Зургаадугаар сард гэнэтийн, ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байна
Ирэх сарын цаг агаарын төлөв гарчээ.
Зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөв гарлаа.
Иймд гэнэтийн, ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрд нь авч ашиглахыг Цаг уурын байгууллагаас зөвлөж байна.
Тайлбар: Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэж ойлгоно.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С–аар дулаан байх төлөвтэй.
Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим.
Хур тунадас Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1–3°С–аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1–3°С–аар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар. Хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим.
Хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Зургаадугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онд хамгийн дулаан буюу олон жилийн дунджаас 2–3°С–аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34-39 градус хүрч халж байжээ.
Олон жилийн дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 60–70 мм, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог байна.
Сэтгэгдэл
Б. Тогтохбаяр [122.201.31.133] 2024-05-28 23:37:03
Говийн аймгуудын нутгаар тэр их бороог чинь зундаа ядаж 3 удаа болье гэтэл нь оруулмаар бна даа
Зочин [66.181.186.103] 2024-05-28 16:58:38
Гарчгийг нь харвал "АЙМААР" Уншаад үзэхээр харамсмаар
1 [202.126.89.166] 2024-05-28 11:29:12
" давтамж" гээч. Юун давтагдал
Зочин [183.188.48.174] 2024-05-27 17:23:22
zugaalj guihiin hereggui yum bna shuu.