ШУТИС малчин айлын хүүхдүүдийг хичээлээс түр чөлөөлөхөөр болжээ
Цас, зудын нөхцөл байдалтай холбогдуулан ШУТИС-ийн захиргаа малчин өрхийн 1700 оюутнаас санал асуулга авчээ. Тэдгээрийн 550 нь гэр бүлдээ туслан, дэмжиж ажиллах шаардлагатай гэдгээ илэрхийлжээ. Иймд суралцагчийг хичээлээс нь түр чөлөөлж, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байна. Уг мэдэгдэлд “Хөдөө орон нутаг, дийлэнх аймгуудын нутаг дэвсгэрт цас, зудын нөхцөл үүсэж байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой зуданд нэрвэгдсэн орон нутгийн малчдад туслах шаардлага бий болж байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор оюутнууд гэр бүлдээ туслах боломж олгох зорилгоор энэ хаврын улиралд хичээл сонгон судалж байгаа, малчин өрхийн 1,700 оюутнаас санал асуулга авч байгаа бөгөөд одоогоор 550 оюутан гэр бүлдээ туслах, дэмжин ажиллах зайлшгүй шаардлагатай болохоо илэрхийлээд байна.
Мөн зам, даваа хаагдсантай холбоотойгоор сар шинийн баярын өдрүүдээр хөдөө орон нутагт очоод буцаж амжаагүй оюутан олон байгаагийн улмаас хичээлийн ирц хангалтгүй байна.
Иймд малчин өрхийн суралцагчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2024 оны хоёрдугаар сарын 19-өөс 2024 оны гуравдугаар сарын 22-нийг хүртэл дөрвөн долоо хоног (IV-VIII долоо хоног) хичээлээс түр чөлөөлж сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байна” гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.109.20] 2024-02-22 14:00:21
Зөв шийдвэр. Битгий эсэргүүцэл дээ. Хүүхдийн тус нэмэр их шүү
[203.98.76.249] 2024-02-22 13:34:36
одоо зам хаасан хэзээ хүрч очих бэ дээ.