"Цахилгаан автомашиныг илүү хямдаар тооцох аргачлалыг шууд нэвтрүүлнэ"
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд төр, засгаас ногоон санхүүжилт, ногоон худалдан авалтыг дэмжих бодлого барьж буй. Энэ хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны хуулийг шинэчлэх ажил явагдаж байгаа юм.
Монгол Улсын Шадар сайдын Төрийн худалдан авах ажиллагаа хариуцсан зөвлөх Д.Энхбаяр хэлэхдээ "Төрийн худалдан авах ажиллагаанд ногоон худалдан авалтыг дэмжихэд тодорхой хөшүүрэг бий болгох тал дээр хуулийн ажлын хэсэг ажиллаж байна.
Тодруулбал, тендерт оролцогч байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нийлүүлбэл, ногоон технологийн шийдэл санаа дэвшүүлвэл, дахин боловсруулсан эко бараа, материал ашиглавал тодорхой байдлаар давуу эрх олгох, төрийн байгууллагууд ногоон худалдан авалт хийсэн тохиолдолд мөн урамшуулж, дэмжих зэргээр хуулийн төслийг боловсруулж байна.
Жишээ нь, төрийн байгууллага албан хэрэгцээндээ цахилгаан автомашин худалдан авлаа гэхэд төрийн албаны автомашины явах норм буюу лимитийг сунгах зэргээр дэмжинэ.
Мөн өдөр тутам хэрэглэдэг бичгийн цаасыг эко буюу дахин боловсруулсан байдлаар хэрэглэвэл тодорхой хэмжээгээр урамшуулж дэмжинэ. Ийм тогтолцоог цаашид зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж байж байгаль орчинд ээлтэй, Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтыг хангахуйц үйл ажиллагааг ногоон худалдан авалтаар нэвтрүүлж чадна хэмээн бодож байна" гэв.
Мөн тэрбээр "Өнөөдөр үйлчилж буй хуульд хог хаягдлыг дахин боловсруулсан түүхий эдээр хийсэн бараа, бүтээгдэхүүн, энэ төрлийн ажил, үйлчилгээг нийлүүлэх бол 5-10 хувийн хөнгөлөлт үйлчилж байна.
Компани, ААН-үүд тендерт оролцохдоо байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болголоо гэхэд өрсөлдөж буй үнэд хөнгөлөлт үзүүлж, бусад оролцогч, өрсөлдөгчөөс давуу эрх олгох зарчмыг нэвтрүүлнэ. Жишээ нь, түрүү дурдсан санал болгож буй эко болон бензин хөдөлгүүрт автомашин үнийн хувьд ижил байлаа гэхэд цахилгаан машиныг илүү хямдаар тооцох аргачлалыг шууд нэвтрүүлнэ гэв.
Сэтгэгдэл