2025 ОЛОН УЛСЫН ХОРШООЛЛЫН ЖИЛ
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар НҮБ-ын Хоршооллын хөгжлийг дэмжих хороо /COPAC/ хамтран Хоршооллын олон улсын өдрөөр “Олон улсын хоршооллын жил-2025”-ийг нээлээ.
Монгол Улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолын гол санаачлагчийн хувьд 2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэсэн амжилт, туршлага дээрээ үндэслэн 2025 оныг Олон улсын хоршооллын жилээр дахин зарлуулах тухай тогтоолыг санаачлан өнгөрсөн 6 дугаар сарын 19-ний өдрийн Бүгд хуралдаанаар батлуулсан юм.
Нээлтийн үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, хүн төвтэй, ардчилсан, тэгш зарчмаар ажилладаг бизнесийн нэгж болох хоршоолол нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж байгааг дурдаад, “Өдгөө төрөл бүрийн хэлбэрийн 3 сая орчим хоршоололд дэлхийн нийт ажил эрхлэгчдийн 12 хувь нь хамрагдаж байгаа. Өнгөрсөн оны мэдээллээр дэлхийн 300 орчим томоохон хоршоолол 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажилласан”-ыг онцлов.
“Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдвийн дор тэмдэглэх 2025 оны Олон улсын хоршооллын жилийн хүрээнд дэлхий нийтийн хоршооллын хөдөлгөөний хөгжлийг дэмжих, хоршооллын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд оруулах хувь нэмрийг нэмэх зорилго дэвшүүлж байгааг дурдаж, гишүүн улсууд, холбогдох талуудыг хамтран ажиллахыг уриалжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас жижиг бизнес, хоршооллыг дэмжих олон бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж буйн дотор 2024 онд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр зарлаж, амжилттай хэрэгжүүлж эхэлснийг танилцуулсныг ГХЯ мэдээллээ.
“Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдэвт 2025 оны Олон улсын хоршооллын жилийн НҮБ дээрх нээлтэд оролцогчид Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэх боломж, 2025 оны турш олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд зохион байгуулах үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар ярилцаж, санал солилцжээ. Энэ үеэр хэлэлцсэн санал, санаачилгыг 2025 оны Олон улсын хоршооллын жилийн албан ёсны нээлтийг зарлах 2024 оны 11 дүгээр сарын 25-30-нд БНЭУ-ын Дели хотноо болох “Олон улсын хоршооллын холбооны глобал бага хурал” хүртэл хэлэлцэж нэгтгэх аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл