УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2024” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадам өчигдөр болж өндөрлөлөө.
Энэ жилийн наадмыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн ухааны доктор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэвийн 90 жилийн ойд зориулснаараа онцлогтой. Тус наадмын сүүлийн шатанд Б.Баярсайханы “Хөөрхий дөө Ажаа минь”, Ц.Ганболдын “Савдгийн цуурай”, Г.Болормаагийн “Саарал улиан”, Г.Хашбаатарын “Тэр дахиад л буруу “бэччихлээ””, Б.Сарантуяагийн “Рэгдэндагва”, Р.Зүмпэрлхамын “Хонины хаан”, Т.Бум-Эрдэнийн “Чулууны хэлмэрч”, НА.Батболдын “Ангийн жихрээ”, Х.Эрдэвийн “Тангараг”, М.Эрдэнэбатын “Долдугаар тасаг” гэсэн 10 өгүүллэг шалгарч үлдсэн юм.
Улмаар “Утгын чимэг-2024” наадамд зохиолч, сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэг тэргүүн байрт шалгарлаа. 35 дахь удаагийн наадамд ганцхан байр эзлүүлснээрээ онцлогтой бөгөөд бусад есөн зохиолчид Л.Түдэвийн нэрэмжит тусгай шагнал олгосон юм. Тэгвэл “Шилдэг уран уншигч”-аар соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнгөнтулга тодорчээ. Тэрбээр соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэгийг уншиж, олны сонорт хүргэсэн байна.
Ташрамд өгүүлэхэд, 35 жилийн тэртээ Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв бичгийн мэргэдээ уриалан их Д.Нацагдоржийнхоо “Шувуун саарал” өгүүллэгээр нэрийдсэн нэгэн наадмыг санаачилсан нь өдгөө ийнхүү үлджээ.
Сэтгэгдэл