Тоймч ингэж өгүүлэв: Гадаа бөөнөөр тоглох бүү хэл, гар утаснаасаа халдвар авах ч энүүхэнд
Гадаа хавар болжээ. Цонхны цаана хүүхдүүд шуугилдана. Хөвгүүд бөмбөг залах чимээ, бас хоорондоо булаалдан тэмцэлдэх сонсогдоно. Хорооллуудын дундах хүүхдийн тоглоомын талбайнууд хөл хөдөлгөөн ороод эхэлсэн нь энэ. Өвөлжин хөл хорионд байсан хүүхэд залуус аргагүй л гэрээс уйдаж гарч үе тэнгийнхэнтэйгээ наадаж цэнгэхийн түүс болжээ. Коронавирус гээч аюулт цар тахал дэлхийн 200 оронд бүртгэгдэж, 150 гаруй улс орон боловсролын байгууллага үүд хаалгаа бариад байгаа. Монгол Улсад гэхэд албан ёсоор 11 тохиолдол бүртгэгдсэн. Цар тахлын хоёрдугаар үеийн давалгаа Америк, Европын улс орнуудыг хамарч сүүлийн гурван өдөрт гэхэд 121 мянган тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ мэдээлээд байна. Энэ цар тахал үнэхээр аюултай учраас л улс орнууд хил гаалиа хааж, худалдаа, үйлчилгээ, боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож байгаа. УИХ-ын хаврын чуулганыг хүртэл цахимаар зохион байгуулах болж байна. Америк, Итали зэрэг улсад COVID-19-ийн халдвараар залуучууд их өвчилж буйг анхааруулж буй. Байдал ийм байхад манай хүүхэд залуучууд гадаа бөмбөг хөөцөлдөн эрсдэлтэй байдлыг үүсгэж эхэллээ.
“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах эсэх тухай Олон улсын олимпийн хороо, Японы Ерөнхий сайдтай зөвшилцөж буй. Гадаа бөмбөг тоглож буй өсвөр насны хөвүүд залуусыг харахад амны хаалт зүүгээгүй, малгай, бээлий өмсөөгүй харагдаж байна. Тэд юүдэнтэй нимгэн цамц өмссөн төдий. Хөөцөлдөж халууцсандаа шүлс цэрээ тоглож буй талбайдаа хаяж байна. Нийслэл, дүүргээс гаргаж буй гэх тусгай эргүүлүүд ийм л үед үүргээ гүйцэтгэж ажиллах ёстой мэт. Хүүхдүүд тоглож л байвал нар нь гарах бололтой. Олуулаа бөөгнөж тоглож наадах маш аюултай гэдгийг тэд мэдэхгүй байна гэж уг нь баймааргүй юм. Хамгийн гол нь залуу насны сэрэмж болгоомжгүй байдал л тэднийг сагсны шийд рүү хөтөлж байх шиг. Дэлхий даяар аль болох гэртээ аюулгүй тайван байхыг мөрдлөг болгож, гудманд явахдаа дундаа хоёр метр зай барих, хоёроос дээш олуулаа явахгүй байхыг сануулсаар байхад манайд “Өвөлжин гэртээ хоригдсон юм. Одоо агаар салхинд гараг” гэсэн хандлага томчуулын зүгээс ч хүүхдүүддээ тавих анхаарлыг сулруулж байх шиг байна.
Гэтэл энэ халдварт өвчний ид дэгдэлт энэ гурав, дөрөвдүгээр сард идэвхжинэ гэдгийг анхааруулсаар байдаг. Монгол Улс хил гаалиа хааж, сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, халдвар тархах нөхцлийг гартаа авч чадсан ч тоглож наадах сонирхолтой гэнэн хөөргөн хүүхэд залуус олуулаа бужигнах нь тийм ч таатай үр дагавар дагуулахгүй л байх. Тиймээс томчуул үр хүүхдэдээ тавих хяналтаа сулруулмааргүй байна. Бохирдсон хөрсөн дээр олуулаа бужигнаж, гараас гарт бөмбөг дамжуулан, агаар амьсгаагаараа харилцах бүү хэл, гар утаснаасаа ч халдвар авч болохыг вирус судлаачид сануулсаар байхад хүүхдүүд дураараа олуул бужигнах нь аюулын харанга дэлдэж болохыг хаа хаанаа санаж байхад илүүдэх юун билээ.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ