Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан 24 этгээдийг албадан авчирчээ
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын "Улаан булант" зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Э"-г Тайландын Хаант Улсаас энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад албадан авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн алба болон Интерполын Үндэсний төв товчооны хаагчид гүйцэтгэж уг этгээдийг Монгол Улсад авчирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Уг этгээдийг цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх хэрэгт эрэн сурвалжилж байсан бөгөөд Э нь гадаад улсад оргон зайлж, Тайланд Улсын нутаг дэвсгэрт орогнож байх үедээ тухайн төрлийн гэмт хэргийг хилийн чанадаас цахим хэлбэрээр үргэлжлүүлэн үйлдэж байжээ.
Тайландын Эзэн Хааны цагдаагийн албатай Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд Э-г 2024 оны 12 дугаар сарын 17 -ны өдөр Тайландын нутаг дэвсгэрт баривчилсан аж.
Монгол Улсад албадан авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦА, ГХЯ, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам болон Тайланд Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эзэн Хааны Цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан байна.
Энэ он гарсаар цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй нийт 24 этгээдийг Интерполын гишүүн улс орнуудаас шилжүүлж болон албадан авчрах ажиллагааг хэрэгжүүлжээ.
Цаашид ч олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд байршил нь тогтоогдсон этгээдүүдийг шилжүүлж, албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулах аж.
Иймд гадаад улсад оргон зайлсан эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл