З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан: Хүчээр нааж хамаатуулахын тулд баримтын зөрүүтэй худал мэдээллүүд яллах дүгнэлтэд оруулсан байсан
Өнөөдөр үргэлжилж байгаа З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарын шүүх хурлын үеэр З.Энхболдын өмгөөлөгч Баатарсайхан Давж заалдах шатны шүүхийн хавтаст хэргийн материалыг танилцуулав. Уг материалд авагдсан баримтуудыг харвал,
УИХ-ын дарга асан З.Энхболд өмнө өгсөн мэдүүлэгтээ, “Страто” компанийн захирал А.Баттүшигтэй ямар хамааралтай вэ гэхэд, Би энэ хүнийг танина. Гэхдээ надтай ямар нэгэн хамаарал байхгүй. Үүнийг нотлох нь та нарын үүрэг, миний үүрэг биш гэж З.Энхболд хариулсан байна. Мөн тэрээр, АТГ-аас 17 нүүрсний хулгайчийн нэрсийг зарлахад миний нэр орсон байгаа. Гомдолтой байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахаар заргалдана. Нэрээ цэвэрлэж авна. Жинхэнэ нүүрсний хулгайчид чинь нууцалсан гэрээн дотор байгаа. Гэрээг байгуулах үед хэн хэн ЭТТ-н захирал байв. ТУЗ хэн байв. ТУЗ-ыг томилсон сайд нь хэн байв. Ерөнхий сайд нь хэн байв. Тэр болгоныг олж тогтоовол жинхэнэ нүүрсний хулгайчид ил болно. Жинхэнэ нүүрсний хулгайчид ордон дотор л суугаа хэмээн мэдүүлэгтээ хэлсэн байна.
Харин Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн мэдүүлэгтээ, “Страто” компанийн эрх ашгийн төлөө орон нутгийн замыг улсын чанартай болгоод байгаа юм уу эсвэл “Их дэлгэмэл Ингүүн” компанийн эрх ашгийн төлөө олгоод байгаа юм уу гэсэн асуултад Б.Энх-Амгалан хариулахдаа, Монгол Улсын экспортын гарцыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс уг замын улсын чанартай авто замын бүртгэлд оруулж, тушаал гаргасан. Тушаал гаргах эрх нь хуулиар сайдад олгогдсон байдаг. Тэгэхээр би эрх хэмжээний хүрээнд улсын чанартай зам болгосон. Намайг буруутгаад байгаа энэ “ЗАМ” хэн нэгэн этгээдэд давуу байдал огт олгоогүй. Давуу байдал олсон гэвэл Монгол Улс давуу байдал олсон. Учир нь энэ замаар Ковидын үед монголын эдийн засагт хувь нэмэр оруулсан нүүрс тээвэрлэж, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлж байсныг товч тодорхой хэлье гэжээ.
Дараагийн асуулт болох, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр хүртэлх 407 км зам нь улсын чанартай зам тавигдах хуулийн шаардлагыг хангахгүй байхад ямар учраас хууль зөрчин улсын чанартай зам болгож, “Страто” компани болон бусдад давуу байдал бий болгоод байгаа юм бэ. Хэн нэгэн нөлөөлсөн зүйл байна уу хэмээн асуухад, Б.Энх-Амгалан, Надад хэн нэгэн нөлөөлөөгүй, Би аливаа шийдвэрийг гаргахдаа, яамны мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсож, шийдвэр гаргадаг байсан. Сайдын шуурхай долоо хоног бүрийн нэг дэх өдөр хийгддэг байсан. Сайдын зөвлөлийн хурал 14 хоногт 1 удаа хийгддэг байсан. Тэгэхээр энэ асуудал хурлууд дээр яригдсан байх ёстой. Тэр хурлын тэмдэглэлээс харвал мэргэжлийн хүмүүс үгээ хэлсэн байх ёстой. Авто замыг орон нутгийн чанартай болон улсын чанартай авто зам болгох нь сайдын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээний асуудал юм. Тийм учраас хууль зөрчсөн асуудал байхгүй гэж хэлжээ. Үүний дараа өмгөөлөгч Б.Баатарсайхан хэргийн хавтаст хэргээс харахад мөрдөгч нар хууль зөрчин тулгаж, хөтөлж асууж байсныг энд онцлох хэрэгтэй гэжээ. Харин Страто компанийн захирал А.Баттүшигээс “Страто” компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарын талаар ярина уу гэхэд,
Баттүшиг хариулахдаа, “Страто” компанийн 50 хувийг Хятадын Шандун Жи Эй Эдийн засгийн худалдааны компани, 3 хувийг Сэржмядаг, Эрдэнэбилэг 10 хувь, Баттүшиг миний бие 37 хувийг эзэмшдэг. Нүүрс худалдах, худалдан авах тендерт шалгахарад УИХ-ын дарга З.Энхболд нөлөөлсөн зүйл байна уу хэмээн асуухад, Тухайн үед манай компани нүүрс худалдан авахдаа хамгийн өндөр үнээр худалдан авч байсан. Тэгэхээр ямар нэгэн нөлөөлсөн хүн огт байхгүй. Тухайн үеийн компаниудын гэрээтэй харьцуулахад хамгийн өндөр ханшаар авч байсан гэдэг нь баримтаар харагдана гэжээ. З.Хишигтогтох, Ш.Батдэлгэр нар танай компанид хувьцаа эзэмшдэг үү гэж асуухад, А.Баттүшиг хариулахдаа, Хувьцаа эзэмшигч биш гэж хариулжээ. Харин Прокурорын яллах дүгнэлтэнд ТУЗ-ын гишүүнээр З.Хишигтогтох ажилладаг хэмээн бичсэн баримтын зөрүүтэй мэдээлэл оруулсан байна. Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байсан уу гэхэд, хөрөнгө оруулаагүй, хувьцаа эзэмшигч байгаагүй хэмээн Стратогийн захирал А.Баттүшиг хариулсан байна. Үүнээс харахад Страто компанид УИХ-ын дарга асан З.Энхболдтой хамаарал бүхий этгээд байхгүй байгаа нь хэргийн хавтаст хэргийн материалд үлдсэн байна.
Харин С.Баярмаагийн мэдүүлэгт, “Их Дэлгэмэл Ингүүн” компанийг хэзээ, хэн, ямар чиглэлээр үүсгэн байгуулж, хаана ямар чиглэлээр үйл ажиллагааг нь явуулдаг талаар ярина уу гэхэд, Баярмаа “Их Дэлгэмэл Ингүүн” компанийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулах шийдвэр гаргасан. Үүсгэн байгуулагч нь Ш.Батдэлгэр. Ганцолмон, Б.Энхболд, Д. Чинзориг, Т.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан, Ж.Даваасүрэн, С.Баярмаа 9 хүний бүрэлдүүхэнтэй ийм компанийг байгуулсан гэжээ. Мөн “Шивээ Овоо”-гийн газрын даамлаар 2010 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн тогтвор суурьшилтай ажиллаж байгаа Э.Баярмагнай хэлэхдээ, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга Батдэлгэрийн 2018 оны 07 сарын 02-ны өдрийн захирамжаар “Страто” компани 22,5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар Засаг дарга С.Ягаанцэцэгийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А128 дугаартай захирамжаар 100 га газрыг үйлдвэрийн зориулалтаар тус тус олгосон байна. Газар олгоход ямар нэг эрх үүрэгтэйгээр оролцсон бэ гэхэл Бат-Эрдэнэ хариулахдаа, Сумын Засаг дарга тухайн газар олголтыг хуулийн дагуу зохион байгуулах үүрэг болгож тогтоол батлагдсан, тогтоолын хэрэгжилтийг хангахаар Засаг даргын 2018 оны 05 сарын 24-ний өдрийн тогтоолоор дуудлага худалдаа явуулах тухай захирамж гарган. Үүний дагуу дуудлага худалдааг зохион байгуулах тухай ажлын хэсгийг мэргэжилтэн Болормаа, тэмдэглэл хөтлөгчөөр Намуунтуяа нар томилогдон дуудлага худалдааг зохион байгуулсан. Страто компанид газар олгоход нөлөөлсөн хүн байна уу гэхэд, нөлөөлсөн хүн албан тушаалтан байхгүй, хуулийн дагуу дуудлага худалдааг зохион байгуулан ажилласан гэжээ. Газраа яаж авсан юм, нүүрсээ хэдээр авсан юм гэж өргөн фронтоор З.Энхболдыг буруутгахаар дайрч байгаа учраас өмгөөлөгч ийнхүү хавтаст хэргийн материалыг ил болголоо. Мөн Өмгөөлөгч Б.Баатарсайханы хэлснээр, З.Энхболд даргатай хамаарал бүхий этгээд гээд буй Хишигтогтох Страто ХХК-ийн ТУЗ-аар ажилладаг хэмээн Прокурорын яллах дүгнэлтэд оруулж ирсэн атал бодит баримт нь Хишигтогтох ТУЗ-ын гишүүн биш гэдгийг УБЕГ-ын мэдээлэл, Хишигтогтохын нийгмийн даатгалын төлөлтийн талаар тодорхойлолтыг харахад тодорхой болно. Яагаад хаанаас Хишигтогтохыг ТУЗ-ын гишүүнээр ажилладаг гээд байгаа юм бэ , одоо ингээд хүчээр наахын тулд ийм худал мэдээлэл орж ирж байна, Шүүгчээ гэжээ.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй, З.Энхболд нь Албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэжээ.
Зам тээврийн яаманд нэвтэрсэн иргэдийг бүртгэл хийдэг комьютерт нэвтэрсэн үзлэгээр 2023.08.15-нд хийснээр бол 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэдийн баримт бичгийг хуулбарлан сканердсан хуулбар байхгүй тул хэн нэгэн хүн хэнтэй уулзахаар нэвтэрсэн талаар код нэрээр тулгалт хийх боломжгүй байсныг тэмдэглэв. Энэ зурагт хуудас бүхий материалуудыг мөн хавсаргасан байна гэжээ.
2025 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн нээлттэй шүүх хурлын мэдээллээс хүргэв.
Сэтгэгдэл