Д.Амарбаясгалан: Хүний хөгжил төрийн бодлогын өмнө тавигдаж, хууль нь иргэний эрх, эрх чөлөөг хамгаалдаг тогтолцоо руу шилжинэ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Увс аймгийн Сагил, Давст, Түргэн суманд ажиллаж, “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлүүдийн талаар болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн баруун бүсэд хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулав.

Улс төрийн таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинээр сонгогдсон 126 гишүүнтэй парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлооно хэмээн ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу салбар бүрийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлснийг УИХ-ын дарга тодотгов. Товчхондоо, хүний хөгжлийг ямагт төрийн бодлогын өмнө тавьж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг байхын зэрэгцээ иргэний эрх, эрх чөлөөг хангасан XXI зууны үзэл баримтлалд нийцсэн байхад анхаарна гэлээ.

Түүнчлэн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль, журмуудын зохистой харьцаа алдагдаж, хуулиас давсан олон журмаас үүдэж хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт цаашлаад авлига, хүнд суртал газар авч байгааг өдөр тутам тохиолддог олон асуудлын жишээтэй холбон тайлбарласан юм.

Цаашид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан тухайн бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, худалдаа, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлнэ гэж УИХ-ын дарга мэдэгдлээ. Тухайлбал, баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг уялдуулах зэрэг ажлуудыг тодотголоо.

Алслагдсан аймаг сумдын иргэдийн хувьд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлж, орон сууцжуулах бодлогыг тэлэх зэрэг асуудлыг хөндөн санал хэлж байлаа.

Сагил сумын иргэдийн зүгээс хот суурин руу шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр залуу малчдын залгамж халаа алдагдаж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлж байв.

Харин Давст сумын иргэд, олон нийт Боршоо боомтын үйл ажиллагааг өргөжүүлбэл бизнесийн орчин, худалдааны зах зээлээ тэлэх боломжтой гэдэгт санал нэгтэй байлаа.

Түүнчлэн малын түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих саналыг уламжилсан юм. Малчдын зүгээс малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

Увс аймгийн Түргэн сумын хэмжээнд нийт 33 хоршоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс одоогоор 23 хоршооны 60 гаруй малчин “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагдаж, санхүүжилтээ авч, үйл ажиллагаагаа өргөжүүлснийг орон нутгийн удирдлагууд танилцууллаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Увс аймгийн сумдаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.