын 33 дугаар их наадамд оролцсон усан сэлэлтийн тамирчин Б.Энххүслэн өчигдөр Парис хотод Монгол Улсыг таниулан сурталчлах зорилготой байгуулагдсан "Mongolia House"-аар зочилж, тэмцээнийхээ талаар болон цаашдын зорилгоо хуваалцлаа.

Олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн "Миний олимпын зорилго бол хоёр минутаас дотогш хурдлах байсан. Тэр дундаа нэг минут 58 секундийг зорьж, сүүлийн зургаан сарын турш бэлтгэлээ хангасан. Хэдийгээр нэг минут 59 секунд явсандаа өөртөө сэтгэл дундуур байгаа ч зорилгоо биелүүлж, хоёр минутаас дотогш орсондоо баяртай байна.

Токиогийн олимпын хувьд бүх зүйл анхных бөгөөд маш өөр байв. "КОВИД-19"-өөс шалтгаалж бидний бэлтгэл бүтэн жилийн тасарч, зөвхөн 50 метрийн өврөөр даллах төрөлд уралдсан. Харин энэ удаад надад туршлага байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлтгэл өндөр түвшинд хангагдаж, өөртөө маш итгэлтэйгээр оролцсон. Олимпын уур амьсгал ч маш ондоо, цэнгэлдэх дүүрэн үзэгчийн дэмжлэг гайхалтай. Олимпын жинхэнэ уур амьсгалыг эндээс мэдэрч байна.

Би энэ удаагийн олимпоос өөрийнхөө Лос-Анжелесын олимпын зорилгоо тодорхойлсон. Сая би 18 дугаарт орсон. Хэрэв 16-д орвол хагас шигшээд оролцох боломжтой байдаг. Би өмнө нь дэлхий аваргад 23, 24 дүгээрт ороод байсан бол энэ удаад 20-оос дотогш байранд орлоо. Маш их баяртай байна. Дараагийн дэлхийн аваргад магадгүй хагас шигшээд оролцох байх.

Сүүлийн нэг жилийн хугацаанд миний амжилт хурдтай ахиж байгаа. Америкийн сургуулиудаас надтай холбогдож, "Division 1"-ийн сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болсон. Энэ нь миний амжилт ахисантай холбоотой. Монголд усан спорт хараахан өндөр хөгжөөгүй. Тиймээс гэнэт амжилт нь ахиад ирэхээр дэлхийн бусад улсаас сонирхож, чих тавьж байгаа нь тун таалагдаж байна" гэв.

Дэлхийн усан спортын холбооноос хөгжиж буй орнуудад тэтгэлэг өгдөг байна. Тодруулбал тухайн улсаас хамгийн сайн амжилт үзүүлж буй нэг тамирчныг сонгож, жилийн хугацаанд бүх зардлыг нь даан бэлтгэл хийлгэдэг аж. Б.Энххүслэн энэхүү тэтгэлгийг авч, Тайланд улсад хоёр жил бэлтгэлээ хангажээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд 1:59.94 амжилт үзүүлж, үндэсний рекордыг шинэчилсэн юм.

Ташрамд дурдахад "Парис 2024" тэмцээний эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд түүний дүү Б.Энхтамир оролцож, 79 тамирчнаас 50 дугаарт бичигдсэн.

ЭХ СУРВАЛЖ:ikon.mn


Сэтгэгдэл

Сониуч [66.181.189.77] 2024-08-02 00:15:20

Олимпод орох хэрэг байсан уу. Байсан л гэх гээд буй бололтой. Медальт байранд шалгарахгүй юм бол хэрэг байна уу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.