Б.Мижиддорж: “Наран сэвстэй”-г нээснээр мазаалай, хавтгай тэмээ мөхөж болзошгүй

Д.Тулга / Орон нутаг

Иргэн Н.Анхзаяа нийтийн өргөдлийн цахим системд “Наран сэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар санал гаргасан. Энэхүү саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан билээ.

Тус ажлын хэсэг өчигдөр /2025.01.20/ хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Батбаатар Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал, өргөдөл гаргагч иргэн Н.Анхзаяа, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Галтайхүү, гүйцэтгэх захирал Ч.Дулмаа, доктор, судлаач Б.Мижиддорж, хуульч Г.Дамдэмбэрэл болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон байна.

Доктор, судлаач Б.Мижиддорж энэхүү хурал дээр Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааныхаа талаар танилцуулжээ.

Тэрбээр “Нарансэвстэй хилийн боомтыг нээснээр говийн дөрвөн дархан цаазат газрын хамгийн томд тооцогдох Их говийн “А” дархан цаазат газрын бүрэн бүтэн байдалд ноцтойгоор нөлөөлж, зөвхөн энэ газар нутагт оршдог нэн ховор зүйл болох мазаалай болон хавтгай тэмээний тоо толгой буурах, мөхөх эрсдэлд оруулж болзошгүйгээс гадна олон арван жилийн туршид хийгдсэн хамгааллын ажлуудыг үгүй хийх аюултай.

Наран сэвстэй боомтыг нээснээр Говийн их дархан цаазат газрын биологийн олон янз байдалд учрах үр дагаварыг тооцох аргагүй” гээд, энэ боомтыг нээн ажиллуулсан 1992, 1993 оны туршлага, гарах сөрөг үр дагаврын талаар мэдээлэл хийсэн байна.

Наран сэвстэй боомтын асуудлаар нийтийн өргөдлийн цахим системд өргөдөл гаргасан иргэн Н.Анхзаяа “Монгол Улс Дэлхийн өвд бүртгүүлэхээр зэхэж буй өвөрмөц эко системтэй газар нутгаа хамгаалахын тулд залуу үеэ төлөөлөн өргөдөл гаргасан” гээд, өөрөө биологич мэргэжил эзэмшсэн, Говийн их дархан цаазат газарт хийсэн судалгаанд оролцож байсны хувьд ийм шийдэлд хүрсэнээ хэлжээ.

Хуульч Г.Дашдэмбэрэл Наран сэвстэй боомтыг нээснээр Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчихөд хүрч буй талаар мэдээлэл танилцуулсан байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд тус боомттой холбоотой бусад баримт бичгийг судлан үзэж, шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн үзжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

МУ-Иргэн [66.181.188.234] 2025-01-21 09:28:53

Энэ боомтыг нээж болохгүй гээд эрдэмтэн судлаач, ард түмэн нь эсэргүүцээд байхад Гадны гар хөл болсон төрд шургалсан урвагч нарт яаж хэлбэл ойлгох юм бэ! Урвагч хулгайч луйварчид үүрлэсэн төртэй улс яасан хэцүү юм бэ? Босож тэмцэж устгаж байж газар нутгаа аврах зам үлдээ дээ!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.