ЭМЯ: Монгол Улс Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын халдварын тархалтыг бага түвшинд барьж чадсан

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээн авч уулзан тус сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслийн үйл явц, 2024-2026 онд Монгол Улсад хэрэгжих төсөл, санхүүжилтийн арга, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Глобаль сангийн Шилжилт болон тогтвортой байдал хариуцсан мэргэжилтэн Гонзала Пенакоба, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл нар оролцсон.

С.Чинзориг сайд уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийг цаг ямагт дэмжиж, нягт хамтран ажилладаг эрүүл мэндийн салбарын томоохон түнш ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль санд талархал илэрхийлэв.

Дэлхийн 100 гаруй улс орон Глобаль сангаас санхүүгийн дэмжлэг авч ДОХ болон сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэж буй бөгөөд манай улс 2003 оноос хойш найман удаагийн төслийг улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүлж буй юм.

Эрүүл мэндийн сайд өнгөрсөн хорин жилийн хугацаанд тус сангийн санхүүгийн дэмжлэгээр найман удаагийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсад ДОХ-ын халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барьж, эхээс хүүхдэд халдвар дамжихаас бүрэн сэргийлж, сүрьеэгийн эмчилгээ, оношилгоог улам боловсронгуй болгож, сүрьеэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүртээмжийг нэмэгдүүлсэн зэрэг бодитой үр дүн гарсныг онцлоод “Глобаль сангийн санхүүжилт нь монгол хүний эрүүл амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгож, эрүүл мэндийн дэд бүтцийг өргөжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмээр хангах, олон нийтэд түшиглэсэн урьдчилан сэргийлэх, эмчлэх санаачлагыг дэмжсэнээр манай улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна” хэмээсэн.

Уулзалтын үеэр 2024-2026 онд хэрэгжих ДОХ-ын төслийн хүрээнд эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаа, интервенцийг үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмын дагуу хэрэгжүүлэхээр болсон талаар талууд байр сууриа илэрхийлсэн.

Санхүүжилтийн энэхүү аргыг анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа тул эхний ээлжинд зургаан сарын хугацаатайгаар санхүүжилтийг олгож, улмаар гарсан үр дүн, сургамжид тулгуурлан дараагийн үйл ажиллагааг төлөвлөж, санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж үзэж буйгаа С.Чинзориг сайд хэлсэн.

Аллан Нфамба Глобаль сангийн нэрийн өмнөөс 20 жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд сүүлийн хоёр гурван жилд дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбартаа хийж буй хөрөнгө оруулалт буурч байхад Монголд энэ үзүүлэлт тогтвортой өсч байгааг онцолсон. Глобаль сан өнгөрсөн 20 жилийн хугацаанд ДОХ, сүрьеэтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн 83 сая ам.долларын дэмжлэгийг үзүүлсэн. Энэ дэмжлэг ДОХ болон сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг бууруулахад нөлөө үзүүлсэн нь Монголын иргэн бүрт хамаарах ач холбогдолтой учраас цаашид төслийг үргэлжлүүлэх нь зөв гэж үзсэн бөгөөд 2024-2026 онд 15 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон зэрэг мэдээллийг өгч манай талаас тавьсан саналуудад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.