Ш.ЦОГТОО: ДЭЭРЭЭ ЯМАР Ч УДИРДЛАГА ХЯНАЛТГҮЙ НЭГ ТАНХИМТ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН ТОО ЦӨӨН, ЭСВЭЛ ОЛОН БАЙХААС ҮЛ ХАМААРЧ ТЭР ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЯЛЗРУУЛДАГ. МОНГОЛЫГ ОДОО ЗОРИМОГ ЭРЭМГИЙ ШИНЭТГЭЛ АВАРНА

Aдмин / Улстөр

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш, Монголын Хуульчдын Холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн, Үндсэн хууль судлаач хуульч Ш.Цогтоогийн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтлэв.

АС: ҮХНӨ хийх замаар УИХ-ын 76 гишүүний тоог 152 болгох асуудлыг ид хэлэлцэж байна. Үндсэн хууль судлаач, мэргэжлийн ахмад хуульч хүний хувьд уг асуудлыг та ямар байдлаар харж байна вэ?

Логик учир зүйн хувьд өөрийн гэсэн дэс дараалал энэ асуултыг шууд хариулахад нэлээн төвөгтэй. Тэгэхээр таны энэ асуултад хариулахын өмнө талд товч боловч түүх сөхмөөр байнаа.

Бид яах гэж 1990 онд ардчилсан хувьсгал хийж, ардчилсан нийгмийн харилцааг хүлээн зөвшөөрч 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлан мөрдөж байгаа билээ дээ. Хариулт нь тов тодорхой. “Энэ Монгол улс орныг маань нэг нам удирдаж, нэг нам ноёрхож бүр буруу зам руу оруулсан байна. Иймд намаас төрийн ажлыг тусгаарлая. Олон ургалч үзлийг төлөвшүүлье. Ард түмэн Засгийн эрхийг барьдаг болгоё” хэмээн шинэ хуучин бүх улс төрийн хүчнүүд ухамсарлан, 1960 оны Үндсэн хууль дахь нам төрийг удирддаг үзэл санаанаас эрс татгалзаж Улс төрийн товчоог тарааснаар социалист тоталитар дэглэм нуран унаж, улс төрийн нам биш Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх хөрс суурь тавигдсан учиртай. Хэрэг дээрээ энэ нь ардчиллын амин сүнс, бидний гэрэлт ирээдүй өөд нэгэн зүгт нийтээр тэмүүлэх туйлын хүсэл эрмэлзэл буюу “идеал”, цаашид улс орноо авч явах жанжин чиг шугам болсон юм.

АС: Тэгвэл энэ цаг үед ямар болчхоод асуудал үүсгээд байгаа юм бэ?

Одоо эргээд л хуучин руугаа халтиран орж ард түмэн засаглах биш, нам засагладаг болчихжээ. Үндсэн хуульд халдсан 2000 оны “дордуулсан долоон нэмэлт өөрчлөлт”-өөс хойших 2015, 2019, 2022, 2023 оны Үндсэн хуулийн бус хувь хүний санаа бодол төдий субьектив байр сууриуд цаагуураа идэн идсээр байгаад одоо бүр оргилдоо хүрч мөнөөх “улс төрийн” нам гэдэг субъект маань “төр”-ийг буюу ард түмнийг удирддаг, засагладаг, дарангуйлдаг, тэдний эрхийг сэмээрхэн хууран мэхэлж авдаг хадны мангаа болон хувирчхаад байгаа нь нууц биш шүү дээ.

Хуучин цагт нэг нам дарангуйлдаг байсан үеийг арай гэж нэг юм халсан бол өдгөө олон нам хуйвалдан дарангуйлах үзэгдэл хүрээгээ тэлсээр байна. Энэ мэтээр 1990 оны ардчилсан дэвшилтэд алхмуудаас өнөөгийн “улс төрийн” хэмээх намууд ухамсартай ба ухамсаргүйгээр ухарч, нам хэмээх хувь хүний үзэл бодол, бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлж байдаг хувийн эрх зүйн институци төрийн буюу ард түмний толгой дээр гарч ирчхээд ардчиллын анхны үзэл санааг гуйвуулсаар байгааг юугаар ч зөвтгөшгүй.

Товчдоо бол нэгэнт хазайчихсан ардчиллын гажуудлыг одоо ямар улс төрийн манлайлагч түрүүлж засна, тэр энэ улс орны ирээдүйн дүр зургийг зурах нь тодорхой. Гэхдээ тэр нь л лав нэг танхимт парламент болох УИХ-ын гишүүдийн тоог 108 ч юмуу 152 болгон ихэсгэж, багасгаж марзганах явдал арай биш шүү. Учир нь ингэлээ гээд нэг танхимт парламентын чанар, иргэдийн аж амьдралд ямар ч агуулгын ямар ч өөрчлөлт гарахгүй.

Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохицуулалт (2019 онд өөрчлөн найруулсан заалт) ноцтой зөрчигдөж байгаа болно. Нөгөөтээгүүр дээрээ ямар ч хяналт удирдлагагүй нэг танхимт парламентын гишүүдийн тоо цөөн, эсвэл олон байхаас үл хамаарч тэр өөрөө өөрийгөө ялзруулдаг. Түүний нэгэн содон хэлбэр нь монголжуу парламентат хэв маяг юм.

Энэ нь суурь муутай барилгыг улам өндөр болгоё гэдэгтэй л адилхан зүйл. Эхлээд сууриа бэхжүүлэх, дараа нь барилгаа хэдэн давхар өндөр барьсан ч алзахгүй байхын тулд мухардмал байдалд ордогоо орж хэл амны бай болж “үнэмлэхгүй ноёрхол нь үнэмлэхүй гажуудал”-д хүргэчихсэн нэг танхимт парламентын хэлбэрийг халсан шиг халж, парламентын дээд танхимд ард түмний дуу хоолой, удирдлага хяналт, эрх мэдэл, түүний төлөөллийг нэмэгдүүлсэн шиг нэмэгдүүлэх ийм эрс шинэтгэл хийх явдал чухал болжээ. Чухам үүнд л ҮХНӨ чиглэгдэж чадвал анхны ардчилсан хувьсгалт өөрчлөлтийнхөө суурь зорилготой жинхэнэ утгаараа авцалдана.

АС: За тэгвэл эхний асуултаа дахиад асууя. Гишүүдийн тоог нэмэх багасгах нь ямар ч ач холбогдолгүй гэж та хэлээд байна уу?

Сонгууль тулчхаад байхад, бүр тодорхой хэлбэл сонгуулийн өмнөх жилд ҮХНӨ ярих нь үнэхээр утгагүй асуудал. Ер нь бол хүндэтгэлгүй, ёс суртахуунгүй хандлага юм даа. Тэр дундаа миний эрх багадаад байна, бидний тоо цөөдөөд байна гэх зэргээр өөрийнхөө эрх мэдлийг нэмье гэж парламентын гишүүн хүн ярьдаггүй, санаачилдаггүй, тэр бүү хэл ийм асуудлаар санал хураалтад оролцох нь хүртэл цээртэй байдаг нь Үндсэн хуулийн эрх зүй судлал дахь цагаан толгойн суурь зарчим юм.

Тэрчлэн манай нийгмийн болж бүтэхгүй юм болгонд л Үндсэн хууль буруутай, харин “төр”, төрийн байгууллага, албан тушаалтан буруугүй гэх субьектив хандлагаас үүдэлтэйгээр энэ нэг танхимт УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санаачилгыг иргэд олон нийт байтугай зарим эрхэм гишүүд хүртэл бүр хүлээж авахгүй дургүйцээд байхад эсрэгээр нь зүтгүүлээд байгааг ойлгоход үнэхээр бэрх. Үүнийгээ ядаж сонгуулийн дараа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулж, эдийн засгаа эрүүлжүүлж байгаад ҮХНӨ, тэр дундаа УИХ-ын гишүүдийн тоог өсгөн нэмэх асуудлыг яривал нийтэд хүлээн зөвшөөрөгдөх магадлал нь харьцангуй өндөр гэдгийг эмпирик судалгаа харуулж байна.

АС: Улс төрийн намууд УИХ-ын гишүүдийн тоог олон болгоё гээд “төрийн гурван өндөрлөг”-тэй нэгэнт тохирчихсон зүйлийг одоо юу ч гээд нэмэргүй гэж зарим хүмүүс хэвлэлээр ярих юм. ҮХНӨ-ийг ингэж тохиролцож болдог юм уу? Ер нь “Нам” гэж хэн бэ? “Нам” гэж юу вэ?

Үгүй байлгүй дээ. Нам гэдэг бол нийгмийн удирдлагын буюу нийтийн эрх зүйн субъект биш. Тэр төрийн институцэд ч хамаардаггүй. Нам нь манай хуулийнхны онолын хэлээр бол хувийн эрх зүйн субъект. Нийтийн эрх зүйн субъект ба хувийн эрх зүйн субъектийн үйл ажиллагааны зөрчилдөөнт байдал гэж өөр хооронд нь холилдуулж хутгалдуулж болдоггүй нэг айхтар хатуу зарчим бий. Тэдгээрийг өөр хооронд нь хутгалдуулж, зөрчилдүүлээд байвал тэр нь төрийн бодлогын алдаанд хүргэдэг тун эмзэг “проблем”.

Энэ хоёрын “partnership” түншлэл энэ тэр гэдэг нь угаасаа л инээдэмтэй зүйл. Нэг ээлжиндээ ухаж төнхөх, торгох, хорьж цагдах гээд юу эсэхийг хэлэхэв. Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хуульд “улс төрийн нам” гэх ойлголт огт байхгүй. Харин “нам олон нийтийн байгууллага” гэж даруухан нэг үгээр илэрхийлсэн ес ч билүү томьёолол бол бий.

Онолын талаас нь хэлэх юм бол нам гэдэг нь хувь хүний үзэл бодол, өөрийн сонирхол, бүлгийнхээ ашиг сонирхлын үүднээс улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн жирийн нэг эвсэл холбоо бүхий элементүүдийн нийлмэл цогц юм. Тэр “улс төрийн нам” гэх нэр томьёо бол наана хэлэхэд 1940, 1960 оны Үндсэн хуулийн үзэл санаа, цаана хэлэхэд Ленин багшийн “политическая партия” гэх сургаал номлолын гол цөм л дөө.

АС: Үнэхээр сонирхолтой байна. Та намын тухай онол арга зүйг “намын удирдах зөвлөлийн хурал”, “намын бүлгийн хурал”-тай холбон тайлбарлаж өгнө үү?

Товчхондоо оросоор “частный”, англиар “private interest” гэх хувь хүний ашиг сонирхол, их сайндаа бүлгийн ашиг сонирхол гэдэг нь үнэндээ ялгаагүй л хувь хүмүүсийн сайн дурын эвсэл, нэгдэлд захирагдмал цэвэр хувь этгээдүүдийн явцуу ашиг сонирхол шүү дээ. Ийм юмыг “төр”-ийн буюу Монголын ард түмний нийтийн ашиг сонирхлын дээд илэрхийлэл болсон “төрийн гурван өндөрлөг”-тэй тохиролцоно, тохиролцуулна гэж ч юу байхав. Зарим нь зүгээр л бие биенийхээ янзыг үзэж, дооглож тохуурхаж байгаа царай нь тэр биз. Үеийн үед л УИХ-ын гишүүд жаахан маргаантай асуудал үүсвэл “намын удирдах зөвлөл дээрээ ярина”, “намын бүлэг дээр сонсоно” гээд нам руугаа гүйлдэж дараа нь УИХ дээр хэлэлцэж байх жишээтэй. Ингэх юм бол ПАРЛАМЕНТ гэж нэрлэгдээд яахав дээ.

Эрх зүйн онолд болон Үндсэн хуульд бол нам руугаа гүйдэг гүйдэл байхгүй. Ийм зүйлээр биеэ хуурч байгаа нь өөрсдийнх нь зохиол байх. Буруу юмаар удаан “жаргаж” болохгүй ш дээ. Тэр АН, МАН, ХҮН-дээ тухайн гишүүн хэдэн жил зүтгэсэн байх нь хамаагүй, УИХ, Засгийн газрын гишүүн, засаг дарга, төрийн албан хаагч болж тангараг өргөсөн л бол нам гэдэг хувийн сонирхлоосоо зоригтойгоор бүрэн хагацаж яг тэр моментоос эхлэн “public interest” гэх гурван сая гаруй хүний нийтийн ашиг сонирхолд бие сэтгэлээ бүр мөсөн зориулж байгаа нь тэр. Нам руугаа эргэж гүйж очоод түүнтэйгээ зууралдаж “янаглаад” байгаа нь зүгээр л хариуцлагаас мултрах цэвэр социалист коммунист ужиг өвчин, түүний үр дагавар.

Өөрөөр хэлбэл Монгол улсын бүх хүн амын нийтийн ашиг сонирхлын дээд илэрхийлэл болсон Үндсэн хууль, түүний зүйл заалт, үзэл санааны эсрэг өөрчлөлт, нам бүлэглэлүүдийн элдэв тохиролцоо, ухуулга сурталчилгаа гэж юм нийтийн эрх зүйд тун цээртэй асуудал юм.

АС: Ингэхэд ер нь Монгол Улсын Үндсэн хуулийн амин чухал зүйл нь юу юм бэ гэдгийг хэлж өгнө үү?

Үндсэн хууль нь өргөн утгаараа бол иргэд олон түмний язгуур хүсэл эрмэлзэл болсон монголын ард түмний амар тайван байдлын баталгаа, шударга ёсны дээд үнэлэмж мөн. Монголын ард түмэнд үүнээс чухал үнэт зүйл гэж байхгүй. Гавьяат хуульч Б.Чимид багшийн маань хэлсэнчлэн та бидний эх орон, амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө энэ алгын чинээ хуульд багтдаг. Явцуу утгаараа бол УИХ ба Засгийн газрын гишүүд нь чухамдаа “Үндсэн хууль”-д үнэнч шударга байхаа тангарагласан хамгийн дээд эрэмбэтэй цорын ганц хэм хэмжээ нь юм. Энэхүү агуу эх сурвалж бол 1992 оны анхны Үндсэн хууль тогтоогчдын мөнхийн гавьяа. Харин хууль тогтоогч буюу УИХ нь чухамдаа ард түмний, бас Үндсэн хууль тогтоогчдын зарц, боол, “public servant” үйлчлэгч нь мөн. Энэ бол бидний дагаж дуурайдаг ардчилсан улс орнуудад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн суурь ойлголт.

Үндсэн хуульд үл нийцсэн аливаа хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, нийтээр дагаж мөрдөх үзэл баримтлалыг тухай бүр нь таслан зогсоож байх нь парламентат ёсны үндсэн үүрэг. Манайд санаатай юм уу санамсаргүй юм уу мэдэхгүй дээрх дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн онол арга зүйн эсрэг, бас Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг гэмээр ухамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй радио телевизээр байнга яригдах боллоо.

АС: Та даруухан хэлээд байна даа. Иймэрхүү байдал радио телевиз төдийгүй бараг бүх аймагт ухуулга сурталчилгаа хийж яваа элч нар нь зарим газар хөөгдөж туугдаж, загнуулж зандруулж байгаа сураг хүртэл гарч байна лээ. ҮХНӨ оруулах ажлыг ингэж зохион байгуулж болдог юм уу?

ҮХНӨ оруулах асуудлыг Үндсэн хуулийн эрх зүйн зарчимд үл тохирох радио телевизийн янз бүрийн хэлэлцүүлэг, тэрчлэн албан тушаалын сураг сонсож аймаг сум өртөөлөн давхиж цэц л гэнэ ҮАБЗ л гэнэ ер нь хүний нэр барих, айж эмээхээ умартчихсан “аварга”-ууд заримыг нь ичээх, заримынх нь зөв бурууг дуудах гээд тэдэнд ер нь мэдэхгүй чадахгүй юм гэж юу ч алга. Жолоо цулбуургүй баахан мэдэмхийрсэн, түүндээ бүр омогшиж эрдсэн нөхдийн “сайн ухуулаад өгвөл энэ иргэд олон нийт чинь ер нь ҮХНӨ-ийг маш сайн ойлгож дэмжиж байна шүү” гэх байдлаар төр засгийн удирдлагад үнэнээс холуур буруу ташаа мэдээлэл хүргэсээр буй хөнгөн гоомой үг яриагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийдэггүй.

Энэ мэт болоод буй үйл явдлуудын аль нь ч ҮХНӨ оруулах, түүнд гар дүрэх хэлбэр ба арга биш болно. Албан тушаалтны иймэрхүү үйлдэл, эс үйлдэхүйг саяхан л 2000 он гаран гартал дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалт ёсоор бол “төрийн эрх мэдэл”-ийг хууль бусаар авах зүйлчлэл дотор хэлбэрийн хувьд Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах үйлдлээр илэрдэг онц аюултай гэмт хэрэг гэж үзээд нутаг заах ялаас гадна 16-20 жилийн хорих ялтай санкц. Өдгөө ардчиллын буян заяанд халуурчхаад юу хийх гээд байгаагаа сайн ухамсарлахгүй, зүг чигээ алдчихсан айхтар цадиггүй хэдэн залуу заримдаа бүр давраад монголын ард түмний хамгийн үнэт зүйл болсон Үндсэн хуулийг маань арай дэндүү эрээ цээргүй муулж гутаагаад дээр дооргүй үймүүлж тэвдүүлээд байх бололтой юм.

АС: Нам төрийг удирддаггүй юм бол төрийг удирдах ард түмний гол эрх нь юу юм бол?

Иргэд, олон түмэн төрийг удирдах хэрэгт шууд оролцох ердөө л хоёрхон хэлбэр бий. Нэгдэх нь Үндсэн хуульд гар дүрэхдээ хүрвэл АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА явуулах замаар, өөрөөр хэлбэл ард түмнээс 76 гишүүний тоог 152 болгохыг та дэмжиж байна уу, үгүй юу гэж асуух явдал юм. Ийм асуулга ард нийтийн дунд явагдахгүй болохоор улс төрийн ашиг хонжоо, хуулийн цоорхой хайсан доншуучлагчид ба элдэв “долдой”-нууд үеийн үед л төр түмнийг хутган үймүүлсээр ирсэн гашуун түүхийг бараг бүх улс амссан байдаг.

Хоёрдох нь УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох явдал байдаг. Бусад эрх нь хөөрхийдөө иргэд өөрсдийнхөө сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагад үгээ болон санал хүсэлт, өргөдөл гомдлоо дамжуулан уламжлах төдий зүйлээр хязгаарлагддаг.

Гэтэл тэр хоёр үндсэн эрхийнх нь нэгийг нь намууд хуйвалдаж тохиролцож хулгайлах шахам аваад, нөгөөг нь иргэд нийтийн хүсэн хүлээсэн жинхэнэ төлөөлөгчийг тэднээр сонгуулах биш, харин “улс төрийн нам”-ын төлөөлөгчийг тэдэн дотроо бүр мөнгө, бэл бэнчинтэй төлөөлөгчдийг нь сонгохоос өөр сонголтгүй болчихсон ужиг эмгэгтэй шууд холбоотойгоор энэ нэг танхимт парламентын тогтолцоо буюу УИХ маань ялзарч, гишүүд нь боловсролын ба бусад сангуудын ил цагаан дээрэм тонуул, ЖДҮ-ийн луйвар, Хөгжлийн банкны хулгай, төмөр зам, хил гаалийн контрабанд, өөрийн хөрөнгө оруулалт нэртэй улсын том баялгийн ордыг хувьдаа авах концесс, авлига албан тушаалын мөнгөө гадаадад байршуулах оффшорын хэрэг төвөгт орооцолдчихоод байхад улалзуулан барин тэднээр ҮХНӨ-ийг батлуулж, УИХ-ын гишүүдийн тоог 152, эсхүл 108 болгох гэх мэтийн оролдлогууд ёс суртахууны хувьд үнэндээ байж боломгүй зүйл.

Гэхдээ энд нэг зүйлийг зөвөөр ойлговол зохино. Дээрээ ямар ч удирдлага, хяналтгүй буруу бүтцээсээ болж аль хэдийнээ ялзарч муудсан нэг танхимт парламенттайгаа зарим эрхмүүд үхэн хатан зууралдаж дур зоргоороо авирлах дотуур санаагаа гүйцэлдүүлэх гээд амь тэмцээд байхынхаа оронд, хууль тогтоох Доод танхим, тэрчлэн Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорынхны алдаа дутагдлаа хаацайлсан завхрал ба хууль бус үйлдэлд улсын нэрийн өмнөөс хяналт тавьж буруутай этгээдэд тэр дор нь импичмент тооцох чадвар бүхий парламентат тогтолцоонд ард түмний жинхэнэ төлөөлөл, дуу хоолой болсон байнгын бус ажиллагаатай Дээд танхимын эрх мэдлийг нэмэгдүүлэх Үндсэн хуулийн шинэтгэл өнөө цагийн зүй ёсны шаардлага болон урган гарч ирээд байна. Товчдоо бол төрийн байгууллын болон сонгуулийн тогтолцоог өөрчилбөл өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй.

Нэгэнтээ үүсч бий болчихсон ийм бодит нөхцөл байдалд дийлэнх судлаачид төдийгүй ард иргэд нэг танхимт УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээс татгалзаж, харин УИХ-ыг хоёр танхимт парламенттай болгон өөрчлөх замаар гишүүдийн тоог нэмэхийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд гагцхүү ямар арга замаар, хэрхэн яаж Үндсэн хуулийн шинэтгэл хийх вэ гэдэг асуудал л олны анхаарлыг татсаар байна. Монголыг одоо зоримог эрэмгий шинэтгэл л аварна.

Үгүй гэвэл ҮХНӨ гэсэн нэртэй л болохоос хоёрын хооронд косметик засал засвар, будаг шунх төдий дур зоргын волюнтарист ээлжит нэгэн “тоглолт” болж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад баримталдаг маш нарийн процедур ажиллагаа, хатуу дэг журам зөрчигдөхөд хүрнэ.

АС: УИХ-ын 76 гишүүний 1 хүнд оногдох чадал ба 152 гишүүний 1 хүнд оногдох чадлын талаар та юу хэлэх вэ?

Иймэрхүү үг яриа өмнө нь сонсож байсан. УИХ-ын танхимд хүртэл дуулдах шиг болно лээ. Сонин л асуулт байна. Ер нь бол Үндсэн хуульд заасан ёсоор монгол улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн суурь зарчимд тулгуурлаж сонгох, сонгогдох эрхийн асуудлыг хөндөж байвал зүйд нийцнэ. Учир нь үүний цаана Монгол Улсын газар нутаг, засаг захиргааны нэгж, үндэсний баялаг, эд агуурс, сан хөмрөг, хүн ам, хил хязгаар, агаар мандал, ус унд, ан амьтан ер нь бүх юм байдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хэрвээ мартаж хүн амын суурьшил, тоо толгой дагаж гишүүдийн тоог нэмэх хийрхэлдээ хөтлөгдвөл 1,2 сая хүн ам төвлөрсөн Улаанбаатар хотоос сонгогдох УИХ-ын гишүүдийн тоог л нэмэх шаардлагатай тулгарна.

Манай УИХ, Засгийн газрын дэргэд байнга ажиллаад байгаа судалгааны үүрэгтэй зарим нөхөд өөрсдийн гэсэн олигтой судалгааны юм хэлэхгүй хэрнээ одоог хүртэл маш их шүүмжлэл дагуулсаар ирсэн Эстони гаралтай физикч эрдэмтэн, улс төр судлаач Рейн Таагеперагийн (Rein Taagepera) аль 60-аад оны үеийн баруун европын зарим нэг улсын парламентын гишүүдийн тоог нийт хүн амынх нь тоонд харьцуулж судлаад 1972 онд куб язгуурын аргачлалаар гаргасан хийсвэр тооцооллыг ашиглаад олон буюу 152 гишүүнтэй болох мөрөөдөлдөө тааруулж үүнээс өөр гайхамшигтай зүйл байхгүй юм шиг туйлшруулан тайлбарлаад байгаа нь мода монголоор дуусдагийн нэгэн кэйс гэхэд хилсдэхгүй байх.

Яагаад гэвэл өнөөгийн хөгжингүй улс орнуудад парламентын гишүүдийн тоог багасгах гэж бөөн зөрчил тэмцэл болж байна. Тэр бүү хэл зарим нэр дэвшигчид нь парламентын гишүүдийн тоог тэгж багасгана, ингэж хорогдуулна гэсэн сонгуулийн кампанит ажлаар ялалт байгуулж буй ийм цаг үе дор манайхан гишүүдийнхээ тоог нэг бол 152 гээд эсвэл 108 гээд заавал нэмэх тухай улайран зүтгэж буйг юу ч гэмээр юм бэ дээ?

Бүр ингэхдээ тулбал минийхээр бол монголын нөхцөл байдалд аль аль нь төдийлөн тохирохгүй хэдий ч АНУ-ын 30,000 насанд хүрсэн сонгогч тутамд 1 төлөөлөгч байхаар тооцоолсон жишгээр 1992 онд УИХ 70 орчим гишүүнтэй болоод байсныг 76 гишүүнтэй болгож тэгшитгэсэн нь манайдаа арай ойр дөт судалгааны арга байхыг үгүйсгэхгүй.

АС: Гэхдээ л дээрх тоон дээр тоогоор илэрхийлсэн хариулт авмаар байна?

Элдэв дээдийн тоо “моо” бодож, бодуулж тухайлбал 76 гишүүний тал болох 38 дээр 1 хүнийг нэмбэл 39 болно, иймд 18 гишүүнийг л барьчихад ямарч хуулийг санаснаараа батлуулж чадна. Ингүүлэхгүйн тулд гишүүдийн тоог 152 болгож олшруулчихаар хууль лоббиддог хуйвалдаан зогсчихно, нэг гишүүнд ногдох ард түмний төлөөлөл жинхэнэ утгаараа хангагдаад тэд амар сайхандаа жаргана энэ тэр гэх нь тун гэнэн хэрэг. Үүний оронд зүгээр л үл бүтэх этгээдүүдтэйгээ сахилга хариуцлага тооцож чадахгүй байгаа удирдлагын завхралыг засах хэрэгтэй:

Тухайлбал, нийтийн албаны ажилдаа хариуцлагагүй хандаж хууль зөрчиж хүн хохироож улсын ажил цалгардуулаад буй сайд, дарга даамал, албан тушаалтнуудтай яг тэр моментод нь “импичмент” тооц, хариуцлага тооц, ажлаас нь чөлөөл, шаардлагатай бол шүүхэд өг, дараагийн хүнийг томил тэгээд л болоо.

Нийтэд үйлчлэх “public service” нийтийн алба ийм л зарчимтай. Түүнээс биш хоёр гурван жилийн дараа “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэг шиг баахан юм ухаж төнхөж, бөөн зардал чирэгдэл болж “импичмент” тооцох нь албан тушаалтнуудыг сахилга хариуцлагатай болгох тухайд үр дүн өгөх нь юу л бол.

Монголчууд хэзээний л тухайн цаг үедээ буруу зөвөө ололцоогүй бол дараа нь дандаа биеэ өмөөрсөн, эсвэл үзэн ядсан эцэс төгсгөлгүй түүхэн хэрүүл тэмцэл, өс хонзогоос ангижирч байсан түүхгүй үндэстэн. Энэ асуудлыг үнэхээр шийдье гэвэл парламентын хуралдаан ба зохион байгуулалтын дэг журам, түүнчлэн нэр дэвшигчдийн шалгуурыг өндөр түвшинд тогтоон өгч дор бүр нь хариуцлага тооцох асуудлыг чанд мөрдөхөд л болчих зүйл.

АС: Улс төрийн намууд нэг танхимт парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө зүтгээд байгаагийн цаад учир нь юундаа байна вэ?

Уул нь УИХ ба ИТХ-ыг сонгох сонгуульд оролцох намын тухайд болон сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн хувьд нэг танхимт парламент руу чихэлдэж уралцаж сайн муугаа үзэлцэж байснаас парламентын Дээд, Доод хоёр танхимд өөрсдийнхөө гишүүдийг оруулж ЗЗНД-ийн нэгжид хөлтэй болох нь тооны хувьд ч чанарын хувьд ч хэн хэндээ бүр л тааламжтай баймаар.

Гэхдээ “улс төрийн нам” хэмээх буруу нэр томьёо, ойлголтын цаана монголд 30 гаруй нам, 30 гаруй үзэл суртал, 30 гаруй улс төрийн дэглэм, 30 гаруй үйл ажиллагааны зарчим, тэдгээрийн дотор нэг хүний нам, нэг компанийн нам, сонгуульд гишүүдээсээ өөр хүний санал авдаггүй нам, ямар ч хариуцлага хүлээдэггүй нам, жалга довны нам яригдах болсныг юу гэж үзэх вэ!?

Энэ бол сонгогчдынхоо тоотой харьцуулбал аль ч шатны сонгуульд иргэдийн төлөөлөгчийг биш, аль нэг намын төлөөлөгчийг сонгон улс төржиж буй хууль зүйн буруу зохицуулалтаас шууд эх үүсвэртэй нийтийн төөрөгдөл хаяагаа тэлснийг харуулж буй дэлхийд тун ховорхон гажиг үзэгдэл.

Иргэд олон нийтэд зөвхөн шударга манлайлагч, шударга удирдлага, шударга Дорж хэрэгтэй болохоос баян Дорж, багш Дорж, дарга Дорж огт хэрэггүй. Тэд хэзээ ч иргэдийг төлөөлдөггүй, харин шударга Дорж л иргэдийн төлөө дуугарч ард иргэдийнхээ төлөө үйлчилдэг. Мөнгөтэй хүнийг сонгодог, мөнгөтэй хүнд бялдуучилдаг энэ бузар тэнэглэлээс татгалзаж чадахгүй бол “хонь чи чоныг сонгосон бол хонь чи өөрөө буруутай” гэдэг л болно доо.

АС: Тийм гэж бодъё, тэгвэл цаашдаа яах ёстой вэ?

Зүй нь Монголчууд бид нар энэ Монгол Улс үндэстэн, газар нутагтаа тохирсон тийм л өөрийн гэсэн оршин тогтнох арга, уламжлалт хэв загвараа улам төгөлдөржүүлж “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” Үндсэн хуульт шударга ариун төрийн байгууламжийн тогтолцоо бүрдүүлж, түүнийгээ нандигнан хадгалж, хамгаалж сурах нь л гол чухал зүйл болохоос элдэв тоо “моо”, хэлбэр дүрс төдий юман дээр тулга тойрсон жижиг сажиг юмаар оролдоод хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Баярлалаа.

АС: Уучлаарай дахиад нэгхэн асуултад хариулт авчихъя. Үндсэн хууль маань “төр ард түмэнтэй байгуулсан гэрээ” мөн юм уу? Та бараг гадарлаж байгаа байх бид нар нийтээрээ нэг иймэрхүү ойлголттой болчхоод байх шиг байна?

Ийм юм бол байхгүй. Эх хэлнээ хөрвүүлэх үеийн алдаатай орчуулгын ташаарал ч байж болно. Эсхүл манай их мэдэмхийрэгчдийн маань ухуулга, суртал нэвтрүүлгийн алдаа. Нэг бол өөрөө хүнд ингэж ойлгуулах гэсэн хүсэлдээ бүр итгэчхээд “Үндсэн хууль бол төрөөс ард түмэнтэй байгуулсан гэрээ” гэж хадуурдаг байхыг үгүйсгэхгүй. Алдарт Жан Жак Руссо өөрөө ингэж хэлээгүй шиг л санагдах юм.

АС: Тэгвэл Үндсэн хууль ба төр хоёрын хоорондын харилцан хамаарлыг бид чухам юу гэж ойлгох ёстой юм вэ?

Уул нь Үндсэн хууль бол нэг талаас монголын ард түмний амар тайван байдлын баталгаа болгон бүтээсэн та бид нарын өөрсдийн маань бүтээл. Бидэнд үүнээс өөр шударга ёсны дээд үнэлэмж, хүсэл эрмэлзэл гэж байхгүй. Нөгөө талаас Үндсэн хуулийн эзэн нь ард түмэн та бид нар.

Харин хүн төрөлхтөн анхны Үндсэн хуульт байгууламжид шилжсэн 1787 оноос хойших ойлголтоороо бол аль ч цаг үеийн ардчилсан парламент, засгийн газар, ерөнхийлөгчийн институт, яам тамгын газар, нутгийн захиргаа, түүнчлэн иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг 208 мянган төрийн албан хаагч бүгдээрээ шинэ Үндсэн хуулийн үйлчлэгч нь, бас хэрэглэгч нь, мөн хамгаалагч нь гэдэгт Үндсэн хуулийн утга учир оршдог.

Нөгөөх үйлчлэгч, хамгаалагч нар маань ард түмнийхээ амар тайван баталгаа болсон Үндсэн хуулийг өөрчилье, эвдье гэж субьектив ганц нэг санаачилгыг УИХ-ын гишүүн буюу хууль санаачлах эрх бүхий этгээд гаргаж болох хэдий ч эцсийн саналыг зөвхөн Үндсэн хуулийн цэц УИХ-д өргөн мэдүүлж болохоос биш өөр ямарч субьектэд энэ эрх олгогдоогүй болно.

АС: Та ярилцлагынхаа дүгнэлт хэсэг болгож юу гэж хэлмээр байна?

Эрт ба эдүгээ цагийн зарим нэг эрдэмтэн мэргэдийн афоризм үгийг л ишлэе дээ: Иргэний нийгмийн харьцангуй төгөлдөржсөн хэлбэр Гегельд л байдаг. Тэрээр “эрх чөлөө бол ухамсарласан сахилга хариуцлага, шударга журам” гэж үзсэн бол Оксфордын их сургуулийн профессор Самуэль Хантингтон Олон улсын харилцааны онол хандлага /2018 он/ бүтээлдээ “эрх чөлөөгүй дэг журам байж болох ч, дэг журамгүй эрх чөлөө байж болохгүй” хэмээн тодорхойлсон байна.

Хайнс-Зайделийн сангийн судлаач Др. Ёрог Паул Мюллер нарын хэд хэдэн эрдэмтэд “эрх мэдлийн төлөө улайран тэмцэгч ичгүүр сонжуургүй нам, бүлэглэлүүдийн хувийн сонирхол, тэдний ямар ч ёс суртахуунгүй үйлдэл, хариуцлагаас мултрах субьектив санаархал дандаа ҮХНӨ-ийн ард нуугдаж байдаг” хэмээн анхааруулж, “Үндсэн хуульд гар хүрэх аливаа оролдлого сайн сайхан зүйлд хүргэж байсан нь ховор” болохыг тэмдэглэжээ.

Энэ бол Монгол улсын иргэн чи өөрөө Үндсэн хуульт төр засгийн төлөөлөгчийг хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, мөнгөтэй мөнгөгүй, ядуу чадуу гэж элдвээр өөчилж гоочлоод байлгүй шударга хүмүүсийн төлөөллөөр байгуулж сурах хэрэгтэй, бас өөртөө үйлчлүүлж сургах ёстой нь одоо ба ирээдүйн хөгжил төлөвшлийн гол чиг хандлага гэдгийг хэлээд байгаа юм.

Тэрчлэн манай ахмад үе, эрдэмтэн судлаачдын наад захын сургаалаас хэлвэл: “Үнэн үнэнийг л дагадаг. Үнэн хэзээ ч худлыг дагадаггүй. Худал худлыг л дагадаг. Харин худал заримдаа үнэнийг дагадаг, гэхдээ тэр үнэнийг хууран мэхлэхийн тулд түүнийг барааддаг. Худал аливаа юмыг өөрийнхөө атгаг хувийн санаа зорилгод нийцүүлэхийн төлөөнөө бусдыг хайр найргүй бузарладаг”. “Хүн дор хаяж нийгмийн болон байгалийн суурь хуулийг зөрчдөггүй байх ёстой” энэ тэр гээд үргэлжлээд л байна шүү дээ.

Чин сэтгэлийн сайхан ярилцлага өгсөн Ш.Цогтоо багшдаа их баярлалаа.

-- оо О оо --

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгүүлч Э.Мөнхтүвшин


Сэтгэгдэл

Иргэн 2050 [202.126.89.231] 2023-05-20 10:52:21

Онолын хувьд үнэмшилтэй тайлбар хийж, учир шалтгааныг нь ойлгоход дөхөм болгосон Танд баярлалаа

зочин [202.9.40.59] 2023-05-19 10:58:43

100 ямаанд 60ухна хэрэггүй ,,,,,

зочин [192.82.65.120] 2023-05-18 14:42:11

УИХ гишүүдийн халдашгүй эрхийг цуцал,

зочин [202.9.46.197] 2023-05-18 10:56:29

Гишүүдийн тоо нэмэх зөөлөн дархан эрх мэдэлтэй суудалд суух намуудын зорилго Нэг хүн толгойг нь эргүүлж будлиан хутгуур хийж бна сайн зүйл биш тоо нэмэх гээд байгаа бол Дззд доод танхимтай хяналттай параламенттай болох нь хуульч профессор гавьяат багш Цогтын хэлдэг маш зөв ард түмэн дэмжинэ шүү

Зочин [202.9.46.94] 2023-05-18 10:09:54

KHURELSUGIIN AAV NI YUMUU??? YAMAR ADILKHAN ZDA VE!!!

Зочин [66.181.161.142] 2023-05-18 10:09:36

Цогтоо багшийн энэхүү ярилцалгыг уншиж санаа авч сонгуулийн хуулийг шинэчлэх хэрэгтэй байна.

Zochin [202.126.89.237] 2023-05-18 10:01:34

Ene hunii helj bgaag l bodood bga um daa. Togtoltsoo melhainizm ni uurchlugduhgui bol heden hun ch bsan adilhan. 2 tanhimtai bolgood hyanalt hariutslaga tavih ni ard olondoo. Huuli bolovsruupah ni ter jagsaalt enetereeree orj ireh humuust ni bval zugeer dee

Зочин [66.181.179.179] 2023-05-18 09:04:45

энэ өөрчилтийг хийхгүй байх нь зөв. ҮХНӨ хийхэд Дээд Доод танхимтай болж байж ИХ жинхэнэ үүргээ гүйцэтгэж шударга ёс хатуу хуулийн үйчилгээ бий болно. Занданшатарын удирдсан одоогийн УИХ дахин хэрэггүй үйлээ эдлээд энэ сонгуульд оролцох эрхгүй .. оролцвол сонгохгүй байхыг уриалж байна... АРД ТҮМЭН минь ЗӨВ СОНГОЛТ хийгээрэй. ХУЛГАЙЧ худал яриагчдаас зайгаа баръя...

Зочин [64.119.22.95] 2023-05-18 08:31:20

ЦОГТООГИЙН ЭНЭ ӨГҮҮЛЛИЙГ УНШААЧ МАЛ ЗАНДАНШАТАР, ТЭНЭГ ХҮРЭЛСҮХ, МУЛГУУ ДҮНХҮҮ ОЮУН-ЭРДЭНЭ НАРАА. ТА НАР БОЛ ҮНЭХЭЭР МУНХАГ МУЛГУУ, ХУВИЙН ЭРХ АШГАА БОДСОН НОВШНУУД ШҮҮДЭЭ. ГАНЦ ЗААЛТ НЬ "ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ". ҮНЭХЭЭР ИНЭЭДТЭЙ ИЧГҮҮРТЭЙ, УДАХГҮЙ АРД ТҮМЭН ЭНЭ МУЛГУУ ҮЛЙДЛИЙН ЧИНЬ ТӨЛӨӨ ТА НАРЫГ ХОГ ДЭЭР ХАЯЖ ӨМХИЙ ЯВДАГ ЖОРЛОН БОЛСОН ХҮҮРИЙГ ЧИНЬ НОХОЙД ЗУЛГААЛГАНАДАА ХЭЛЭХ ҮГ АЛГА

Зочин [193.143.67.75] 2023-05-17 23:42:39

УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Zochin [66.181.160.17] 2023-05-17 20:29:06

Ih huraliig 450 toloologchtei ard tumenii ih huraldai baiguulj uund ontsgoi buren erhiig ugui hiih heregtei tsalun ugui yanzan buriin davuu erhgui harin baga huraliig zovhon namuud proportsinalaar songogdoj 50 gishuuntei hoorondiin haritsaag ard tumenees sanal avch shiideh

Саналбат [103.26.194.150] 2023-05-17 19:32:00

Энэ сайхан ойлгохоор тайлбарласан байна. Өнөөгийн манай нийгэмд хяналт, шударга ёс дутагдаж байгааг хүн бүхэн мэдэж байгаа тиймээс хоёр танхимтай парламентын хэлбэрийг сонгож, 152 төлөөлөгчтэй дээд доод танхимтай болох нь жинхэнэ хяналттай төр болох байх.

ха ха ха [202.179.24.207] 2023-05-17 18:49:56

Ха ха ха эрт хэлж, ярьж өгч байхгүй яасын, одоо хэлэх чин үнэгүй харагдаж байна. Яг л хаан нүцгэн байна гэж чанга хашгирахаар шийдсэнүү ха ха ха.

Намын тоо нэмэгдэх болов уу? [192.82.89.33] 2023-05-17 18:24:08

Цаашид 2-хон нам УИХ-д ард түмнийг төлөөлөх нь жинхэнэ ардчилал БИШ ЮМ байна гэдгийг 2 нам ойлгосон. Тэгээд гишүүдийнхээ тоог нэмж улмаар намуудын тоог 5-6 болгохыг зорьсон ГЭЖ БАЙГАА. Намын тоо САНАСНААР НЬ нэмэгдэх болов уу? Кх!

иргэн [202.21.117.210] 2023-05-17 16:56:44

Аргагүй л Монгол Улсын гавьяат багш Үндсэн хууль судлаач Үндсэн хуулийн цэцийн гишүүн явсан Шарын Цогтоо гэдэг багш л үүнийг жинхэнэ утгаар нь хэлнэ. Юу үнэн түүний хэлсэн үнэн байна шүү дээ. Одоо шийдвэр гаргагч гэж өөрсдийгөө өргөмжлөн суугаа намчидаа шуналаа татаж улс орноо гэсэн жаахан ч гэсэн бодол байдаг бол өөрсдийгөө татаж аваачээ. Зүгээр л сонгуулиа хуучин байснаар нь хийгээд дүнгээ тавиул өөр ямар ч зам харагдахгүй байна.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.