Баянхангай суманд сайжруулсан түлшинд 3 хүүхэд угаартаж, 2 нь газар дээрээ нас баржээ
Иргэд шахмал түлшинд угаартаж, амиа алдсан харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна. Өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүрэгт нэг гэрт 10 хүн угаартаж амиа алдсан. Тэгвэл 4 дүгээр сард энд тэнд хэд хэдэн хүн угаартаж амиа алдлаа. Он гарснаас хойш нийт 932 хүн угаартаж, 20 хүн нас барсан талаар албан эх сурвалжийн өгсөн мэдээлэл бий. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдсэн хэрэг. Харин сүүлийн үед орон нутагт ч иргэд угаартаж, нас барсан тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, 4 дүгээр сарын 2-ны шөнө Төв аймгийн Баянхангай суманд гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь газар дээрээ нас барсан харамсалтай явдал болжээ. Энэ талаар бид тус суманд очиж сурвалжиллаа.
Баянхангай сум бол хүмүүсийн сайн мэддэг Атарын сангийн аж ахуй билээ. Сумын төв нь төв зам дагуух гуанзнуудаас хойш таван километр зайтай. Биднийг сумын төв рүү явж байхад зам зуур автомашин нь эвдрээд зогсчихсон өсвөр насны гурван хүүхэд, нэг ахимаг насны эмэгтэй таарав. Энэ айл Баянхангай сумынх аж. Ахимаг насны эмэгтэй “Манай машин эвдэрчихлээ. Энэ гурван хүүхдийг сумын төв рүү дөхүүлээд өгөөч” гэв. Бид ч гурван хүүхдийг аваад сум руу хөдөллөө. Зам зуур манай машинд суусан хүүхдүүд хоорондоо ангийнх нь найз угаартаж, нас барсан талаар ярив. Сонирхоод асуутал “Саяхан манай суманд гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь нас барсан. Тэр нас барсан хоёр хүүхдийн нэг нь манай анги” гэв.
Бид тэр хүүгээс “Чи хэддүгээр анги вэ. Хэдэн настай вэ” гэж асуутал “Би 16-тай. 11 дүгээр ангид сурдаг” гэж байна. Угаартаж нас барсан охин хичээл сурлагадаа гайгүй, нийтэч зантай гэдгийг ангийнх нь хүүхэд хэллээ.
Бид хүүхдүүдийг гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд, зорьсон айлаа сурагласаар очив. Хашааных нь үүдэнд очоод хартал гэр нь эзгүй, цоожтой байлаа. Энэ эзгүй айлын баруун талын онгорхой хаалгатай хашаан дотор нэг эмэгтэй ойр орчмоо цэвэрлэж байгаатай таарлаа. Түүнээс хажуу айлд нь болсон явдлын талаар лавлав. Тэрээр “Нэлээд хэд хоногийн өмнө болсон хэрэг. Бид яг тэр үеэр Улаанбаатар хот руу явчихсан байсан. Гэртээ ирээд л манай хөршийн хүүхдүүд угаартаж нас барсан гэдгийг мэдсэн. Одоо ээж, аав нь том охиноо эмчлүүлээд хотод байгаа юм билээ. Хоёр бага охин нь өнгөрсөн. Бидэнд өөр мэдэх зүйл алга байна” гэлээ.
Дараа нь бид амиа алдсан 16 настай охинд хичээл ордог багштай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
“ХОРИОТОЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ҮНЭ НЬ ХЯМД БОЛОХООР ШАХМАЛ ТҮЛШ ТҮЛДЭГ”
-Танай суманд хүүхдүүд угаартаж, амиа алдсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үнэн. Тийм хэрэг саяхан гарсан. Амиа алдсан нэг охин нь манай сургуулийн 11 дүгээр ангийн сурагч байсан.
-Яг хэзээ болсон явдал вэ. Та санаж байна уу?
-Санаж байна. 4 дүгээр сарын 2-нд болсон. Бид тэр үед сум орон нутгийн удирдлагуудтай хамт хаваржилтын нөхцөл байдал гээд малчидтай уулзаад явж байсан. Ийм хэрэг боллоо гээд бүгд буцаад сумандаа ирцгээсэн. Харамсалтай нь хоёр хүүхэд өнгөрчихсөн байсан.
-Угаартаж амиа алдсан гэдэг нь тогтоогдсон байх, тийм үү?
-Шинжээчийн дүгнэлт нь эцэслэгдэж гарсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар угаар таж нас барлаа гэдэг мэдээллийг холбогдох хүмүүст нь өгсөн байна лээ.
-Гурван хүүхэд угаартсан гэдэг мэдээлэл байгаа шүү дээ. Нэг нь 16 настай, танай сургуулийн 11 дүгээр ангийн охин байж. Нөгөө хоёр нь ямар хүүхдүүд байсан юм бол?
-Эгч дүү гурвуулаа гэртээ байсан юм билээ. Том нь 18 настай. Дундах нь манай сургуулийн охин, 16 настай. Харин бага нь бүр нялх хүүхэд, хөөрхий. Хоёр настай байсан. Ийм гурван охин гэртээ байж байгаад угаартсан нь харамсалтай. Том нь азаар амьд гарсан. Одоо Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа байх. Гэхдээ нэлээд хүнд байна гэж дуулдсан. Нөгөө хоёр охины хувьд тэр орой нас барсан юм билээ.
-Нэг сумын хүмүүс болохоор тэр хүүхдүүдийн ээж, аавыг нь таних байх. Сумын төвд байдаг хүмүүс үү. Ямар ажил эрхэлдэг юм бол?
-Бүр сайн танихгүй ээ. Гэхдээ мэдэлгүй яах вэ, нэг нутаг усны хүмүүс юм чинь. Ээж, аав нь залуу хүмүүс. Одоо гуч гаруйхан настай л хүмүүс. Ээж нь манай сумын цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад саяхан гарсан юм билээ. Аав нь нутгаасаа хол, Улаанбаатар хотод ажил хийдэг сураг сонсогддог. Амьдралынхаа төлөө таарсан ажил болгоныг л хийдэг юм шиг байна лээ.
-Яагаад гурван хүүхдээ харах хүнгүйгээр гэрт нь үлдээчхээд явсан юм бол. Ээж нь тэр үед байхгүй байсан юм болов уу?
-Цаад шалтгааныг нь би сайн мэдэхгүй. Амьдралынхаа төлөө ажил төрлөө хийцгээгээд л явдаг байсан байх. Гэр бүлийн хувьд багагүй асуудалтай юм шиг байна лээ. Хүүхдийн эрх ч зөрчигдөж байсан байж магадгүй. Сумын хамтарсан хурал гэж болдог. Тэр үеэр энэ гэр бүлийг сум, орон нутаг анхааралдаа авахгүй бол болохгүй. Учир нь гэр бүлийн хувьд тогтворгүй харилцаатай гэж хэлж байсныг сонссон.
-Тогтворгүй гэдэг нь юу гэсэн үг юм бол?
– Аав нь 14 хоног ажиллаад, 14 хоног гэртээ байдаг. Ийм ажлын хуваарьтай болохоор гэр бүлийн харилцаа тогтворгүй болж эхэлдэг. Олон залуу гэр бүл үүнээс болоод хөндийрдөг шүү дээ. Яг л тэр жишээ энэ гэр бүлд тохиолдсон байх.
-Яагаад энэ гэр бүлийг онцлон анхаарах шаардлага үүссэн юм бол?
-Гэр бүлийн хувьд бага сага асуудал байсан юм шиг байна лээ. Хүмүүсийн амьдралд тэр бүр оролцох эрх бидэнд байхгүй шүү дээ. Гэхдээ ээж нь гурван хүүхдээ үлдээгээд мөн л Улаанбаатар хот руу явчихдаг гэж сонссон. Аав нь бас Улаанбаатар хотод ажилладаг. Эцэг, эх нь ингээд явчихаар ард нь энэ хүүхдүүд харах хүнгүй үлдчихээд байна. Тэр дундаа хамгийн бага охин болох хоёр настай хүүхэд энэ гэр бүлийн төрсөн охин биш. Ээжийнх нь дүүгийнх нь охин. Тиймээс энэ гурван хүүхдийг анхаарах шаардлагатай гэдгийг хэлсэн. Харамсалтай нь гэнэт ийм явдал болчихлоо. Ер нь орон нутагт гэр бүлийн их том асуудлыг хөндөж ярих цаг болсон байх гэж боддог.
-Амиа алдсан 16 настай охины төрсөн дүү биш гэсэн үг үү?
-Биш. Манай 16 настай сурагч охины ээжийнх нь дүүгийн хүүхэд нь тэр хоёр настай жаахан охин байсан юм билээ. Тэр охины ээж төрөхийн хүндрэлээр өөд болсон гэж дуулсан. Тэгээд эгч нь охиныг нь өргөж авсан гэдэг. Харамсалтай нь өөрийнх нь охин болоод дүүгийнх нь хоёр настай хүүхэд хамт угаартаад өнгөрчихлөө. Үнэхээр харамсалтай хэрэг.
-Юунаас болж угаартсан юм бол?
-Тэр орой манай суманд бороо орсон. Энэ үед өрхөө бүтээх гээд яндангаа сугалсан юм гэсэн. Тэгээд л гүйцэд унтраагүй галаас угаар тархаж, битүү гэрт унтаж байсан хүүхдүүдэд аюул учирсан болов уу гэсэн таамаг байна. Гол нь тэднийх түүхий нүүрс биш, Улаанбаатар хотод түлдэг сайжруулсан шахмал түлш түлж байсан юм билээ.
-Та түрүүн орон нутаг дахь гэр бүлийн асуудал хүнд байгаа гэдгийг хэллээ. Яг ямар асуудал орон нутагт байна вэ?
-Сум орон нутагт гэр бүл салалт өндөр байгаа. Салалтын гол шалтгаан нь тогтвортой ажлын байр байхгүйгээс болдог. Суманд гэр бүлээрээ амьдаръя гэхээр малгүй бол амьжиргаагаа залгуулахад хэцүү. Цөөн хэдхэн л ажлын байр байгааг бүгд мэднэ. Тэр нь дүүрчхээр бусад хүмүүс юу хийх вэ. Мэдээж манайх шиг хоттой ойрхон сум бол Улаанбаатарт очоод ажил хийхийг бодно. Үүнээс болоод гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алга болдог. Би багш мэргэжилтэй. Аав, ээж нь гэрээсээ хол ажилладаг хүүхдүүдийн сэтгэл санаа, сурлага, зан ааш нь тэс өөр байдаг. Мөн аав, ээж нь хоорондоо харилцаа муутай байгаа гэр бүлийн хүүхдүүдийн сэтгэл санаа ч тогтворгүй, байнга стресс бухимдалтай явдаг. Үүнийг багш хүн болгон мэддэг, мэдэрдэг болов уу. Тиймээс гэр бүлийн асуудлыг хот, хөдөө гэлтгүй шийдэх хэрэгтэй байгаа юм.
-Сайжруулсан түлш түлж байсан гэж хэлсэн. Уг нь энэ түлшийг нийслэлээс гаргахыг хориглодог биш бил үү?
-Шахмал түлш гэж их муухай зүйл байна. Таны хэлдгээр орон нутаг руу гаргах нь хориотой. Гэхдээ манайхан л болсон хойно үнэ хямд, илч дулааныг нь бодоод, яаж ийгээд авчраад түлчихсэн байдаг. Одоо ч зарим айл сайжруулсан түлш түлж л байгаа байх. Орон нутагт “Портер”-той шахмал түлш зарж байгаа хүн ч цөөнгүй байдаг. Тэр хүмүүсийг цагдаагийнхан барьж, зогсоосон гэсэн. Иймэрхүү зөрчил их гардаг болсон.
Сэтгэгдэл