Асар хурдтай тэлэн томорч буй хар нүхийг илрүүлжээ
Олон улсын одон орны физикчид одоогоор хамгийн тод бөгөөд асар хурдтай тэлэн томорч буй хэт масстай хар нүхийг “Тэнгэрийн зураач” (Pictor, Цах суудал) одны ордоос илрүүлсэн тухай Европын өмнөд бүсийн ажиглалтын төвийн (ESO) хэвлэлийн алба мэдээлжээ. Нарнаас 17 дахин хүнд масстай уг хар нүх нь өдөр бүр Наранд агуулагдах хэмжээний материйг сорж байдаг бөгөөд энэ нь түүнийг Орчлон ертөнцийн хамгийн тод биет болгодог гэж Австралийн Үндэсний их сургуулийн эрдэмтэн Кристиан Вольф ярилаа.
“Тэнгэрийн зураач” одны орд нь дэлхийгээс 12 тэрбум гэрлийн жилийн алсад оршдог бөгөөд уг одны ордод орших эртний галактикийн идэвхтэй цөм болох J0529 4351 квазарыг ажиглах явцдаа эрдэмтэд дээрх нээлтийг хийсэн байна.
J0529 4351 нь харагдахуйц радио долгион ялгаруулдаггүй, мөн дуран авайгаар ажиглахад маш тод гэрэлтдэг тул саяхныг хүртэл эрдэмтэд энэ биетийг квазар биш, Тэнгэрийн заадсын оддын нэг гэж үздэг байжээ. Харин AllBRICQS зураглалын судалгаагаар J0529 4351 нь алс холын эртний галактик дахь асар том хар нүх болохыг олж нээсэн байна.
Улмаар Чилийн Атакама цөл дэх Серро Паранал уулын орой дээр, далайн түвшнээс дээш 2635 метрийн өндөрт орших одон орны ажиглалтын газрын VLT дуран авайгаар хийсэн ажиглалтын явцад энэхүү квазар нь тод гэрэлтэх байдал, сорж байгаа материйн хэмжээ зэрэг хэд хэдэн үзүүлэлтээрээ бусад хар нүхнүүдээс хавьгүй илүү байгааг тодорхойлсон байна.
Ялангуяа J0529 4351 квазарын цацраг нь таталцлын линзээс хальж гардаггүй, гажуудуулдаггүй шинжээрээ бусад идэвхтэй галактикийн цөмүүдээс ялгаатай байсан нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татжээ.
J0529 4351-ийн эдгээр шинж чанар ба асар том хэмжээ нь ойрын үед анх удаа хэт том хар нүхний массыг шууд хэмжих, түүнчлэн VLT дуран авайд удахгүй суурилуулах GRAVITY+ багажийг ашиглан тэнхлэгээ тойрох эргэлтийг нь хянах боломжийг олгох ажээ. Ингэснээр асар том хар нүхнүүдийн масс болон тэдгээрээс ялгарч буй гэрлийн тод байдал нь хоорондоо ямар хамааралтай болохыг тодруулах боломжтой болно.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:53
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:19:53
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.