ЦИХХЯ, Оксфордын их сургууль хамтран Монголын кибер аюулгүй байдлын судалгааг хийж байна
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) Оксфордын их сургуультай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох судалгааг гүйцэтгэж буй бөгөөд үр дүн нь энэ оны сүүлээр гарах юм байна.
Үүнээс өмнө буюу 2021 MNS ISO/IEC 27001 стандартын дагуу орон нутгийн 605 төрийн байгууллагад үнэлгээ хийхэд 35 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлоготой, бусад нь хангалтгүй дүн авчээ. Харин 53 хувь нь эд хөрөнгийн удирдлагыг шийдсэн бол 47 хувь нь сайжруулах шаардлагатайг тодорхойлсон байна.
Хүний нөөцийг зохистой шийдэж байгаа ч энэ чиглэлд ахиц гаргах хэрэгтэй гэж 43 хувь нь үзсэн бол 23 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалт хангалтгүй байгааг илэрхийлжээ.
Түүнчлэн төрийн 67 байгууллагын дунд кибер аюулгүй байдлын судалгаа хийхэд, 32.35 хувь нь мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан тусгай нэгжтэй, 29.41 хувь нь ямар нэг байдлаар кибер халдлагад өртөж байжээ. Мөн 50.33 хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандартыг дагаж мөрддөггүй, 30 хувь нь эрсдэлийн үнэлгээ огт хийлгэдэггүй байв.
ЦХИХХЯ мэдээлснээр, хамгийн анхаарал татах статистик нь дээрх байгууллагын 70.59 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын халдлагад өртөх эрсдэлээ мэдэхгүй, 56.67 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлого, баримт бичгийг боловсруулаагүй байжээ.
Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын талаарх хандлага, бэлэн байдлыг тодорхойлох тус судалгаанд УИХ-ын 5 байгууллага, Засгийн газрын 28 агентлаг, Засгийн газрын 14 төв орон нутгийн 14, бусад 5 байгууллагыг хамруулсан байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [103.10.22.162] 2024-11-21 00:02:56
монголчууд өөрсдөө хийчих судалгааг гадаадынхантай гэдэг чинь тэндээс санхүүжүүлж бна гэсэн үгүү? Эстонитай адилхан Орос, Хятадын дундах АНУ-ын онлайн тагнуулын төв болгох бэлтгэл ажил уу?
Тийм ээ. [103.57.95.70] 2024-11-21 21:51:18
Яг тийм.