Г.Цэцэгмаа: сүүлийн 10-аад жил үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого огт гаргасангүй

Aдмин / Нүүр

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Г.Цэцэгмаатай ярилцлаа.


-Танай холбоонд хэчнээн үйлдвэр бүртгэлтэй байна. Тэдгээр нь ямар, ямар барилгын материал үйлдвэрлэж байна вэ?

-Манай холбоо Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан барилгын материал үйлдвэрлэлийг эрхлэх тусгай зөвшөөрлийн нэгдсэн дүгнэлт гаргах ажлыг хийдэг. Энэхүү дүгнэлтийг 2012 оноос хойш хийж гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд 200 гаруй үйлдвэр гишүүнчлэлтэй. Манай улсад нийтдээ 400 гаруй компани тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч болохоор манай улс барилгын материалын 45 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд цементийн үйлдвэр олноор ашиглалтад орсон. Манай дотоодын цементийн чанар маш сайн. Үйлдвэр олноор бий болсноор гаднаас импортлохоо больсон.

Гэвч Засгийн газрааси импортын цементийн татварыг бууруулсан. Энэ шийдвэр цементийн үйлдвэрүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ. Өнгөрсөн хугацаанд урд хөршөөс орж ирэх цементийн хэмжээ нэмэгдсэн үү?

-Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр импортын цементийн татварыг 15 хувиар бууруулж, таван хувь болгох шийдвэрийг гаргасан. Энэ бол маш харамсалтай мэдээ. Яагаад гэхээр бид дотооддоо 4.8 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ хэмжээний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх үйлдвэрүүд нь өнөөдөр ч ажиллаж байна. Манай улсын дотоодын хэрэглээ бага учраас үйлдвэрүүд хамгийн дээд тал нь хүчин чадлынхаа 75 хувь хүртэл л ашиглаж байгаа. Гэтэл ийм шийдвэр гаргасан нь үнэхээр таатай мэдээ биш. Хоёрдугаарт, импортын цементийн татварыг бууруулснаар дотоодын үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг доголдуулах, дампууруулах ч эрсдэлтэй. Тийм болохоор бид Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлсэн. Өмнө нь манай улсад урд хөршөөс чанаргүй цемент олноор орж ирж байсан гашуун түүх бий шүү дээ. Одоо ч энэ байдал давтагдахгүй гэх аргагүй. Учир нь манайх дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлснээр Хятад улсын манайхтай ойр байдаг цементийн үйлдвэрүүд ажиллахаа больчихсон. Тэгэхээр одоо удчихсан, хог хаягдлаа нийлүүлчихсэн цемент орж ирэх магадлалтай гэж бодож байгаа.

-Уг нь манай үйлдвэрүүд дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж байгаа биз дээ?

-Тийм, манай улс хамгийн дээд хэмжээндээ хүрч хэрэглэлээ гэхэд л 2.5 сая тонн цементийг жилдээ хэрэглэнэ. Гэтэл манайд жилдээ 4.8 сая тонныг үйлдвэрлэх чадалтай газрууд нь бэлэн байна. Тэгэхээр бид гаднаас авах биш харин ч гадагшаа гаргах бүрэн боломжтой байхгүй юу. Дээрээс нь Засгийн газраас энэ шийдвэрийг гаргахдаа дотоодын үйлдвэрлэгч нартайгаа огт уулзаагүй. Ямар нэгэн судалгаа хийгээгүй. Энэ асуудал үүссэний дараа бид үйлдвэрүүдтэй холбогдож нөөцийг нь асуухад 750 мянган тонн цемент бэлэн байсан. Гэтэл нөөцөө бүрдүүлээгүй гээд ЗГХЭГ-ын дарга нь яриад зогсож байсан.

-Дотоодынхоо хэрэглээг 100 хувь хангаж байгаа өөр ямар барилгын материал байна вэ?

-Цонхны үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Харамсалтай нь хүмүүс импортоор оруулж ирсээр л байна. Мөн бетон зуурмагийн хэрэглээг бүрэн хангадаг. Харин арматурыг хэрэглээнийхээ 70 хувийг импортолж байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүд сүүлийн 2-3 жил хангалттай ажиллаж чадаагүйтэй ч холбоотой. Одооноос бүрэн хүчин чадлаараа ажиллах байх гэсэн хүлээлттэй байна.

-Хангалттай ажиллаж чадаагүй гэдэг нь цар тахалтай холбоотой юу. Эсвэл өөр шалтгаан нөхцөл байна уу?

-Цар тахал бол шууд нөлөөлсөн. Хоёрдугаарт, Монгол Улсад барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг, бодлого огт байхгүйтэй шууд холбоотой. Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Барилга, хот байгуулалтын яам хоёр Үнэ тогтворжуулах гэрээ байгуулж байлаа. Үүний хүчинд дотоодын маш олон үйлдвэр байгуулагдаж, тэр хэрээрээ олон барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Харамсалтай нь түүнээс хойш барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл, эдийн засгийн томоохон хөшүүргийг огт хийсэнгүй.

-Цонхыг дотооддоо бүрэн хангах боломжтой ч гаднаас оруулж ирээд байдаг гэсэн. Тэгэхээр төр засгаас дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?

-Үйлдвэрлэж байж улс орон хөгждөг. Тиймээс бид дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Тиймээс цементээ импортлохоо больё. Дараа нь арматураа өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй гээд зорилт тавиад явж байхад үйлдвэрлэгчдийнхээ итгэл, зүтгэлийг мохоосон шийдвэрүүдийг л гаргасаар ирлээ. Ялангуяа, сүүлийн 10-аад жил үйлдвэрлэгчдээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр, бодлого огт гаргасангүй. Манай холбоо жил бүрийн гуравдугаар сард үзэсгэлэн гаргадаг. Өмнө нь дотоодын үйлдвэрлэгчид олноор ордог байсан бол энэ жил бараг 70-аад хувийг нь импортын бараанууд эзэлсэн. Эндээс харахад л дотоодын үйлдвэрлэгчид хаалгаа барьж, улам л гаднаас хараат болоод байгаа нь анзаарагдана.

-Барилгын материалын үнэ ханш ер нь ямар байна вэ?

-Дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд харьцангуй тогтвортой байгаа. Харин эсрэгээрээ импортын бүтээгдэхүүнүүдийн үнэ маш их өссөн байна. Энэ нь валютын ханштай холбоотой байх.

-Манай үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний чанар ер нь хэр байдаг вэ?

-Барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийн чанар маш сайн. Ер нь манайхан чанар дээр илүү анхаарал хандуулдаг. Үүнийгээ дагаад жаахан үнэтэй байх гээд байдаг талтай. Харамсалтай нь хэрэглэгчид маань хямд, чанаргүйг нь сонгож, гаднаас оруулж ирээд байдаг юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Энээ [66.181.190.58] 2024-05-23 19:56:33

Ёр нь бол дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэхдээ Дарханы зам тавихад цемент олдохгүй байсан шүү гэхдээ төр засаг бол үдэсний үйлдвэрээ дэмжиж байна гэж ойлгож бна

Зочин [103.57.93.42] 2024-05-23 21:05:15

Дарханы зам ТЭЗҮ-гүй баригдсан ямарч ашиггүй зам юм. Дархан хүртэл төмөр зам байсаар байхад авто замын томсгох ямарч шаардлага байхгүй болох нь эдийн засгийн хувьд алдагдалтай байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.