С.ОДОНТУЯА: ОРОСЫН НӨХЦӨЛ ХҮНДЭРЧ БАЙГАА ҮЕД БИД ДИПЛОМАТ БОЛОН ХУДАЛДААНЫ ОНОВЧТОЙ БОДЛОГО ЯВУУЛЖ ЧАДАХГҮЙ, ХИЙ ХООСОН СУУСААР БАЙНА
УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар болон эдийн засгийн бодлого, шийдлийн талаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт та олонхын бүлгийн гишүүд хуралдаа суухгүй байгаагаас ирц хүрэхгүй, чухал асуудлуудыг хэлэлцэх боломж бүрдэхгүй байгаа талаар хурц шүүмжлэл хэлж байсан. МАН-ын бүлэг шүүмжлэлийг хүлээж авсан уу?
-Хүлээж авахаас өөр сонголт байхгүй шүү дээ. Сонгогчид, иргэд тэднийг хууль боловсруул, хэлэлц, батал гэж л сонгосон болохоос хурал таслаад, хувийн ажил амжуулаад бай гээгүй биз дээ. Энэ талаар яримааргүй байна. Өөр чухал асуудлууд их байхад…
-Эдийн засагч хүний хувьд Засгийн газраас явуулж байгаа хэмнэлтийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг нь улс орны эдийн засаг, санхүүгийн байдлыг өөд татаж чадах эсэх дээр байр сууриа илэрхийлбэл?
-Мэргэжлийн үүднээс тэргүүлэх эдийн засагтай орнуудын сайн туршлагыг тогтмол судалж, ажиглаж байдаг л даа. Өнөөгийн хөгжлийн бодлогууд зарчмын хэдэн тулгуур асуудлыг гүнзгий авч үзэж байж, үр дүн гаргадаг юм байна. Тухайлбал, Тэлэлтийн бодлого, холболтын бодлого, хөрөнгө оруулалтын бодлого, үйлдвэр, худалдааны бодлого, хууль, эрх зүйн бодлого гэх мэт. Орчин цагт эдгээр таван үндсэн чиглэлийг хөгжлийн бодлогод онцолж авч үздэг. Эдгээр нь улс орны төсөв санхүү, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг гэх мэт бүхий л салбарыг хөгжүүлэх суурь нь болдог. Салбар бүрээр асуудлыг салгаж ярих, авч үзэхээ больсон. Амьдрал, бүх зүйл уялдаа холбоотой, нэгдмэл эд шүү дээ. Тийм болохоор Бодлого тодорхойлогчид дээрх таван бодлогыг цогц байдлаар, уялдаа холбоотой нь авч үздэг болох шаардлагатай болж. Байнга л хагас дутуу, цаг үеийн шаардлагад хөтлөгдсөн, автсан байдлаар шийдэх гэж оролдож ирсэн нь хуримтлагдсаар шийдвэрлэх аргагүй том хүндрэл хуримтлуулаад байна шүү дээ.
-Тэлэлтийн бодлого гэхээр жишээлбэл юуг авч үзэх вэ?
-Дэлхий дээрх амьдрал нь тэлэлт, өсөлт хөгжилгүй бол мухардах, мөхөх зүй тогтолтой. Үүнийг маш энгийнээр тайлбарлавал хүн ам тогтмол өсөж байдаг. Хүмүүсийн бий болгож байгаа өсөлтийн дагуу хоол хүнс, эдлэл хэрэгсэл, сурах, хөгжих орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх нь төрийн үндсэн үүрэг юм. Эдийн засаг хүн амын өсөлт, өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээтэй нь уялдаад өсөж байхгүй бол хомсдол, хямрал нүүрлэдэг нь түүхийн туршид тогтоогдсон жам ёс. Гэтэл манай эдийн засаг жам ёсны өсөлтөө үзүүлж чадахгүй лав гурван жил боллоо. Ирэх жил ч өсөлт үзүүлэх найдлага тун бага байна. Ийм байхад эрх баригчид төсвийн орлогыг хэт өндрөөр тогтоож, зардлыг урьд хожид байхгүйгээр өсгөсөн. Дампуу төсөв гэж би хэлнэ. Ийм дампуу төсвийнхөө араас улсаа дампууруулчих вий гэж сэтгэл түгшиж байгаа. Цар тахлын дараах хямралыг давж гарахын тулд Хэмнэлтийн бодлого барих талаар их ярьж байна. Юуг хэмнэх вэ гэдгээ эрэмбэлж, тодорхойлж чадаагүй. Үр өгөөж нь даруй гарахгүй, ажлын байрыг олноор бий болгохгүй, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх жинтэй нөлөө байхгүй төсөл, хөтөлбөрөөс татгалзах хэмнэлт бол зөв зүйтэй гээд дэмжих байна. Гэвч тийм биш байгаа. Жижиг сажиг урсгал зардал танах, илүүдэл орон тоог цуцлах төдийгөөр хэмнэлтийн бодлогыг тунхаглаж байгаа нь хэсэг газрын “гал унтраах” төдий л нөлөө үзүүлнэ.
-Тэгэхээр таныхаар эдийн засаг хийгээд ирэх оны батлагдсан төсөв тун тааруу төсөв болжээ дээ?
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг хямралын, бүр сүйрлийн гэж хэлж болно. Ийм үед эдийн засгийг хумих, “хэмнэх” биш харин тэлэх бодлогоор л аварч, хэвийн өсөлт рүү аваачина. Хямралаас үсрэнгүй хөгжилд хүргэсэн хоёр жишээг дурдах хэрэгтэй. 1929 оны аравдугаар сарын 29-ний “Хар мягмар гариг”. АНУ-ын хөрөнгийн зах дээр том компаниудын хувьцааны үнэ гуравхан цагийн дотор 1000 дахин унаж “Их хямрал” гэх хүнд үе эхэлсэн. АНУ-ын ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт их хямралыг зогсоож, улмаар Америкийн эдийн засгийг үсрэнгүй хөгжилд гаргасан бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн байдаг. Хямралыг давахын тулд хэмнэх “агшаах” бус, эсрэгээр “тэлэх” бодлогыг явуулсан. Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардлыг ихээр өсгөж, хөгжлийн том төслүүдийг Засгийн газрын бонд, зээл, хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж хямралын жилүүдэд хэдэн мянган км авто зам, төмөр зам, нефтийн хоолой, далан, орон сууц зэрэг дэд бүтцийн төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлсэн. Ажилгүйдлийг алга болгосон. Ингэснээр хямралт нөхцөлд иргэдийнхээ орлогыг хамгаалж, ахуй амьдралыг нь дордуулахгүй авч гарсан бодит түүх бий.
Америкийг орон сууцжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 1938 онд Фэнимэй гэгдэх Үндэсний Мооргежийн Нийгэмлэгийг байгуулж ажиллуулж 1938-1968 оны хооронд хүн амынхаа орон сууцны асуудлыг бүрэн шийдсэн байна. Рузвельт “Хямралын үед мөнгө байхгүй байсан ч хамаагүй Засгийн газар том төслүүдийг санхүүжүүлж ажлын байрыг үлэмж нэмэгдүүлж байж л эдийн засгаа аварна” гэсэн Кэйнзийн онолыг хатуу баримталсан. Ийм үзэл баримтлалыг 2007-2008 оны санхүүгийн хямралын үед ерөнхийлөгч Барак Обама, Британийн ерөнхий сайд Гордон Браун нар эдийн засгийн бодлогодоо давтан ашиглаж, амжилт үзүүлсэн. Манай нөхцөл үүнээс онцын ялгаагүй байгаа.
-Та хоёр жишээ хэлье гэсэн. Хоёр дахь нь юу вэ?
-Тэр нь Хятадын туршлага. Мао Зедуны тушаалаар “Либерал хөрөнгөтнүүдийг Хятад орноос цэвэрлэх” уриатай “Соёлын хувьсгалын” уршгаар ган гачиг тохиогоогүй байхад иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж, улс орных нь нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол бүхэлдээ уналтад орж, дампуурч байхад Дэн Сяопин Хятадын удирдагч болсноор түүхэн үсрэлт гаргасан. Дэн капитализмыг социализмтай хослуулах реформ буюу Нээлттэй хаалганы бодлогоо тунхаглаж, гадаадын хөрөнгө оруулалтад үүд хаалгаа нээж, "эдийн засгийн тусгай бүсүүд" байгуулснаар өнөөгийн эрчимтэй өсөлт бүхий Хятад орныг байгуулсан. Гол бахархал нь 800 сая хүнийг ядуурлаас гаргасан явдал юм. Гэтэл манайд ядуурлын хувь өсөөд, одоо бараг гурван хүний нэг ядууралд өртсөн гэх статистик гарсан. Хятадын ДНБ-ий өсөлт 80 дахин өсөж, 1980-2020 онд 191 тэрбумаас 15.6 их наяд доллар болж өссөн. Энэ бол дэлхийн түүхэнд урьд өмнө огт гараагүй өсөлт.
БНХАУ-ын дарга Си Жиньпин эдийн засгийн нээлттэй бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн. Ингэхдээ нэгдүгээрт, зах зээлээ улам нээж, юуны өмнө үйлчилгээ, түүний дотор санхүүгийн үйлчилгээг чөлөөтэй болгоно. Банк болон даатгалын байгууллагуудын гадаадын эзэмшлийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг улам таатай болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг хорьсон жагсаалтаа эргэн харна. Гуравдугаарт, оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулна. Дөрөвдүгээрт, дотоодын хэрэглээний өсөлтөд суурилсан импортоо улам нэмэгдүүлнэ. Тавдугаарт, “Бүс ба зам” төслийн хүрээнд 80 оронтой хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж болох хамгийн өргөн талбар гэж үзэж байна” гэсэн байдаг. Гэтэл бид хүн төрөлхтний сайн туршлагаас зөрөөд хумих, хэмнэх бодлого барьж байгаа нь буруу.
-Олон улсын эдийн засгийн онол, арга зүй их. Бодит туршлага, туулсан замнал ч арвин бий. Үүнийг манай эрх баригчид, бодлого гаргадаг хүмүүс нь харж байдаг болов уу. Бид цаашид ямар бодлого барьж, эдийн засгаа бодитой тэлэх ёстой юм бэ?
-Орчин үед холболтын эдийн засаг, холбогдох чадамж гэх ойлголтууд хүчээ авсан. Холболт гэхээр дэд бүтэц, тээврийн асуудал дангаараа биш. Бүхий л холболт, тэр дундаа эрх зүйн, худалдааны холболт чухал. Өндөр хөгжилд хүрсэн орнуудыг харахад холболтын бодлогыг эрчтэй хэрэгжүүлсэн байдаг. 1989 онд АНУ, Канадын чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсан. Үүнд Мексик нэгдэж ороод 1994 онд Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээг байгуулсан. Ийм далайцтай холболтын дүнд хэдхэн тэрбумын эдийн засагтай байсан Мексик одоо 1.3 их наяд, Канад 1.8 их наяд, АНУ 22.2 их наяд ам.долларын эдийн засагтай болжээ. Дэлхийн ДНБ 91.98 их наяд ам.доллар. АНУ дангаар дэлхийн эдийн засгийн 25 хувийг эзэлж байна. Холболтын бодлого бүгдэд ашигтай тусдаг. Жижиг эдийн засагтай тусмаа холболтоос илүү их хождог. Украины дайн, тээвэрлэлтэд үүссэн гацаа, дэлхийн шинэ хуваагдал Монгол Улсад холболтын өргөн боломжийг нээж байгаа. Даанч холбох бодлого байхгүйгээс асар их боломжийг алдсаар байна.
Ганц жишээ, нефть бүтээгдэхүүний хомсдол. Холболтын бодлоготой байсан бол бид хожоод, ашиг олох нөхцөл бүрэн байлаа. Чех, Унгар, Энэтхэг улсууд холболтын бодлого хэрэгжүүлсэндээ үүссэн нөхцөл байдлаас асар их хожлоо шүү дээ, сүүлийн нэг жилд. Гео стратегич Параг Ханна холболтын бодлогын 2016 онд “Холболтын газар зүй-Дэлхийн соёл иргэншлийн ирээдүйг зураглахуй” гэж номоо гаргасан.
Манай эрх баригчид олоод харчих боломж бий. 2018 онд монгол хэл дээр орчуулагдсан байна лээ. Холболт гэхээр төмөр зам, авто замаа бодох нь хэдий буруу биш ч гол холболт буюу эрх зүйн зохицуулалт, худалдааны өргөн боломж нээх тал дээр огт ажиллахгүй байна. Тийм ч учраас одоо болтол барьсан төмөр замаа хил дамнуулан холбож чадахгүй суугаа. Оросын нөхцөл бүх талаар хүндэрч байгаа нь тодорхой үед бид дипломат болон худалдааны оновчтой холболтын бодлого явуулж чадахгүй, хий хоосон суусаар байна. Эртнээс найрсаг харилцаатай хөрш улсад үүссэн нөхцөл байдлыг зөв шинжлээд, айж хургах биш өөрийн бодлогоор холболтоо хийгээд л явах ёстой байсан юм. Маш их боломж алдагдлаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
DR. PRADHAN [197.211.52.78] 2023-02-24 01:04:10
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Зочин [188.162.254.36] 2022-12-06 14:55:23
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин [202.5.202.132] 2022-12-06 12:53:52
ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр энэ л үед хийж авах хэрэгтэй, бусад үед боломжгүй шүү. ОХУ хийж буй худалдаа манай улс алдагдалтай гардаг
Зочин [124.158.107.35] 2022-12-06 10:14:24
компаны захирлуудыг сонгохоо болих хэрэгтэй