ОХУ 1-3 жилийн дотор криптовалютын нөөц бүрдүүлж чадна гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийг криптовалютын нийслэл болгож, биткойн болон криптовалютын нөөц бий болгох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Үүний дагуу олон орон биткойн худалдаж авахаар төлөвлөж буй бөгөөд ОХУ ч мөн адил чиглэлд явж магадгүй байгаа аж.
ОХУ-ын Уул уурхайн дата төвийн оператор “Bitriver”-ийн дэд захирал Олег Огиенко “Орос улсад шаардлагатай зохицуулалтын тогтолцоо бий болгосон тохиолдолд криптовалютын нөөцийг 1-3 жилийн дотор бүрдүүлж чадна” гэж "TASS" агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тэрбээр дижитал хөрөнгийг хадгалах, удирдах найдвартай дэд бүтцийг эхлээд хөгжүүлэх ёстойг онцлоод, тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч одоогийн байдлаар “хязгаарлагдмал” хэвээр байгааг тодотгосон аж.
Огиенко “Энэхүү технологийг ашиглан Оросын санхүүгийн системийг шинэчлэх боломжтой” гэж санал дэвшүүлжээ. Тэрбээр мөн сүүлийн үед АНУ-ын бодлогын улмаас үндэсний криптовалютын нөөцийн талаарх хэлэлцүүлэг эрчимжсэнийг онцолжээ. Энэ дан ганц Оросоор зогсохгүй дэлхийн хэмжээнд улам бүр “газар авч” буйг ч тэмдэглэсэн байна.
Огиенко биткойны ханшийн хөдөлгөөний талаар ярьж, “Худалдан авагчдын дараагийн зорилт 100 мянган ам.доллар болно гэж таамаглаж байсан. Хэрэв эерэг байдал үргэлжилвэл биткойны ханш хоёрдугаар улирлын эцэс гэхэд 130 мянган ам.долларт хүрч магадгүй" гэж нэмж хэлжээ.
Трамп саяхан АНУ-ын Засгийн газар биткойн (BTC), ethereum (ETH) болон XRP, solana (SOL), cardano (ADA) зэрэг бусад чухал дижитал хөрөнгийг багтаасан стратегийн криптовалютын нөөц бий болгох санаачлага гаргасан. Энэ нь АНУ-ыг дижитал санхүүгийн салбарт тэргүүлэгч орон болгож, инновацийг дэмжиж, крипто зах зээлийг тогтворжуулах боломжтой гэж дэмжигчид үзэж байгаа аж.
Гэвч шүүмжлэгчид энэ нь нөөцийн найдвартай байдлыг алдагдуулж, Засгийн газрыг санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй гэж эмээж байгаагаа илэрхийлжээ.
ОХУ криптовалютыг сонирхож байгаа нь дижитал хөрөнгийг санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн стратегийн хэрэгсэл болгохыг хүлээн зөвшөөрч буйг харуулж байна гэж шинжээчид онцлов.
Эх сурвалж: BITCOIN.COM
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл