Ирвэсний ангуучдад ээрэгдэж яваа хүн...
Наяад оны дундуур манай саахалтын, байгаль хамгаалагч, угтаа ирвэс хамгаалагч “бүдүүн” Нэргүй ах Арцын нуруунаас сэм ирвэс агнасан юм. Цагаан хадын хөндийгөөс хэтэрч мэдээлэгдээгүй тэр ирвэсний арьс суудлын машины үнэд хүрдэг гэнэ хэмээн манай хот айлынхан тэрүүхэндээ шуугиж билээ. Үнэндээ Нэргүй ах түүнийгээ машин битгий хэл унадаг дугуй ч болгож чадаагүй нь тодорхой. Ирвэс ч яахав, ирвэсийг агнасан процесс л их сонин сонсогддогсон. Эхлээд ирвэс явдаг газраа тодорхойлж нуувч бэлдсэн байна. Нуувчин дотроосоо ирвэсээ буудангуутаа гялс газрын уруу бөмбөрөөд, дор байгаа эрэгний ирмэгт хүрэхэд эмээлтэй морь нь бэлэн байж, түүн дээрээ үсэрч мордоод зугтаажээ гэж. Энэ процесс болсноос нэг цагийн дараа эргэж очиход өнөө буудсан ирвэс нь Нэргүй ахын нуувчийг зад татан, онилж буудсан хэвтэр дээр нь ирээд үхсэн байжээ. Нэргүй ах энэ бүгдийг урьдчилж тооцсон учраас амжиж зугтаасан нь тэр гэнэ. Ирвэс гэдэг амьтан ийм хүчирхэг, эцсийн амьсгал дуустлаа дайсныхаа эсрэг тэмцдэг, их шийдэмгий болохыг бяцхан ухаандаа ойлгосон юм. Гэхдээ өнөөдөр ч гэсэн “бүдүүн” Нэргүй ахыгаа бөмбөг шиг хурдан бөмбөрөөд, морин дээрээ үсэрч мордоод... гэдэгт нь итгээгүй л яваа. Харин ирвэсийн анчид нь ирвэс хамгаалагчид өөрсдөө байдаг логикыг мэдсэн. Үеийн үед ав хомрого бүхэн ийм логиктой явж ирсэн юм шиг байна лээ.
Энэхүү дурсамжийг маань сэргээсэн нэгэн хэрэг явдал бол ирвэсний өлгий нутаг Өмнөговийн Тос, Тосон бумбын нуруунд уул уурхайн арав гаруй компани эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн явдал. Учир нь сая ярьсан “бүдүүн” Нэргүй ахын ирвэс нухаж явсан Арц богд, Бага Богдын нуруутай энэхүү Тосон бумба нь зэрэгцээ оршдог юм. Ах хүүгийн маань хойтохыг нь уншиж байсан ирвэснүүдийн үр хойч тэнд байгаа учраас би бухимдалгүй яахав. Эдгээр арав гаруй уурхайнууд дотроо Их хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшиж байсан уурхай олны анхааралд их өртөв болтой. Бусад уурхайнууд нь бол яах вэ, бүгдээрээ Хятадын хөрөнгө оруулалттай юм билээ. Тийм болохоор монголчууд зогсоож дийлэхгүй. Харин Тосон бумбаас 120 км-ийн зайтай байгаа Б.Чойжилсүрэнгийн зарсан уурхайг бол дийлнэ. Тэр Их Хурлын гишүүн учраас элдэв хэл амгүй байхыг хичээнэ. Улс төрийн карьераа өөрт нь байсан ордоос болж сөнөөхгүйг хичээнэ. Ийм нээнтэгүүд байгаа учраас Аргалант уулын анчин журанууд буюу Тосон бумбын ирвэс хамгаалагчдаа дөгөөж дэмжих нь зөв байлаа. Цаана нь Чойжоог дийлэх том шалтгаан байсныг цөөн хүний түвшинд бас гадарлаж байсан юм. Хаа ч гэж Чойжоо нь их ярьдаггүй хүн юм. Элдэв дайралт, цуурхалд хариу барьж байсангүй.
Асуудлыг шийдэж ирсэн, ажлын ард гарч сурсан, цаашид ч юу хийхээ мэдэж байгаа түүнд хүмүүсийг сөргүүлэн зогсоох компанит ажил өрнөж байгаа нь илт. Тэр сэтгүүлчийн асуултад юу гэж хариулсан гээч... “Өнөөдрийн хөрөнгөтэй хүмүүсийн хамгийн тохиромжтой дүр нь би бололтой. Бизнестэй, УИХ-ын гишүүн учраас би тохиромжтой дүр нь болжээ. Одоо яах вэ дээ. Миний гуравдугаар курсийн оюутан, 20 настай байхдаа сонгосон амьдрал энэ. Тухайн үед би 20, 30 жилийн дараа ийм зүйл болно гэдгийг яаж мэдэхэв. Хүмүүсийн сэтгэгдлийг харахаар УИХ-ын гишүүн, мөн “Хурд” гэж компанитай учраас намайг их шуналтай гэж ойлгоод байх шиг. Би дараа нь шуналын тухай ярина аа” гэсэн юм. Их л сонирхолтой бас бодууштай хариулт. “Дараа гэх юу байсан юм, одоо яриач. Таныг их шуналтай гэдгийг Ерөнхий сайд орон даяар ярьсан шүү дээ” гэвэл “Шунал гэх үү, амбиц гэх үү. Бизнес хийдэг бүх хүнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл байдаг. Зардал нэмэгдэхийн хэрээр нэмж ашигтай ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр бизнесийнхний энэ амбицыг шунал гэдэг үгээр тодорхойлож болох юм уу. Их бага бизнес хийж байгаа бүхэн ийм амбицтай. Ер нь ажил амьдралын төлөө зүтгэж, хөдөлмөрлөж байгаа бүх хүн өгсөж дээшлэх, өргөжиж тэлэх шуналтай шүү дээ. Та ч гэсэн сайн сэтгүүлч болохын төлөө шунан дурлаж, амбицтай хөдөлмөрлөж байгаа биздээ. Тэр чинь шунал уу. Ерөнхий сайдын суудалд хүрэх карьер, амбиц, шунал мөн үү” гэсэн юм. Оюутан цагаасаа эхлэн эцэс цуцашгүй, шөнөд оройгүй, шөлөнд дээжгүй явтлаа зүтгэсэн түүнийг үгүйсгэх аргагүй л дээ. Хүний үнэн хөдөлмөрийг хааш нь хийх юм. Хөдөлмөрч хүний хөлд чирэгдэж үхмээр тийм нялцгай үеийнхэн энэ цаг үед их болохоор түүний 30 жилийн хөдөлмөрийг шороотой хутгаж байгаа нь дамжиггүй. Харин үеийнхэн нь түүний асар их хөдөлмөрийг үгүйсгэдэггүй нь харагддаг. Бизнесийнхээ төлөө олон шөнө нойргүй хонож үзсэн Б.Чойжилсүрэн шиг хүмүүсийн амнаас шуналын талаар иймэрхүү тодохойлолт гарна. Мань мэт ямар тэгж нойргүй хонож үзсэн биш. Монголын нийгэмд өрсөлдөгчддөө мэрүүлэх тусам гангараад байдаг эрчүүд байдаг. Чойжоо ч тийм дээрээ л явах шиг байна. Наад зах нь түүний барьсан хэдэн зуун орон сууцанд амьдарч байгаа хүмүүс, түүнийг хэдэн зуугаараа боорлон зүхэж байгаа нь түүний амьдралыг ийм л гоё, сонирхолтой болгож байгаа байлгүй...
Ингэх тусам нь Б.Чойжилсүрэнг бүгдээрээ сайн муулах хэрэгтэй. Ертөнц дээр ямар л муу муухай үгний цуглуулга байна тэр бүгдээр түүнийг булая. Монголчууд “ жинхэнэ” хүнийг ингэж л бүтээдэг чанга ард түмэн. Бүтэн нэргүй явж байгаад бүтэн нэртэй үлддэг. Бүтэн нэртэй явахыг хичээдэгүүдийг бүтэн нэргүй дуусгадаг сонин ард түмэн. Б.Чойжилсүрэнгийн нэрийг өнөөдөртөө бүтэн байлгахгүйн тулд зүтгэгчид цөөнгүй. Зүхүүлээд л байна. Уг нь энэ бүгдийн шалтаг шалтгаан нэн тодорхой юм. Хүмүүс санахгүй л байгаагаас биш.
2016 оны сонгуулийн дараа Б.Чойжилсүрэн Сангийн сайд болсон. Тусдаа дөрвөн төсөвтэй болчихсон Монгол улсын Сангийн яамны сайдаар очсон юм шүү дээ. Ирвэсний анчид энэ нөхрийг ангуучлах болсон шалтгаан ерөөсөө эндээс эхтэй юм. Үүнийгээ өөрөө ч мэдэхгүй явж байгаа байж мэдэх л байх. Жишээ нь, Сүх гэж айл байлаа гэж бодьё. Ам бүл арвуулаа. Амьдрах гэж үзэж тарж байгаа. Гэтэл энэ өрхийн жаахан төсвийг дөрвөн хүн мэдэж хуваадаг. Аманд ч үгүй, хамарт ч үгүй. Төсвийн дөрвөн захирагчийн ард дөрөв дөрвөн ам ангайж байгаа. Хоол ахиухан идэх гээд. Тэр олон амны ард дахиад дөрөв дөрвөн ам бий. Ингээд цаашлахаар олон том эрх ашгууд байсан байгаа биз. Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоод өрөөндөө орлоо, ширээн дээр нь Ерөнхий сайдын төсөв. Зэрэгцээд Хөгжлийн банкны төсөв, хажууд нь Монгол банкны төсөв, тэгээд Нийслэлийн том төсөв. Энэ олон төсвийн захиран зарцуулагчид, ардаа олон зуун хүн жагсаачихсан зогсож байсныг мань Чойжоо нэгтгээд, нэг төсөвтэй, нэг цонхоор гардаг, нэг захиран зарцуулагчтай болгоод цэгцэлчихгүй юу даа. Дөрвөн том төсвийн чинь ард хоёр намынхан, том жижиггүй гудрах гээд зогсож байна биздээ. Б.Чойжилсүрэн үнэндээ ингэж л “мэдрэлтсэн” юм. Улс орны эрх ашигт үнэхээр тустай үйл хэргийг тэр хийсэн ч хариу нь өнөөдрийн үйл явдлууд гэж улс төр судлаачид бичээд байгаа нь ийм учиртай. Хэн эрх мэдлээ булаалгаж, хоолноосоо салахыг хүсэх юм бэ. Хоолноос нь салгасан хүнд хэн сайн байх юм бэ. Төсвөө булаалгасан ангуучид Чойжоог ирвэс л гэж харна биздээ. Ирвэс, ирвэсний ангуучдын өчигдрийн түүх ийм л юм билээ.
Яг үнэндээ Б.Чойжилсүрэнгийн үеийнхэн өнгөрсөн 30 жилд үхэхээс бусдыг үзэж, үхэр цам харайхыг харсан байлгүй дээ. Оросод, оросуудад буудуулчих шахан бизнес хийж, монголд модоо барьчих шахан бизнесээ үргэлжлүүлж... Өнөөдрийг хүртэл монголын бизнес-улс төрийн орчинд юу болсон, юу болж байгаа, цаашид юу болохыг гадарладаг Б.Чойжилсүрэн, түүний үеийнхэн бүгдээрээ тус бүрдээ нэг том номын сан даа. Биенийхээ сайн мууг, туулж ирсэн зам мөрийг бүгдээрэй мэднэ. Эдний үеийнхний энэ намтар замнал өөрөө ардчиллын 30 жил дэх Монголын түүх. Уг нь энэ түүхийг эдний үеийнхнээс үнэнээр нь бичиж үлдээмээр байгаа юм. Тийм зүрх зориг байхгүй л дээ. Анхныхаа саяыг яаж босгосноос эхлээд амь насаа өгчих шахан байж бий болгосон бизнесээ ганцхан шөнийн дотор орвонгоор нь эргүүлчих шахаж байснаа, тэгээд амь хэлтэрсэн... гэхчлэн аймшигт цаг үе, эр хүний туулах ёстой адармаатай зам мөрүүдээ Б.Чойжилсүрэнгийн үеийнхэн цаасан дээр буулгавал маш их үнэ цэнтэй. Ардчиллаас хойшхи арав, хорин жилд чөмгөө дундартал зүтгэсэн хүмүүсийг бидний үеийнхэн ойлгоход их нэмэр болно. Ардчилсан хувьсгал, соц нийгмийг халж байх үед арван хэдтэй байсан хүүхдүүд өнөөдөр тэднийг онцгой зүхэж байгаа. Ялангуяа сошиалд. Гэтэл ах нар бол махаа зулгаасан. Ерэн оноос эхлэн энэ орны бүх салбарт залуу халуун насаа зориулсан хүн бүр түүхийн гэрч, бас түүхэн үйл явдлуудад оролцогчид, улс орноо авч явагсад. Эдний үеийнхнээс цагийн эрхээр нэг нь буцлаа гэхэд нэг том номын сан устаж байгаа эмгэнэл. Өнөөдрийн сошиалд их мэдэмхийрэхчид бол зүгээр л тэр номын сангийн сайн уншигчид байх ёстой. Яагаад гэвэл тэдний бий болгосон баялагыг өнөөдөр та бүхэн хүртэж байгаа учраас.
Шулуун шударга, алдаа эндээгүй явсан хүмүүсээс л ганцхан сайн юм гардагын биш. Харин алдаж онон байж уулын хяр дээр гарсан хүмүүсээс сайн юм гардаг нь хүний нийгмийн түүх. Тийм болохоор өнгөрсөн 30 жилийн Монголын түүхийг бүтээлцсэн хүмүүс бол сайн бүтээлүүд тавиур дээр нь байгаа амьд номын сангууд юм. Б.Чойжилсүрэнгийн хувьд ч гэсэндээ өнөөдөр болж байгаа үйл явдлууд түүний хойч үедээ үлдээх нэг ном нь. Мань хүн өөрөө тэгж бодож байгаа эсэхийг мэдэхгүй. Бараг эдний үеийнхэн ч өөрсдийн өнөөдрийн замналаа ингэж харахгүй байгаа биз. Гэхдээ харах ёстой... Ирвэсний ангуучид бүх цаг үед байдгыг хойч үеийнхэндээ хэлж байх ёстой.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
Эрдэнэт үйлдвэрийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, ил тод байдлыг хангана