Р.ДАРЬХҮҮ: ХУВИЙН АМИНЧ ҮЗЭЛ, ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨХ ЗАН, ШУНАЛ ГЭХ МЭТИЙГ ЭМЧИЛДЭГ ЗҮЙЛ НЬ ЁС СУРТАХУУН, ЁС ЗҮЙН БОЛОВСРОЛ

Aдмин / Хууль

ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨГДӨЖ ШИНЭЧЛЭГДЭХГҮЙГЭЭР ХҮН Ч, НИЙГЭМ Ч ХӨГЖИХГҮЙ-


МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарын философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор Р.Дарьхүүтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн дугуй танхимд “Ёс зүй ба ёс суртахуун” сэдвээр лекц тавьсан юм.


-Лекцийг яагаад тавих болов. Хүмүүст энэ талын боловсрол, мэдлэгийн хэрэгцээ шаардлага дутагдаад байна уу?

-Лекцийг МУИС-ийн ахмад багш ажилчдын нэгдсэн холбоо, Соён гэгээрүүлэгч телевиз хамтран цувралаар явуулж байгаа. Намайг “Ёс зүй-Ёс суртахуун”-ы чиглэлээр лекц уншиж өгөөч гэсэн урилгын дагуу уншлаа. Нөгөө талаас, ёс зүй ёс суртахууны асуудал ганц Монгол ч биш дэлхий нийтээрээ анхаарал татсан тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Ёс суртахууны уналт доройтол хүн төрөлхтөн өөрөө орших уу, эс орших уу гэдэг дээр тулаад байгаа. Яагаад гэхээр ёс суртахуун гэдэг нь өөрөө хүнийг хүн болгодог. Хүний мөн чанарыг тодорхойлдог.

Хүний хөгжил нийгмийн хөгжлийн суурь, үнэт зүйл учраас судлаачдын ч төдийгүй хүмүүсийн анхаарлын төвд бий. Мөн ёс зүй ёс суртахууны асуудал нь анги давхарга, нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүй бүгдэд хамаатай. Бүх мэргэжилд мэргэжлийн ёс зүйг ярьж байгаа. Ахмад, залуу, хүүхэд гээд бүх хүнд ёс суртахууны төлөвшил, зан харилцаа, ёс зүйн ээдрээтэй асуудал тулгарах зүйл гарна. Тэр болгонд ёс зүй, ёс суртахуун гэж юу юм бэ гэж гараад л ирнэ. Нэр томьёоныхоо утга учрыг зөв ойлгож байж зөв сонголт хийж, зөв үр дүн гарч, өөрийнхөө болоод бусдын сайн сайхны төлөө ажиллах боломжтой болно. Тэр утгаараа энэ бол мөнхийн сэдэв. Философичид үеийн үед ёс зүй, ёс суртахууны асуудлыг онцгой анхаарч ном, сурах бичиг бичиж ирсэн. Аль ч үеийн алдартай философичид ёс зүйн асуудлаар тусгайлан ном бүтээл бичсэн байдаг. Жишээлбэл, эртний грекийн философич Аристотель “Дээд суртахуун”, “Никомачийн ёс зүй”, “Евдемийн ёс зүй” гээд гурван том бүтээл бий. Германы философич Кант бас хэд хэдэн алдартай ёс зүй, ёс суртахууны алдартай бүтээл туурвисан. Ёс зүй, ёс суртахуун нь хүний мөн чанарыг тодорхойлдог. Тэр нь хувь хүний ёс суртахууны ахиц дэвшлээр нийгэм өөрөө оршин тогтнож, хөгждөг гэдгийг гаргасан байдаг.

-Монголчууд ёс зүй, ёс суртахууны хувьд бусад улсаас өөр үү. Үндэстний ёс зүйн зарчим тусдаа байдаг уу?

-Ёс суртахууны хувьд бол тийм. Үндэсний онцлог болон тухайн нийгмийн онцлог гэж байна. Ёс суртахуун гэдэг зүйл чинь тухайн нийгмийн харилцааны тусгал. Эргээд нийгмийн харилцааг тохируулдаг янз бүрийн эсрэг тэсрэг ашиг сонирхол, хувийн эрх ашиг, нийтийн эрх ашгийг зохицуулах гол хүчин зүйлийг бүрдүүлдэг. Эдгээрийг тэр болгон хуулиар зохицуулж чадахгүй. Хууль гаргаад байдаг, гаргаад байдаг. Хууль гэхээсээ ёс суртахуунаар илүү зохицуулагдах ёстой асуудлууд гэж байна. Тэгэхээр иргэд ёс суртахууны хэм хэмжээ, зарчмуудыг ойлгож, түүнийгээ өдөр тутмынхаа ажил амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлээд явахад аяндаа тэр хүний хөгжил, нийгмийн хөгжил цэгцрээд зөв замаараа явна. Хүнлэг, шударга, хариуцлагатай байх гэдэг нь ёс суртахууны хамгийн чухал суурь зарчмууд юм. Уламжлалаараа манай Монголд ийм зүйлүүд байгаа нь байгаа.

Дашжамц гуай, Золзаяа бид гурвын бичсэн “Монголчуудын ёс зүйн сэтгэлгээний толь” гэж номд монголчууд эртнээс эдүгээг хүртэл өөрийн гэсэн ёс суртахууны үзэл сургаалтай, үнэт зүйлтэй ард түмэн байсан гэдгийг бичсэн. Гэхдээ шилжилтийн нийгэмд тэр үнэт зүйлүүд алдагдсан. Хүнлэг ёс, хүн чанар байхгүй боллоо. Шударга ёс сураггүй боллоо. Хариуцлага гэж байхгүй боллоо. Алхам тутамдаа бид тийм зүйлтэй таарч байгаа шүү дээ. Сүүлийн гучаад жил ёс зүй, ёс суртахуун гэдэг үнэт зүйлээ дутуу үнэлээд, ач холбогдлыг нь ойлгохгүйгээс болж сургалт судалгааны ажлыг цалгардуулсантай холбоотой.

Цөөхөн мэргэжлийн судлаачид судалгаа хийж байна уу гэвэл хийж байгаа. Түүнийг төрийн бодлого, хууль дүрэм боловсруулах, өөр мэргэжлийн судлаачид хийж байгаа ажилдаа онол арга зүйг нь ашиглах ёстой юм. Тэгдэггүй. Ойлгодоггүй, ойшоодоггүй, түүнийг мэддэггүй гэж би боддог.

-Монголчуудыг зовлон үзээгүй ард түмэн гэдэг. Ёс зүй, ёс суртахуун яг аль үед алдагдчихав. Манжийн дарлалд байсан 200 жил, Оросын хамааралд байсан 70-аад жилд энэ үнэт зүйлээ гээсэн гэх хүмүүс байдаг шүү дээ. Бусад орны дарлалд байна гэдэг нь ёс суртахуунд нөлөөлөх үү?

-Мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлнө. Би өөрөө социализмын нийгмийн үед амьдарч, сурч байсан хүн. Социалист, коммунист ёс суртахуун гэж хичээл бидэнд ордог байлаа. Уламжлалт ёс зүй, ёс суртахууны хичээлийг өнгөрсөн нийгмийн үлдэгдэл хоцрогдсон зүйл гэх мэтээр үгүйсгэдэг. Тэгэхээр тэр чинь үнэт зүйл алдагдаж байгаагийн нэг хэлбэр мөн л дөө. Гэхдээ бүр хаячихсан уу гэхээр бас тийм биш. Тэр үед жишээ нь, Дашжамц гуай “Монголчуудын ёс суртахууны дэвшилтэт өв уламжлалаас” гэж ном бичсэн. Уламжлалаас бид дэвшилтэт зүйлийг нь авах ёстой гэж. Огт бас хаяагүй л дээ. Би Манжийн дарлалын үеийг мэдэхгүй юм. Социализмын үед өөрөө амьдарч, сурч байсан хүний хувьд нөлөөлөх нь нөлөөлсөн. Гэхдээ бүр мөсөн хаячихаагүй.

-Та лекцэндээ ерөнхий боловсролын хичээлд “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлд агуулгыг нь өөрчилсөн гэж хэлнэ лээ. Яаж өөрчилсөн юм бол?

-2019 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаал гараад 1-12 дугаар ангид “Иргэний ёс зүйн боловсрол” гэдэг хичээлийг заавал үзнэ гэж заасан. Тэр сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа философи, ёс зүйн чиглэлээр сургалт судалгаа хийдэг хүмүүсээр хийлгэх ёстой байсан. Яагаад гэхээр ёс зүй философи хоёр хамт үүсч хөгжсөн салбар ухаан. Гэтэл тэр сургалтын хөтөлбөрийг Боловсролын яам мэргэжлийн биш хүмүүсээр хийлгэсэн нь гол алдаа болсон. Хэн хийсэн бэ гэхээр академич хүн хийсэн. Төрийн соёрхолт хүн хийсэн гээд байдаг. Академич, Төрийн соёрхолт ч байсан мэргэжлийн хүн байх ёстой. Тэгэнгүүт яасан гэхээр тэр хичээлийн гол агуулгыг монгол өв соёл гээд явчихсан. Гэтэл монгол өв соёл нь маш өргөн хүрээтэй ойлголт. Тэгэхээр суурь өөрийнх нь ойлголт сайн муу, нэр төр, аз жаргал, амьдралын утга учир, хүнлэг ёс, шударга ёс, хариуцлагын тухай ойлголтуудыг нас насанд нь тохируулан хийх байтал тэгээгүй. Монгол ёс заншлын юмнууд баахан оруулчихсан. Хурдан морины шинж, эрийн гурван наадам, дахиад баахан буддын шашны сэтгэл судлалын зүйлүүдийг их оруулсан. Бясалгал, зовлонгийн тухай гэх мэтээр. Нэг дунд сургуулийн хүүхэд ярьж байна л даа. Энэ хичээл дээр нэг улирлын турш зовлон ярилаа гэж. Тэгсэн Буддын сургаалд Дөрвөн үнэний сургаал гээд хүний амьдрал зовлонгоор дүүрэн, зовлонгийн шалтгаан байдаг нь үнэн. Зовлонг гэтлэх нь үнэн гэх мэтээр хичээлүүд оруулсан юм билээ. Гэтэл шашин судлал гээд тусдаа, ёс зүй гэж тусдаа шинжлэх ухаан. Тэр хөтөлбөр доторх хамгийн гол алдаа нь яг ёс зүйн хувьд шинжлэх ухааных нь агуулга нь бага. Оронд нь тэр монгол ёс заншил орчихсон. Монгол ёс заншлыг чинь Монгол хэл, Уран зохиол эсвэл Монголын түүхийн хичээлээр ордог биз дээ. Тэгээд Буддын шашин, сэтгэл судлалын зүйлүүд нь илүү яваад, аргыг дадуулна, билгийг дадуулна гэх мэтээр зүйлүүд оруулчихсан. Миний гол шүүмжлэлтэй хандаад байгаа зүйл нь хөтөлбөрийн нэр агуулга хоёр нь зөрсөн. Гол агуулга нь яг тэр ёс зүйн агуулгаа л хадгалах ёстой байсан. Ёс зүйн гол сургаал, үзэл баримтлалаа ойлгох, зарчим хэм хэмжээг өнөөдрийн амьдралтай холбож оруулах ёстой. Жишээ нь, бага ангийн хүүхдэд нүгэл буян гэж зааснаас юу сайн юм, юу муу юм, харилцааны ёс зүй дээр мэндлэх ёс, талархах ёс, хүндлэх ёс зэргээ хэвшүүлэх хэрэгтэй шүү дээ. Хүнийг яагаад хүндлэх ёстой юм бэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Тэгэхээр таны лекцэнд дурдагдсан нас насны ёс суртахуун өөр өөр байдаг гэдэгтэйгээ уялдах нь ээ?

-Тийм. Бага, дунд, ахлах анги өөр шүү дээ. Нас насны хэрэгцээ шаардлага, сэтгэхүйн онцлог, хүүхдийн өөрийн төлөвшил хандлага, хэрэгцээ бүгд өөр өөр. Тэр бүхэнд тохирсон шинжлэх ухааных нь агуулгаар л явах ёстой. Боловсрол шинжлэх ухааны яам гэж байгаа биз дээ нэр нь. Гэтэл шашны байгууллага нь шашны сургаалаараа ёс зүйгээ төлөвшүүлнэ биз. Заавал түүнийг ерөнхий боловсролд оруулах хэрэгцээ шаардлага байсан уу. Ёс суртахууны боловсрол гэж байгаа бол өөр хэрэг. Эндээс л тэр ёс зүй, ёс суртахуун гэдэг ойлголтыг яагаад ялгах ёстой гэдэг эхлэл нь тавигдана. Ёс суртахууны боловсролыг шашнаар, шинжлэх ухаанаар, сэтгэл судлалаар олгож байна. Олон шинжлэх ухаантай холбогддог. Үндсэн нэр томьёоныхоо утгыг тэр хөтөлбөр дээр алдагдуулсан. Нэр томьёог буруу хэрэглэсэн.

-Монголчуудын ёс зүй маш дордсон гэж ярих болсон. Бид яавал ёс зүйтэй болох вэ. Яавал дэлхийн хүн болох вэ. Яавал дэлхийтэй хөл нийлүүлэн алхах вэ?

-Ёс суртахууны доройтох шалтгаан олон зүйлтэй холбоотой. Түүнээс гарах арга зам ч олон зүйлтэй холбогдоно. Жишээ нь, энэ асуудал нийгмийн тогтолцоотой ч хамаатай. Гараад л ёс бус зүйлүүд дүүрэн. Түүнийг хэвийн үзэгдэл шиг хүлээж аваад эвлэрчихсэн. Гэртээ хичнээн ээж аав нь үлгэр дуурайл үзүүлээд, сайхан авч явдаг, сургууль дээр багш нар мянга сайхан юм яриад байхад гадаа гараад л нөгөөх дээрэлхэлт, хэрүүл зодоон янз бүрийн зүйлүүд нь ил байна. Тэгэхээр нийгмийн тогтолцоогоо өөрчилж, шинэчлэх хэрэгтэй. Жинхэнэ ардчиллаа жинхэнээр хэрэгжүүлэх ёстой. Одоо хуурмаг ардчилал яваад байна шүү дээ. Жинхэнэ ардчилал биш. Хамгийн гол нь ёс суртахууны боловсролыг шинжлэх ухааных нь утга агуулгаар заах ёстой. Шашны байгууллага нь бас жинхэнэ утгаар нь таниулмаар байгаа юм. Шашин нь бизнесийн байгууллага болчихлоо. Иргэнээ энэрэнгүй хүлцэнгүй нигүүлсэнгүй үзлээр хүмүүжүүлэх юмаа хийх хэрэгтэй байна. Тийм зүйлээ хийхгүй байна шүү дээ. Хувь хүмүүс ч гэсэн өөрсдөө бие даагаад ёс зүйд, ёс суртахуунд суралцаж болно шүү дээ. Мэдээлэл, мэдлэгийн нийгэмд интернэтээр дүүрэн ном зохиол, сурах бичиг байна. Ёс зүй гэж юу вэ, ёс суртахуун гэж юу вэ. Энэ хоёр ямар ялгаатай ямар онцлогтой. Ямар харилцан хамааралтай вэ гээд монгол, орос, англи хэл дээр өчнөөнөөрөө мэдээлэл байгаа.

Монгол хэл дээр гэхдээ харьцангуй бага. Заримдаа хуурамч мэдээлэл биччихсэн байдаг. Түүнийг мэдэхгүй хүмүүс илтгэл бичээд байгаа. Би Боловсролын хүрээлэнд 30 илтгэл хоёр өдөр шүүгээд сууж байхад буруу зүйл бичсэн багш нар байсан. Хөдөөний багш нарыг буруутгах арга ч байхгүй л дээ. Ном байхгүй интернэтэд байгаа мэдээллийг ашигладаг. Тэр нь буруу. Интернэтэд байгаа юм болгон үнэн биш шүү дээ. Хогийн сав шиг зүйлүүд их байна. Түүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр их дээд сургуулиудын мэргэжлийн багш нарын бичсэн ном сурах бичгийг уншвал илүү зөв замаараа явна. Мэргэжлийн бус хүмүүст би хэлдэг. Энэ олон жил би ёс зүйг судалчихаад нэг сайн сурах бичиг бичье гээд зүрх хүрдэггүй. Тийм ээдрээтэй нарийн асуудлууд их бий. Тэгэхэд мэргэжлийн биш хүмүүс ёс зүй гэсэн ном зохиол гаргаад, бичээд энд тэнд очоод лекц уншиж байна гэж будилаантуулаад яваад байдаг. Түүнд би их харамсдаг. Аливаа юм мэргэжил шаардана шүү дээ.

-Энэ тал дээр хэлэх шүүмж юу байна вэ?

-Төрийн бодлого л их алдагдсан. Ёс зүй, ёс суртахууны боловсрол олгох бодлого алга. Ёс суртахуун гэдэг чинь нийгмийн бас нэгэн институт байхгүй юу. Бүх юмны суурь. Суурь байхгүй бол барилга нурж унадаг шиг. Ёс суртахууны уналт доройтолд орсон энэ үед аль ч салбар хөгжихгүй. Хүн ч хөгжихгүй. Сайн үйлийг эрхэмлээд, хүн болгон сайн сайхан зүйл хийгээд, бие биенийхээ сайн сайхныг дэмжээд явбал өөр шүү дээ. Тэгэхгүй бие биенийхээ улыг шагайгаад, сайн зүйл хийж байгаадаа атаархаж хорсоод, үгүйсгээд байхаар хөгжихгүй байгаа юм шүү дээ. Атаархал гэдэг хүнд байдаг сөрөг аюултай зүйл. Хувийн аминч үзэл, өөрийгөө зөвтгөх зан, шунал гэх мэт. Эднийг эмчилдэг зүйл нь хувийн ёс суртахуун, ёс зүйн боловсрол байхгүй юу.

-Нэгэн япон эмэгтэй “Ёс зүйтэй нийгэм хөгждөг. Монголчуудыг харахад хөгжих нийгэм биш” гэх утгатай зүйл хэлсэн байдаг. Бид ингэж харагдаж байгаа нь үнэн үү?

-Тийм. Үнэний хувьтай. Ёс суртахууны хувьд өөрчлөгдөж шинэчлэгдэхгүйгээр хүн ч хөгжихгүй, нийгэм ч хөгжихгүй. Эхлээд ямар ч мэргэжилтэн хүн болох ёстой. Хүн болъё гэвэл ёс зүй, ёс суртахууны боловсрол эзэмших ёстой. Яагаад гэвэл хүнлэг, шударга, хариуцлагатай хүн л жинхэнэ хүн биз дээ. Тийм хүмүүс үгүйлэгдээд байна. Байх нь байна л даа. Гэхдээ алхам тутамд хүнлэг бус, шударга бус, хариуцлагагүй зүйлтэй таараад байна шүү дээ.

-Гэр бүлийн боловсролд ёс суртахууныг хэрхэн суулгах вэ?

-Гэр бүлийн боловсрол үүнтэй шууд холбоотой, маш чухал асуудал. Эцэг эхчүүдийн ёс суртахууны үлгэр дуурайл гэж бий. Үглэж биш үлгэрлэж хүмүүжүүл гэдэг шүү дээ. Тиймээс эцэг эх болж байгаа, гэр бүл болж буй хүмүүс гэр бүлийн ёс суртахууны боловсрол, ёс суртахууны харилцааны ёс зүйн хэм хэмжээнд суралцмаар байгаа юм. Бие биенээ хүндэлдэг, бие биедээ шударга ханддаг, хариуцлагатай байвал элдэв төрлийн маргаан зөрчил гарахгүй. Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг юм байхгүй болно. Хичнээн хууль байгаад буурахгүй байгаа биз дээ. Гол зүйл нь хаягдчихаар тийм байдалд хүрч байна. Аль ч салбарт тийм л байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [139.5.219.165] 2023-04-23 18:33:57

Яг эсрэг байхыг илүүд үзэж тэрийгээ Зөв гэж ойлгодог нь Дийлэнх олонх нь болж хувирсан харагддаг товчоор муу ёр нь зөв болсон

Зочин [202.126.90.40] 2023-04-23 09:25:29

Одоо хүмүүс юу санасанаа хийж, мөнгөтэй бол яахаас буцахгүй хүн алж , хүчин хийж, хулгай дээрэм бүгдийг хийж болно гээд боддрг болжээ. ЭЦЭГ ЭХЭЭ АХ ДҮҮГЭЭ ҮР ХҮҮХДЭЭ САДАН ТӨРЛӨӨ ХЭЗЭЭ Ч ХҮНДЛЭНЭ ХӨЙРЛАНА ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН. ЭЦЭГ,ЭХЭЭ,АХ,ЭГЧ,ҮР ХҮҮХДЭЭ,САДАН ТӨРӨО,НАЙЗ НӨХДӨӨ АЛЖ БАЙНА. ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ӨВИЙГ ГАНЦХАН АХ НЬ ЮМУУ ЭГЧ НЬ ЭЗ ДИЙЛЖ АВДАГ ТИЙМ МӨРТЛӨӨ ӨВӨӨ ЭМЭЭ ААВ ЭЭЖЭЭ ДУРСДАГГҮЙ ӨӨӨРИЙН ЧАДЛААР БАЯЖСАН МЭТ СОЛИОРДОГ АХ ДҮҮГЭЭ ДЭЭРЭЛХДЭГ ТЭР НЬ ДААМЖРААД ХҮҮХДҮҮД НЬ ХҮРТЭЛ ЯДАРСАН АХ ДҮҮ НАРАА АД ҮЗЭХ ХЭРЦГИЙ ЗАН ГАРГАХ БОЛ ЭНҮҮХЭНД БОЛЖЭЭ ЭНЭ БОЛ ЭЦЭГ ЭХИЙН НЭГ ХҮҮХДЭЭ ИЛҮҮ ДАВУУ ЭРХТЭЙ БАЙЛГАСАНЫ ГОР ГАРЧ БАЙГАААГ БОДОХ ЦАГ БОЛЖЭЭ.АЛЬ ХҮҮХЭД НЬ БӨГСНӨӨС НЬ ГАРЧ АЛЬ ХҮҮХЭД НЬ ТАРХИ ЗҮРХНЭЭС НЬ ГАРСАН БАЙХ УУ???? ИЙМ МУУХАЙ ЗУРШИЛ БАЙГААГААС АХ ДҮҮ НАР ХООРОНДОО ЭВ ТҮНЖИНГҮЙ НЭГНЭЭ АЛАХ ХҮРТЭЛ ӨС САНАЖ БАЙГАА НЬ ЭЦЭСТЭЭ ӨС ХОНЗОНГИЙН ҮҮР УУРХАЙГ НЭЭДЭГ.

Зочин [202.126.90.40] 2023-04-23 09:08:08

Одоогийн заваарсан нийгэмд хамгийн хэрэгтэй сэдэв..Ёс суртахуун ёс суртахуун бас дахин ёс суртахуун

Анхдагчаа эхлээд тодруулаач. [192.82.87.190] 2023-04-22 22:19:03

Ёс суртахуунгүй бол ёс зүй ч хэрэггүй ш дээ. Эхлээд МОРАЛИА тодруулж, түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ тэмцэлд л ёс зүй буюу этик үйлчлэх ёстой. Тэрнээс эсрэгээр биш. Монголд ёс суртахууны ЛОГИКТОЙ, ЦОГЦ хэм хэмжээнүүд байна уу? Тэрийгээ шийдээгүй байж ЭТИКАА яриад л байх юм. Бүтэхгүй ш дээ.

Бид ч өрөвдөлтэй юмдаа. Ёс суртахууны манлай бүдэг. [192.82.87.190] 2023-04-22 22:36:33

Монгол Далай ламаа авчирч чадахгүй байж Ромын Папыг 9-р сард авчирах гэж байдаг. Монголчууд өрөвдөлтэй юмдаа. Үндэсний шашнаа ч бүрэн хэмжээнд хөгжүүлж авч явж чаддаггүй.

Бид ёс суртахууныг төлөвшүүлэхэд их хоцорч байна. [192.82.87.190] 2023-04-22 22:24:45

Дээхэн үед Ёс суртахууныг нийгэмд шашнаар дамжуулан суулгадаг байсан. Христийн, лалын, иудаист гээд л. Харин Монгол 20-р зуунд коммунизмаар шашнаа орлуулаад 1990 он хүртэл явсан. Түүнээс хойш Буддын шашнаа ОРЧИН ҮЕД НИЙЦҮҮЛЭН сэргээж ЧАДАХГҮЙ явж байна.

Энхжаргал [202.21.108.24] 2023-04-22 14:20:42

Энэ цаг үед ус агаар мэт хэрэгтэй асуудал шүү. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа шат шатны албан хаагч нар энэ талаар шүүмжилэн ярьдаг ч хоосон байгаад байна аа. Нөгөө бодохгүй гэж бодох нь бас бодол гэдэгтэй адилхан. Маш сэтгэл эмзэглүүлж байна аа. Ирээдүй ер нь хаашаа яваад байна. Цаашдын бодлого тодораойлогч нар , түүнийг хэрэгжүүлэгч нар өөрсдөөсөө л эхэлмээр байна. Энэ багштай холбогдох утас байвал өгөөч гэж хүсмээр байна

Зочин [103.57.92.102] 2023-04-22 11:44:11

Япон хэлэнд боловсрол гэх үг хоёр хэсгээс бүрддэг


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.