Нийтийн тээврээр төлбөртэй зорчих иргэдийн тоо буурчээ
Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт”-аас жил бүр гаргадаг статистик мэдээллээ шинэчилжээ.
2024 онд иргэд нийтийн тээврээр 142.7 сая удаа зорчсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 2.3 саяар өссөн үзүүлэлт аж. Зорчилтын тоо өссөн ч төлбөр төлөх нь 3.9 хувиар буурсан байна. Тодруулбал, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчигчийн тоо 11.6 хувиар өсжээ. Тэгвэл нийт зорчигчийн 45.5 хувийг төлбөртэй зорчигч буюу насанд хүрэгсэд, 14.2 хувийг хүүхэд, 27.2 хувийг ахмад настан, 7.4 хувийг оюутан, 5.6 хувийг тусгай хэрэгцээт иргэд, 0.1 хувийг цусны донорын хөнгөлөлттэй зорчигч эзэлсэн байна.
Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд М:1 (5шар-Офицеруудын ордон), М:4 (Шархадны эцэс-Цамбагарав), Ч:40 (Алтан тариа-Улаан хуарангийн эцэс) чиглэлийн автобусаар хамгийн их зорчжээ. М:1 чиглэлд зорчигчийн тоо өмнөх оноос 2.38 дахин өссөн бөгөөд үүнд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн тоо өссөн болон троллейбусны чиглэлүүдийг нэгтгэсэн нь нөлөөлсөн байна. Тэгвэл 2024 оны эцсийн байдлаар нийт 660 чиглэл бүртгэгдсэн бөгөөд хамгийн урт нь Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) юм. Тус чиглэлийн нэг рейсийн уртын хэмжээ нь 142.4 км. Тухайн чиглэлд том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчдог байна. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 6.1 км бөгөөд энэ нь Ч:78 (Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай) аж.
Иргэдийн нийтийн тээврээр хамгийн их зорчдог цаг нь өглөөний 07:00-08:00, оройн 16:00-17:00 цаг байсан нь нийтийн тээврийн системд цугларч буй нийт зорчилтын 30 хувийг эзэлсэн аж.
Сэтгэгдэл
Би [103.57.92.109] 2025-01-23 16:43:14
Бэлэн мөнгө өгч байгаа хүмүүс ч зөндөө байна, мөнгөө өгөхгүй шууд явж байгаа хүмүүс ч зөндөө байна. Оюутан, 10 жилийн хүүхдүүд бол бүр өгөхөө ч больсон харагдана.