Бизнесийн шударга бус өрсөлдөөний орчин: Бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч буй сорилтууд
![](/files/qzep7vvdqblmon67enz1/3/d77ec49b-c2b4-4cbe-9ae8-991e23554878.jpg)
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад бизнесийн шударга өрсөлдөөний орчин алдагдаж, дотоодын бизнес эрхлэгчид гаднын өрсөлдөгчдийн давамгайлалд сөгдөж буй нь бодит асуудал болоод байна.
Техник, технологийн хурдацтай хөгжил, цахим шилжилт, дэлхий нийт даяаршихын хэрээр олон улсын компаниуд манай улсын зах зээлд эрчимтэй нэвтэрч, дотоодын бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буй.
Монгол Улсын төрийн зохицуулалтын олон шатлал нь дотоодын бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулахын тулд олон төрлийн тусгай зөвшөөрөл, лиценз авах шаардлага бий болгодог. Гэтэл гадаадын томоохон корпорацууд ямар ч хяналт, зохицуулалтгүйгээр Монголын зах зээлээс ашиг орлого олсоор байна.
Төрийн зохицуулалтын гадуур гадаадын технологийн компаниуд Монгол Улсад цахимаар үйлчилгээ үзүүлж орлого олдог ч татвар төлөхгүй байгаа нь тэдэнд өрсөлдөөний томоохон давуу талыг үүсгэж байна. Үүний тод жишээ нь Facebook Ads, YouTube Premium, Netflix, Binance, Amazon зэрэг платформууд Монголын хэрэглэгчдээс төлбөр авч орлого олдог ч одоогоор Монгол Улсад нэг төгрөгийн татвар төлж байгаагүй юм.
Дотоодын бизнес эрхлэгчид олон төрлийн татварын дарамт, зохицуулалтын хязгаарлагдмал орчинд эдгээр том корпорацтай өрсөлдөх нь Арслангийн аманд орсон туулайтай л ижил биз.
Монгол Улсын төрөөс зөв бодлого хэрэгжүүлж, гадаадын компаниудын үйл ажиллагаанд зохих хяналт тавих, татварын орлого бүрдүүлэхэд анхаарах нь чухал байна. Ингэснээр дотоодын бизнес эрхлэгчдээ хамгаалж, шударга өрсөлдөөний орчныг бий болгох боломжтой.
Хэрэв төрөөс энэ чиглэлд бодит арга хэмжээ авч хэрэгжүүлбэл Монгол Улсын эдийн засаг илүү тогтвортой өсөж, бизнесийн салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой юм.
Дотоодын бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлье!
Д.ТУЯА
Сэтгэгдэл