Хиймэл оюуны технологийн нөлөөгөөр Google-ийн ялгаруулдаг хүлэмжийн хий таван жилийн хугацаанд 50 хувиар өсөв
Технологийн аварга компани Google-ийн дэлхийн дулаарлыг сааруулахад хувь нэмрээ оруулах зорилтод хиймэл оюуны технологи бэрхшээл учруулж эхэлжээ.
Өчигдөр тус компаниас гаргасан жил тутмын байгаль орчны тайланд сүүлийн таван жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалт нь 48 хувиар өссөнийг мэдээлсэн байна.
Энэ өсөлт хиймэл оюуны технологид суурилсан шинэ бүтээгдэхүүнүүдийнх нь эрчим хүчний өндөр хэрэглээтэй холбоотой байжээ.
Тухайлбал 2023 онд Google компанийн дата төвүүдээс ялгарсан хүлэмжийн хийн хэмжээ 14.3 сая тоннд хүрч, өмнөх оноосоо 13 хувиар өссөн байна.
Тус компани хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээгээ 2030 онд тэглэх зорилт тавьж байсан юм. Өчигдрийн тайландаа уг зорилтыг биелүүлэхэд “маш хэцүү” байх төлөвтэйг мэдээлжээ.
“Хиймэл оюуны технологийн ирээдүйд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тодорхойгүй байдал зорилтыг урьдчилан таамаглахад хэцүү болгож байна” гэж тайланд бичсэн байна.
Google компани анх зорилтоо тодорхойлж байсан 2019 оноос хойш хүлэмжийн хийн ялгаруулалт нь бараг 50 хувиар өсжээ.
Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ 2022 оноос 2026 оны хооронд хоёр дахин өсөж, 1,000 ТераВатт/цаг хүрэх тооцоог гаргасан байдаг.
Энэ нь Япон улсын нийт эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.
Хиймэл оюуны технологийн нөлөөгөөр дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ 2030 онд дэлхийн нийт хэрэглээний 4.5 хувийг эзэлдэг болох тооцоог SemiAnalysis судалгааны компани гаргасан байдаг.
Дата төвүүд нь хиймэл оюуныг сургах, ажиллуулахад чухал үүрэгтэй юм.
Энэ оны тавдугаар сард Майкрософт компани бас хүлэмжийн хийг тэглэх зорилтод нь хиймэл оюун бэрхшээл учруулахаар байгааг мэдэгдэж байв.
Гэхдээ нөгөө талаар технологийн том компаниуд ногоон эрчим хүчний гол худалдан авагч байдаг тул эцсийн үр дүн эерэг гарна гэж зарим хүмүүс үзэж байна.
Тухайлбал Майкрософтын үүсгэн байгуулагчдын нэг Билл Гэйтс өнгөрсөн долоо хоногт ярихдаа ийм байр суурь илэрхийлж байжээ.
Гэхдээ хиймэл оюуны технологийн хурдтай хөгжил энэ нөхцөлийг хангаж чадах эсэх эргэлзээтэй хэвээр байна.
Эх сурвалж: The Guardian
IKON.MN
Сэтгэгдэл