Р.Даваадорж: Эдийн засгийн өсөлттэй үед 15 их наядын өр үйлдвэрлэсэн ПАРЛАМЕНТ Монголын түүхэнд байхгүй

Aдмин / Эдийн засаг

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Эдийн засгийн зөвлөх, Эдийн засагч Р.Даваадоржтой Монгол Улсын 2024 оны төсвийн талаар ярилцлаа.

-2024 оны Улсын төсөв батлагдахад цөөн өдөр үлдсэн байна. Төсвийн төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-2024 оны Улсын төсвийг хуулийн дагуу 10 сарын 1-нээс өмнө өргөн баригдсанаас хойш сар хагасын хугацаанд хэлэлцдэг. Тодруулбал, УИХ-аар дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийгээд баталдаг. Энэ жилийн хувьд 2024 төсөв одоо байгаа парламентын хамгийн сүүлийн баталж байгаа төсөв юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсөв ямар хэмжээнд батлагдаж, ямар үр дүн гарсан бэ гэдгийг харах чухал төсөв болж байна.

-Олон нийтийн зүгээс 2024 оны төсвийн дүнг хэт өндөр данхайсан төсөв боллоо гэж шүүмжлэлтэй хандаж байна.

-Энэ жилийн төсөв 27 их наяд буюу Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр төсөв болсон. Өнгөрсөн жилийн төсвийг өргөн барьж байхад Монгол Улсын түүхэнд анх удаа 20 их наядын босго давсан төсөв өргөн барилаа хэмээн шуугьж байсан. Харамсалтай нь ганцхан жилийн дотор энэ тоо 7 их наядаар нэмэгдэж, 27 их наядын төсөв өргөн барилаа.

Иймд иргэдийн зүгээс сонгуулийн төсөв боллоо, хэтэрхий данхайсан төсөв болсон байна хэмээн дүгнэж байгаа нь төсвийн зарлага хэт өссөнтэй холбоотой юм. Миний хувьд бодлогогүй, тооцоо судалгаагүй, зөвхөн УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өргөхөд зориулагдсан, татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан, хагас жилээс эхлэн валютын ханшийг хөөрөгдөх, инфляц нэмэх, улсын хөгжилд саад тотгор болохуйц төсөв болсон гэж дүгнэж байна.

- Та ирэх оны төсвийн орлого, зарлагыг хэр бодитой тооцож оруулж ирсэн гэж харж байна вэ?

-Аливаа төсөвт анхаарлаа хандуулах дөрвөн гол үзүүлэлт бий. Төсвийн орлого, зарлага, төсвийн алдагдал, алдагдалтай холбоотой гадаад өр. Төсвийн зарлагыг урсгал болон хөрөнгийн зардал гэж ангилдаг.

Хөрөнгийн зардлыг авч үзэх юм бол одоогийн парламент 2021 оны төсвийг батлахдаа 3.5 их наядаар баталж байсан бол одоо энэ тоо хоёр дахин нэмэгдэж 6.2 их наяд болсон байна. Харин урсгал зардал нь 2021 онд 11 их наяд байсан бол 21.3 их наяд буюу 10.3 их наядаар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн хугацаанд асар их хэмжээний зарлага нэмэгдсэн төсвүүдийг баталж иржээ.

Төсөв гэдэг бол эрх баригчдын зарцуулж байгаа мөнгө. Энэ мөнгө 2-оос 3 дахин нэмэгдсэн байхад эргээд ард түмний амьдрал дээрдэж сайжирч чадсан уу?. Бодит байдал дээр иргэдийн амьдрал туйлын хүнд, хэцүү байна.

Төсөв дээр ингэж их хэмжээний мөнгө нэмэгдэнэ гэдэг нь ард иргэд, ААН-ээс авдаг татварын хэмжээ улам бүр өсөж, дааж давшгүй ачаа нуруун дээр нь ирнэ гэсэн үг.

Хөрөнгийн зардалд орж байгаа 6.2 их наяд төгрөг тэр чигтээ бүтээн байгуулалтад орж гадагшаа валют болж урсана. Урсгал зардал мөн ялгаагүй дийлэнх нь гадагшаа валют болж урсана. Тэгэхээр валютын ханш өсөх том эрсдэл үүсэж байна. Цаашлаад валютыг дагаад инфляц нэмэгдэж, ард иргэдийн халааснаас олж байгаа жоохон орлогыг нь нүдэнд харагдалгүй ховх сорох муухай үр дүнтэй, муу төсөв болж байгаа гэдгийг шүүмжлэхгүй өнгөрч болохгүй. Иймд урьд өмнө байгаагүй ихээр төсвөө тэлж баталдаг Парламент болж хувирлаа гэж дүгнэж байна.

-Эрх баригчдын зүгээс тэлсэн төсөвтэй холбоотой албан ёсны тайлбар мэдээлэл өгсөн үү?

-Их сайхан төсөв боллоо гэж алга ташиж байх шиг байна. Төсөв дээр эрх баригчид ярихаас гадна захын хүн дүгнэлт хийх боломж байдаг. Улсын төсөв гэдэг бүтэн жилийн хугацаатай төсвийн орлого, зарлагатай холбоотой бичиг баримт байдаг. Гэхдээ цаад утгаараа өрх гэрийн төсөвтэй яг ижилхэн. Өрхийн төсөв дээр бид олж байгаа орлогоо сараар дүгнээд, орлоготоо тааруулж зарлага гаргадаг. Монгол Улсын 3.5 сая иргэний нэг сая орчим өрх төсөвөө ийнхүү орлогодоо тааруулж захиран зарцуулдаг. Тухайн өрх дараа сард манай гэр бүлд хэдэн төгрөгийн орлого орж ирэх вэ? Нөхөр хэдэн төгрөгийн цалин, эхнэр хэдэн төгрөгийн цалин авах вэ? Тийм хэмжээний орлого олж үүндээ дүйцүүлж зарлага гаргах юм байна гэж тооцоолдог.

Үүнийг төсвийн алтан дүрэм гэдэг. Орлоготоо тохируулж зарлагаа гаргана. Хэрвээ зарлагаа өндөр гаргах юм бол өрөнд орно. Өрөнд орсон айл асар их хэмжээний дарамтад орно гэсэн үг. Иймд өрөнд орохгүйн тулд тухайн өрх орлого, зарлагаа сайтар тооцоод явдаг. Гэтэл Улсын төсөв ч яг ижилхэн. Гэвч энд хариуцлагын асуудал байдаггүй.

Өндөр зарлага их хэмжээний алдагдалд оруулна. Гэтэл энэ нөхдөөс та Улс орныг өрөнд оруулчихлаа гэж хариуцлага нэхэх хүн байхгүй. Иймд одоо байгаа парламент орлогоо бус зарлагаа эхлээд боддог жишиг тогтчихлоо.

Дараагийн жил сонгууль болох гэж байгаа болохоор бүгд нэг, нэг тууз хайчлахын тулд маш олон бүтэх, бүтэхгүй хөрөнгө оруулалтыг 330 сумдаар тараачаад, хэдэн хүний санал авч, өөрсдийгөө их хуралд гаргаж ирэх зүйл бодож байгаа болохоос Улс орны хөгжил, ирээдүй рүү чиглүүлсэн төсөв сүүлийн дөрвөн жил гарсангүй.

Зөвхөн УИХ-д гарч ирсэн, ирэх гэж байгаа хүмүүсийн эрх ашиг ямба, сонгуулийн төлөө 3.5 сая иргэдийн мөнгө, 100 гаруй мянган ААН-ийн төлж байгаа татвар үр дүнгүй зарцуулагдаж байна.

Гэтэл бусад улсууд зарлагаа тооцохдоо ач холбогдлоор нь сайтар эрэмбэлдэг. Тухайлбал, манай улсад юу хамгийн хэрэгтэй байна вэ. Цахилгаанаа жил бүр гадаадаас 300-400 сая доллароор импортолдог юм байна. Тэгвэл эхний ээлжинд цахилгаан станцаа баръя гэх мэт эрэмбэлж байгаад зардлаа гаргадаг болохоос 76 гишүүндээ зориулж байшин барилга тарааж, замбараагүй зардал гаргаж явдаггүй юм.

Монгол Улсын төсвийн бодлого ерөнхийдөө алдагдсан. Нөгөө талаас зөвхөн 76 гишүүндээ зориулсан төсөв өргөн бариад явж байна гэдэг нь Улс орны хөгжил зогсож, ирээдүй бүрхэг болно гэсэн үг. Өндөр зардал, орлого хоёрын хооронд их хэмжээний зай гарч байна гэдэг чинь төсвийн алдагдал.

2020 онд 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наядын алдагдалтай төсөв баталсан. 2022 онд 1 их наядын алдагдалтай гэж өөрсдийгөө хуурсан. Гэтэл Ирээдүй өв санд байсан 1.4 их наяд төгрөгийг аваад хэрэглэчихсэн. Үүнийгээ олон нийтэд хэлээгүй. Ирээдүй өв сангийн тухай хуулиараа 2030 оноос наана гар хүрэх ёсгүй. Гэтэл эрх баригчид хуулиа өөрчилж байгаад л Ирээдүйн өв санд байгаа 1.4 их наяд төгрөгийг аваад хэрэглэчхээд бараг алдагдалгүй мэтээр өөрсдийгөө магтаад өнгөрсөн.

Ийм их хэмжээний алдагдлыг үйлдвэрлэсэн парламент Монголын түүхэнд байгаагүй. Тийм ч учраас би энэ удаагийн парламентад онц муу дүн тавина.

-2023 оны төсөв өөрөө өндөр алдагдалтай байсан гэж эдийн засагчид үзэж байсан. Гэтэл 2023 оны төсвийн гүйцэтгэл хэр сайн байсан бэ?

-Монгол Улсын эдийн засаг экспортод гаргаж байгаа түүхийн эдийн бүтээгдэхүүнүүдээсээ шууд хараат байдаг. Тэр дотор зэс, нүүрс хоёр Монгол Улсын экспортын орлогын бараг 70%-аас 80%-ийг эзэлдэг. Гэтэл энэ хоёр бүтээгдэхүүний үнэ сүүлийн 7 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр зогсолтгүй өссөн үзүүлэлттэй байлаа. Бусад алт, төмрийн хүдэр, нефть ч өсөлттэй байсан. Харамсалтай нь бид энэ алтан боломжийг ашиглаж чадаагүй.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт дүнгээрээ төсвийн алдагдал 15 их наяд төгрөгт хүрсэн нь маш аймшигтай тоо. Хүмүүс их наяд гэдгийг төдийлөн ойлгохгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байх шиг байна.

Хэрвээ хонийг 200 мянган төгрөгөөр бодох юм бол нэг их наяд гэдэг нь 5 сая хонины үнэтэй харин 10 их наяд гэдэг 50 сая хонь гэсэн үг юм. Тэгэхээр 15 их наядын алдагдал гаргалаа гэж бодоход одоогийн парламент 75 сая мал буюу Монгол Улсад байгаа бүх малаа байхгүй болгох тийм их хэмжээний алдагдалтай төсөв батласан байна гэсэн үг.

2020 оны зургаадугаар сарын 25-нд Монгол Улсын засгийн газрын өр 25 их наяд байсан бол энэ тоо дөрвөн жилийн дараа 32 их наяд болсон. 2024 онд 35 их наяд болно гээд тооцоолоод орж ирсэн. Тэгэхээр энэ нөхдүүд дөрвөн жилийн хугацаанд 10 их наядын өр үйлдвэрлэж.

Монгол Улсын эдийн засагт хамгийн таатай, өр ширнээс гарах, Улс орондоо хэрэгтэй чухал бүтээн байгуулалт хийх, эдийн засгаа өсгөх, өргүй байх, ирээдүй хойчдоо үлдээх арвин мөнгөтэй ирээдүйн өв санг гардуулж өгөх ийм сайхан боломжуудыг алдсан. Улс орны хөгжлийг урагшлуулах ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Адаглаад Дарханы 200км замаа найман жил барьж чадахгүй сууж байна. Шатахууны үйлдвэр барих асар их хэмжээний мөнгө орж ирсэн үү ирсэн.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ бүхнийг ашиглаж чадалгүй газраар нэг цацсаар байгаад улс орны хөгжлийг дээш татах бус хойш нь татаж маш хүнд байдалд оруулчихлаа. Үнэхээр харамсалтай байна.

Долоо, найман жил өссөн түүхий эдийн ханш эргээд буух циклтэй байдаг. Дараа жилээс зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурах хандлагатай харагдаж байна. Өсөж байх үеийнх нь ололт амжилтыг ашиглаж чадалгүй асар их хэмжээний өрийг үйлдвэрлэчхээд сууж байгаа нь хариуцлагагүй гэхэд ч багадахаар байна.

-Төсөв батлахтай холбоотой УИХ дахь АН-ын бүлгээс ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь олонхын бүлэг дангаар шийдвэр гаргаад, сөрөг хүчнээ шийдвэр гаргах түвшинд хүлээж авахгүй байна уу даа гэсэн дүр зураг нийгэмд ажиглагдаж байна.

-УИХ-ын чуулганы төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээр АН-ын бүлэг дүгнэлт уншдаг. Хэлэлцүүлэг бүр дээр, хэрвээ анзаарч байгаа бол бүлгийн гишүүд өөр өөрсдийн хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлдэг. Төсвийг зөв зүйтэй авч явах, өр үйлдвэрлэхгүй байж, улс орны ирээдүйд хэрэгтэй зүйл хийхийн төлөө хүн бүр ярьж байгаа боловч, бүлгийн гишүүдийн үг хэнд ч хүрэхгүй алга болж байна. Нэг талаар эрх баригчид хэвлэл мэдээллийг асар их үнээр худалдаад авчихсан учраас сөрөг хүчний үг нийтэд хүрэхгүй байна гэж би хувьдаа дүгнэдэг. Хэрвээ эрх баригчид бидний дүгнэлтийг уншаад, анализ хийж дараа жилийн төсөвтөө анхаарч байсан бол бид ийм хүнд байдалд орохгүй байсан.

Одоо ард түмний амьдрал туйлын хүнд болж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг жилийн дотор 50-аас 60%-иар өсчихлөө. Дөрвөн жилийн хугацаанд бүүр хоёр дахин өссөн. Гэтэл ард түмний орлого өсөөгүй. Төсвөөр дамжуулж эрх мэдэлтнүүдийн хэрэглэдэг төсөв гурав дахин данхайсан. Ард түмний амьдрал эсрэгээрээ, гурав дахин хүндэрсэн. Сөрөг хүчнийхээ дуу хоолойг огт сонсохгүй байгаа нь эцсийн дүндээ зөвхөн АН-г хорлоод байгаа юм биш, ард иргэдийн амьдралд муугаар нөлөөлж байгаа гэсэн үг.

Төв банкны бодлогын хүү нь хүртэл 13% болсон. Бодлогын хүү нэмэгдэх нь ААН-д ирэх зээл үнэтэй бас багасна гэсэн үг. Ямар ч ААН 20 хувийн хүүтэй зээл аваад ашигтай ажиллаж чадахгүй. Эргээд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өсдөг ийм л чөтгөрийн тойрогт орчихлоо.

Иргэдийн цалин, тэтгэврийг нэмлээ л гэнэ. Гэхдээ ингэж нэмлээ гээд гол асуудлыг шийдэж чадсангүй. Яагаад гэвэл асар их хэмжээний мөнгө нийлүүлэхээр буцаад бүтээгдэхүүний үнэ өсөөд, нэмсэн тэтгэврийн хэмжээ нь өсөлтөө гүйцэж чадахгүй багадаад байна. Монголын төр өнгөрсөн гучин жилд хүнд байдалд орж байсан л даа. Гэхдээ эдийн засаг нь өсгөх ийм сайхан боломжийг ашиглаж чадалгүй өрөндөө баригдаж, иргэдийн амьдралыг мод бариулж, аж ахуй нэгжүүдээ дампууруулж байсан түүхийг би лав мэдэхгүй юм байна.

-15 их наядын алдагдлын зарцуулалт нь яг юунд байна вэ?

-Сүүлийн таван жилийн хугацаанд нийт алдагдал нь 15 их наяд байгаа бол жилд дунджаар 2-3 их наядын алдагдалтай байна гэсэн үг. Зарлагаа тэлээд өсгөөд байна гэдэг чинь дарга нарын зарцуулдаг хэрэглээний мөнгө нь л нэмэгдэж байгаа болохоос ард түмэнд наалдаж байгаа зүйл огт байхгүй. Цалин нэмлээ гэж ярьж байна. Гэтэл Монгол Улсад 1 сая орчим хүн хөдөлмөр эрхэлдэг. Үүний 220 нь төрд ажилладаг. Тухайн төрд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмээд, цаана нь хувийн хэвшилд ажилладаг 800 мянган хүнээ хаячиж байна. Энэ бол цалин нэмж байгаа зүйл огт биш.

Цаана нь хувийн хэвшил ААН-ийн захирал, удирдлагууд хүнд байдалд орж хүссэн хүсээгүй цалингаа нэмэхийн тулд зээл авдаг. Үйлдвэрлэж байгаа, үзүүлж байгаа үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй бол дампуурах Иймд хүнд нөхцөл байдалтай байна.

-Улс орны эдийн засгийг хэдэн жилээр төсөөлж хардаг вэ?

- Манайд боломжийн хуультай боловч хуулиа хэрэгжүүлдэггүй. Бусад Улсуудыг харах юм бол төсвийн зарлага, орлогоо гурван жилээр тооцоолдог. Дунд хугацааны хуультай хуулиа яс мөрддөг.

Жишээлбэл Европын холбооны маш олон улсууд нэг дээвэр дор багтаж евро гэх нэгдсэн мөнгөн тэмдэгттэй. Тухайн Улсууд гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 60 хувиас доош, төсвийн алдагдал нь жил бүр төсвийхөө 3 хувиас доош, зарлагаа хэт нэмэхгүй, орлогоо маш зөв тооцоолно гэсэн дөрвөн суурь хуулиа чанд мөрддөг учраас бүгд зөв алхаад байна.

Манайд ийм хууль байна уу гэвэл бий. Гэтэл хэрэгжүүлдэггүй. Төсвийн хүрээний мэдэгдэл гээд маш сайхан хууль байдаг ч сүүлийн жилүүдэд дунд хугацааныхаа бодлогын баримт бичгийг жилд 2-оос 3-н удаа сольдог тооцоо судалгаагүй байхаар яаж улс орон хөгжих вэ дээ. Дараа жил сонгууль болно. Тэгэхээр одоо байгаа парламент их хэмжээний зарлага, бөөн өр үйлдвэрлэж хаячаад яваад алга болох нь. Энэ их төсвийн алдагдал, өрийг хэн төлж барагдуулах вэ гэхээр бидний ирээдүй үр хүүхдүүд хөдөлмөрлөж дарна. Тухайн үед үр хойч маань бид нарт яагаад ийм их өр үйлдвэрлэж, өвлүүлж үлдээсэн юм бол, ямар гээч тэнэг хүмүүс төрд байсан юм бэ гэж гаслах нь тодорхой.

-Одоо бид яах ёстой вэ? Данхайсан төсөв батлагдах гэж байхад ард иргэд ямар арга хэмжээ авах ёстой вэ? Иргэдийн зүгээс хяналт муу байна уу? Хүн бүр дуугарч эсэргүүцэж чадвал өөрчлөлт гарах уу?

-Хөгжиж байгаа орнуудын төсвийг би ихээхэн анхааралтай хардаг. Энэ талаар бяцхан түүх ярьж өгье. Дани Улс нь Монголоос 30 дахин том, хүчтэй эдийн засагтай Улс юм. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 70 мянган доллар байдаг бол манайх 5 мянган доллар. Гэтэл 2019 онд сөрөг хүчин нь асуудалд оруулснаар, Ерөнхий сайд нь нийт ард түмэндээ телевизээр хандаж төсөвтэй холбоотой маш том алдаа гаргалаа гэж мэдэгдсэн юм. Энэ асуудал нь ердөө төсөвт суугаагүй ганц тэмээний асуудал байсанд би тухайн үедээ цочиж гайхаж байсан. Нэг тэмээний үнэ гэдэг манай эрх баригчдад өглөөний цай, орой бааранд ороод уух нэг шил архины л үнэ байхгүй юу.

Гэтэл хөгжиж байгаа Улс татвар төлөгчдийн 1 цент дээр хүртэл хатуу хяналт, анхаарал тавьдаг юм байна. Тэмээнийхээ учрыг ерөнхий сайд нь тайлбарлахдаа өнгөрсөн жилийн төсөв дээр нэг тэмээ байгаагүй юм аа. Би худалдаж авсан нь үнээн. Данийн нэгэн хувийн циркт байсан дөрвөн зааныг олон жил хүүхэд багачуудыг цэнгүүллээ, одоо гавъяаныхаа амралтад гарч амрах ёстой гээд төсвөөс нь байр сав бариад бэлджээ. Тэгээд өнөөх дөрвөн заанаа худалдаж аваад оруулах гэсэн багаасаа хамт үзүүлбэр үзүүлсэн нэгэн тэмээ дагаад нулимс дуслуулаад байж. Хэдийгээр тэмээг худалдаж авах мөнгө батлаагүй боловч бид хар багаасаа хамт циркэд үзүүлбэр үзүүлсэн тэрхүү тэмээг амьтны эрхийг хүндэтгэдэг учраас худалдаад авчихсан юм аа. Иймд би татвар төлөгчдийн мөнгийг төлөвлөөгүй зүйлд зарцуулсандаа уучлалт гуйж байна гэсэн юм.

Сүүлд бодоод байхад татвар төлөгчийн төлж байгаа нэг центийг ч төсөвлөөгүй зүйлд зарцуулах эрхгүй, өндөр хариуцлагатай байдаг юм байна. Яг ийм хэмжээнд ард түмэн, иргэд нь хүртэл төсвөө ойлгодог болох хэрэгтэй. Бид нар үнэхээр хөгжье гэж байгаа бол иргэн бүр төсвөө ойлгодог байх хэрэгтэй. Хүний толгой эргээд байх зүйл байхгүй өрхийн төсөвтэй яг ижилхэн шүү дээ.

Ярилцсанд баярлалаа

Б.АМИНА


Сэтгэгдэл

сайн мэдээ [217.148.141.180] 2024-04-14 10:50:36

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно [[email protected]]

Иргэн [103.212.118.117] 2023-10-25 23:10:55

Зөв юм ярьж байна. Эрх баригчид энэ улс орныг өрнөөс нь гарггчээ!!!

зочин [59.153.86.104] 2023-10-25 09:48:57

манайх яадаг билээ төлөвлөгдөөгүй зүйлд төсвийн мөнгийг зарцуулах нь байтугай шууд хулгайлдаг муу тогтолцоог аалзны тор шиг болгож тэндээс төрд алба хааж байгаа эрх мэдэлтэн бүхэн хүртэж байдаг улс яагаад бүгд гэж байгаа юм бэ гэвэл ажлаа муу хийгээд бүтэн цалин хангамжаа эдэлж байгаа этгээдүүд шүү дээ .үүнд УИХ -ын гишүүд хүртэл хамарагдана.тэд энэ бүхэнд хуулийн ая таатай нөхцөлийг хуульчлан баталдаг .

зочин [202.9.47.1] 2023-10-24 14:24:31

за бүр сүйрчээ монгол

Зочин [202.9.40.170] 2023-10-24 13:10:38

Бүтээж босгосон юуч байхгүй байдаг тэгтэл өр нь 15 их наядаар өсчихөөд байгааг юу гэх вэ.

Ирэгэн [202.55.188.41] 2023-10-24 12:21:34

АН- аа 2024 сонгуулиар ялуулаад 2028 онд улсаараа дампууръя аа.

Зочин [103.11.192.46] 2023-10-24 11:06:46

Ер нь бол хөнжлийнхөө хирээр хөлөө жийх хэрэгтэй л дэ. Байхгүй мөнгөө гаднаас зээлээд л баахан өр нэмээл шаагаад байна. Тэгээд л аль 10 жилийн өмнөх Чингис бонд яриад л . Тэрэнд нь ард түмэн итгээд л. Тэрнээс хэд дахин өндөр өр тавичихаад байгаагаа огт яридаггүй хулгайчууд. Би аль ч нам биш. Гэхдээ энэ одоо төр барьж байгаа хулгайчууд арай л дэндүү байна шүү

батхүү [202.21.104.2] 2023-10-24 10:53:35

маш зөв асуудал хөнджээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.