Швейцар улс нууруудыг нь сумнаас цэвэрлэх шилдэг санаа гаргавал бэлэн мөнгөөр урамшуулна

Aдмин / Хууль

Швейцар улс цэнгэг уст нууруудаараа алдартай. Гэвч жуулчид Люцерн, Тун, Невшатель зэрэг үзэсгэлэнт нууруудын ёроолд юу байдгийг мэддэггүй.

Швейцарын арми олон жилийн турш хуучирсан бууны сумнуудаа эдгээр нуурын усанд хаядаг байжээ. Сумнууд нуурын ёроолд аажмаар аюулгүй устана гэж үзсэний үндсэн дээр ингэдэг байсан юм.

2021 оныг хүртэл Швейцарын арми агаараас бөмбөгдөх сургуулилалт явуулах замаар Люцерн нуурын ёроолд 3,300 тонн сум, Невшатель нуурын ёроолд 4,500 тонн сум хаясан байна.

Сумнуудын зарим нь 150-220 метрийн гүнд, Невшатель мэтийн гүехэн устай нуурт бол зургаагаас долоон метрийн гүнд байгаа гэж үздэг.

Тэгвэл Швейцарын батлан хамгаалах яам саяхан эдгээр сумнуудыг нуураас гаргах шилдэг санаа гаргасан хүнийг 50,000 франкаар ($57,678) шагнахаа амлажээ.

Байгаль орчинд аюулгүй шилдэг гурван санааг гаргагчид дээрх мөнгийг хувааж авах юм байна.

Гэхдээ нууруудыг сумнаас цэвэрлэх бодит ажиллагаанд олон тэрбум шаардагдах нь тодорхой байгаа ажээ.

зураг

Нуурын усанд сум хаяж байгааг харуулсан түүхэн гэрэл зураг

Нууруудын ёроолд сумнууд хаягдсаныг швейцарчууд олон арван жилийн турш мэддэг байсан бол сүүлийн үед тэдгээрийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлсэн юм.

Энэ асуудлаар засгийн газарт зөвлөх үүрэг хүлээсэн геологич Маркос Бюсер арван жилийн өмнө бичсэн судалгааны тайландаа ирээдүйн аюул эрсдэлийн талаар анхааруулж байжээ.

Хэдийгээр нуурын ёроолд хаягдсан ч сумнуудын зарим нь дэлбэрэх эрсдэлтэй гэж тэр үзсэн байна.

Хоёр дахь том эрсдэл нь нуурын усны бохирдол ажээ.

Газар нутаг багатай Швейцар улс ашиглахаа больсон зэр зэвсгээ устгах янз бүрийн арга хэрэглэж, тэр нь ард иргэдэд аюул учруулж байсан түүхтэй.

Тухайлбал 1947 онд 3,000 тонн сум хэрэгслийг ууланд булсан нь дэлбэрч, ойролцоох Митхольц тосгонд ихээхэн хохирол учруулж байжээ.

Дэлбэрэлтийн улмаас тосгон бүхэлдээ сүйрч, есөн хүн амиа алдаж байв. Дэлбэрэлтийн чимээ 160 км зайтай оршдог Цюрих хотод сонсогдож байсан гэдэг.

Гурван жилийн өмнө Швейцарын батлан хамгаалах яам ууланд булсан нийт 3,500 тонн орчим сум дэлбэрээгүй байгааг анх удаа нийтэд мэдээлж, тэдгээрийг аюулгүй болгох арга хэмжээ авахаа амлаж байжээ.

Дээр дурдсан Митхольц тосгоны иргэд дэлбэрсэн сумны нөөцийн үлдэгдлийг цэвэрлэх ажиллагааг дуустал арав хүртэл жил орон гэрээсээ дайжиж байсан юм.

Хүйтэн дайны үед Швейцар улс гадаадын түрэмгийллээс өөрийгөө хамгаалахын тулд гүүрнүүд, замуудаа минажуулсан байдаг гэсэн яриа бий.

2001 онд Европын өмнөд хэсгийг умард хэсэгтэй холбодог гол зам дээр оршдог Готтхардын хонгилд хоёр ачааны автомашин мөргөлдөж гал гарсны дараа томоохон дэлбэрэлт болж байжээ.

Үүний улмаас 11 хүн амиа алдаж байв.

Уг хонгилын амны ойролцоо их хэмжээний тэсрэх бодис хадгалагдаж байсан нь сүүлд тодорхой болсон юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас уулсын цас мөс хайлж, булагдсан сум хэрэгслүүд ил гарах болжээ.

Иргэдийн илрүүлсэн ийм аюултай булшны тоо сүүлийн нэг жилийн дотор 12 хувиар өссөнийг Швейцарын арми саяхан мэдээлсэн байна.

Төвийг сахисан Швейцар улсын батлан хамгаалах стратеги нь өөрийгөө хамгаалах хүчирхэг армитай байх явдал гэж үздэг.

Тиймээс хүн ам шигүү суудаг бага хэмжээтэй газар нутагтаа маш их хэмжээний зэр зэвсэг хуримтлуулсан байдаг юм.

Швейцарын батлан хамгаалах яам нууруудыг сумнаас цэвэрлэх шилдэг санааны уралдааныг ирэх оны хоёрдугаар сар хүртэл зарлажээ.

Шилдэг гурван санааг дөрөвдүгээр сард зарлах юм байна.

Эх сурвалж: BBC, ikon.mn


Сэтгэгдэл

Алтай [66.181.160.66] 2024-08-21 20:18:01

Гайхалтай хөгжилтэй орон ч гэсэн байгальд хор хөнөөлтэй амьдардаг л юм байна. Өөрсдөө үлгэр жишээ орон мэт л харагддаг үнэн төрх нь нэг иймэрхүү

Зочин [202.21.126.67] 2024-08-21 16:38:26

Анхнаасаа тэр сумнуудыг нуурын усанд хийгээгүйсэн бол өдийд юу гэж ингэж байх билээ дээ.

Зочин [1.25.84.175] 2024-08-20 22:49:18

шинжлэх ухааны академи гэж юу ч хийдэггүй мөртлөө ямар олон эрдэмтэн длкторууд бдаг гээч энэ түүхч судлаач эрдэмтэн профессорууд нь хүн амын бараг тал хувь нь бдаг бхааа тэгсэн мөртлөө улс орон нь хөгждөггүй ямар ч инноваци ямар ч шинэ санаа санаачлага бхгүй урлах түүх л судлаад!бна сонин

Хөгжилтэй баян улс сайхан юмаа. [66.181.160.55] 2024-08-19 15:07:58

Сайхан юмаа. Энэ улсад өөр хийх юм байхгүй болжээ. Одоо тэгээд дээхэн үед тарьсан хогоо арилгах төслийн уралдаан зарлаад л, тэгээд ойрын 10 жил түүнийгээ арилгах арга хэмжээ аваад л. Монгол хэзээ ийм болох бол оо? 1990-д оны үед Монголын ШУАкадемийн цөмийн хог хаягдал Амгалан хавьцаа булж нууцалсан гэж байсан. Түүнийг арилгах талаар манайд тусгай ажил зохиосон уу?

Зочин [202.9.47.44] 2024-08-22 23:44:33

Соц задрахын өмнөхөн цацраг идэвхтэй бортогнууд хулгайд алдаад 13-р хороолол нарны зам орчимоос олоод тойруулаад төмөр хашаа татаж буутай цэргээр мануулж байсан гэдэг байхаа. Лав тэр хавиас хөрсийг нь зөөж хоргүйжүүлэлт ийм тийм болж амжилгүй байж байгаад нийгэм солигдож тоогдохоо болисон байх. Одоо ямар хороолол нь цацрагийн өндөр тунгаар шаруулж хордоцгоож байдаг юм бол доо


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.