“18 дугаар сургуулийн хордсон сурагчдын шинжилгээний хариу эцэслэгдээгүй байна” гэв
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 20 гаруй хүүхэд хичээлийн байран дээрээ хоёр ч удаа хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтсэн. Уг явдал 2023 оны 9, 10 сард болсон юм. Харин сүүлийн өдрүүдэд “Тухайн хүүхдүүдийн шүүх шинжилгээний хариу гарч, электрон тамхины шингэнээс хордсон гэх дүгнэлт гарчээ” гэх мэдээлэл гараад буй.
Энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас бататган асуухад “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зарим сурагчид 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үл мэдэгдэх зүйлээс хордож, эмнэлгийн тусламж авсан гэх хэрэг бүртгэлтийн хэргийг Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд эцэслэн гараагүй ба олон нийтийн цахим сүлжээнд энэ хэргийн талаар албан бус мэдээлэл явж байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсний дагуу одоогийн байдлаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Сэтгэгдэл