Тэргүүн их хамба Д.Жавзандорж Тэгчэн сожон хүртээнэ

Aдмин / Нүүр

Хаврын тэргүүн сарын шинийн 15 маргааш буюу хоёрдугаар сарын 24-нд тохиож байна. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Тэгчэн сожон хүртээхээр болжээ. Тэгчэн сожон хүртээх ёслол маргааш Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлийн хийдийн “Бурханы шашны дээд сургууль”-ийн хурлын зааланд 07.00 цагт болно. Аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожин буюу нэг өдрийн тэтгэн ариусахуйн сахил авах ёс юм.

Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай түвд үг юм. Энэхүү сожин сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчэн өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ.

Сожин сахил авахдаа өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босож бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм.

Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн билээ.

Нэг өдрийн сожин сахилын сахих найман зүйл нь:
1. Аливаа амьтны амийг үл таслах
2. Бусдын эдийг үл авах
3. Эр, эмийн үйлийг үл үйлдэх
4. Худал үгсийг үл өгүүлэх
5. Элдэв гэмт архийг үл уух
6. Өндөр ширээ дэвсгэрт үл суух
7. Цаг бусын идээ унд үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх (үдээс өмнө цагаан хоол идэх, үдээс хойш идэж болохгүй, аль эсвэл зөвхөн ус ууж тус өдрийг өнгөрүүлэх)
8. Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг эдгээр найм болой.

Нэг өдрийн сахил сахисны тус эрдэм нь:

Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номлосон болой. Бас чухал хэрэгтэй эд эдлэл, өргөл хүндлэл аяндаа гарах, таньж мэдэхгүй амьтан бүгд ч үзсэн төдийгөөр бишрэх, хөлөөр гишгэсэн шороог тэнгэр нар мөргөн тахиж шүтэх тэргүүтэн тус эрдэм хязгаарлашгүй хэмээн сударт номлосон болой. Энэхүү сахилыг сахих хугацаа нь сахилаа авах өглөөний гарын алганы хээ харагдах төдийгөөс маргааш өглөөний нар мандах хүртэл сахих учиртай билээ.


Сэтгэгдэл

зочин [202.131.226.197] 2024-02-26 10:54:52

Юу ч гэсэн үг юм нэгмөсөн лам нарыг Монголоор ярихыг нь хориглоод Төвдөөр ярих нэр нь заавал Төвд байх ном шүлгээ яруу найргаа Төвдөөр унших хууль гаргачихвал яадаг юм

Зочин [43.242.243.66] 2024-02-24 17:06:18

Plj93

Zochin [122.201.31.79] 2024-02-24 10:34:07

Ymarch itgel unemshil turuhgui bnaa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.