Т.Сүхболд: Хүн худалдаалах, үндэстэн дамнасан хэргүүд ч цахим хэлбэрт шилжиж байна
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2025 оны удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өчигдөр эхэлсэн. Тус зөвлөгөөнийг нээж, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Т.Сүхболд үг хэлэв.
Тэрбээр “Цагдаагийн байгууллага түүхэн цаг хугацаандаа хөгжсөөр өнөөдөр та бид технологийн эрин үед иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онцгой нөхцөлд ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагын реформыг 2024 оноос эхлүүлэн хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, 2024 онд цагдаа, дотоодын цэргийн стартеги бодлого, хүний нөөц, шинэ инновацыг үйл ажиллагаадаа нэвтрүүлэхээр зорьсон. Үүний үр дүн ч гарлаа. Бид алба хаагчдынхаа ажиллах орчин, нийгмийн баталгааг хангахын төлөө хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
Үр дүнд нь 128 айлын орон сууцны төслийг эхлүүлж, 177 алба хаагчид 50 хувийн хөнгөлөлттэй орон сууцанд хамрагдах, 110 алба хаагчийг ипотекийн зээлд хамруулах, 55 алба хаагчид мөнгөн тусламж олгох ажлууд хийгджээ.
Мөн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалд нээлттэй, ил тод, сонгон шалгаруулалтаар очдог тогтолцоог бий болгохын тулд 2023 оны 09 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, удирдах албан тушаалтнаа томилж байна.
Технологийн хурдтай хөгжилтэй мөр зэрэгцэн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулахад шинэ инноваци, технологиудыг тасралтгүй нэвтрүүлэх шаардлагатай байна. Сорилтоо дагаад шинэ боломжууд мөн нэмэгдэж байна.
Өнөөдөр манай улсад гурван хэрэг тутмын нэг нь цахим орчинд үйлдэгдэж байна. Ил гэмт хэргүүд, хүн худалдаалах, үндэстэн дамнасан хэргүүд ч мөн цахим хэлбэрт шилжиж байгаа нь бидэнд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Иймд бид тусгайлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох тал дээр олон улсын хууль сайхиулах байгууллагуудтай нягт, уялдаатай ажиллана.
Цагдаа нь иргэнээ хамгаалдаг, иргэн цагдаагийн ажилд хүндэтгэлтэй ханддаг байхын төлөө бид хуульч, мэргэжлийн, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг зорьдог. 2025 онд ихээхэн олон шинэчлэлийн, эхлүүлсэн ажлын үр дүнгүүд гарна гэдэгт итгэлтэй байна.
Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын хөгжил, удирдах ажилтнуудын манлайллыг дэмжих, гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хөгжлийн нэг шат ахиулахын төлөө ажиллана” гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2025-01-24 13:04:09
126-г томилолтоор явж байхад нь хулгайлуулах юмсан.
Зочин [66.181.176.95] 2025-01-24 11:05:19
Цахим гэмт хэргийг илрүүлэх чадвар, үр дүнгээ яривал сайн байна. Цагдаагийн нийгмийн асуудал, гэмт хэргийн хөгжил, нөхцөл, ...сайжруулах зэрэг лоозон мэт ерөнхий яриа яахав. Цахим залилан хэргийг мөрдөхгүй "Түдгэлзүүлж" орхихоос өөр арга зам алга уу. Үүнийгээ л ил тод ярьж шийдмээр байна. Урьдчилан сэргийлж ярих л юм. Хэрэг нэмэгдсээр л ...