Б.Мөнхтогтох: Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт 56 га талбайд зөвшөөрөлгүй хашаа татаж, барилга барьсан байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шалгалтын талаар БОАЖЯ-ны Салбарын газрын дарга Б.Мөнхтогтох " Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж буй 67 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд 2023 оны зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Тус хяналт шалгалтаар газрын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа 21 ААН байгууллага иргэн байна.
Мөн газрын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд дунд зөвшөөрөл олгогдсон газрын хэмжээг хэтрүүлэн ашиглах зөрчил түгээмэл илэрч байгаа. Газрын зөрчилтэй хэсгүүдэд бүхэлд нь буюу хэсэгчлэн цуцлах саналыг эрх бүхий байгууллагуудад явуулсан.
Гарсан зөрчлийг арилгуулахаар газар дээр нь улсын ахлах байцаагчийн 85 заалттай 13 албан шаардлага хүргүүлж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож, хялбаршуулсан журмаар 13 объектод торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүллээ.
Бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг зөрчилтэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг бүхэлд нь цуцлуулах, нэг аж ахуйн нэгжийн газрыг хэсэгчлэн цуцлуулах саналыг хүргүүллээ."гэв.
Сэтгэгдэл