И.Маскийн хөрөнгө 400 тэрбумаас доошилжээ
“Tesla” компанийн хувьцааны ханш эрс унаснаар Америкийн тэрбумтан Илон Маскийн хөрөнгийн хэмжээ он гарснаас хойш анх удаагаа 400 тэрбум ам.доллароос доошилж буурчээ. Хувьцааны ханш өнгөрсөн оны 12 дугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрснээсээ хойш 27 хувиар буурсан байна.
Өнгөрсөн долоо хоногт тус компанийн борлуулалтын хэмжээ буурсан тухай мэдээлсний дараа ханш 11 хувиар огцом унажээ. Германд “Tesla” -гийн автомашины борлуулалт 59 хувиар буурсан нь 2021 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсон бол Хятад дахь борлуулалт өнгөрсөн оныхтой харьцуулахад 11.5 хувиар унасан байна.
Хоёрдугаар сарын 10-ны даваа гарагт “Tesla” -гийн хувьцаа дөрөв дэх өдрөө дараалан унаж, нэгж хувьцаа нь 350.73 ам.доллар болж, гурван хувиар буурсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард И.Маскийн хөрөнгийн 60 гаруй хувийг “Tesla” -гийн хувьцаа болон опционууд бүрдүүлж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөсний дараа И.Маск бизнест бус улс төрд, тэр дундаа Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг (DOGE) удирдах ажилдаа анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн гэж ажиглагчид дүгнэж байна.
И.Маск хэдийгээр Д.Трамптай ойр боловч АНУ-ын засаг захиргаа татварын бодлогоо өөрчилж, автомат жолоодлогын технологид тавих стандарт шаардлагыг зөөлрүүлэх замаар "Tesla”-г дэмжих байх гэсэн хөрөнгө оруулагчдын таамаглал биелэхгүй байна.
Хиймэл оюун (AI) болон дээд зэрэглэлийн брэндүүдтэй холбоотой компаниудынх нь хувьцааны үнэ огцом унасны улмаас И.Маскийн хөрөнгө 3.8 тэрбум ам.доллароор буурсан гэж “Forbes” сэтгүүл нэгдүгээр сарын 29-нд мэдээлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард И.Маск 400 тэрбум ам.доллароос дээш хэмжээний хөрөнгөтэй анхны хүн болж байсан юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл