П.Сайнзориг: Энэ онд метро барих суурь судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр ₮333 тэрбумыг төсөвлөсөн

Aдмин / Нүүр

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д өргөн барьсан. Тодруулбал метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ.

Уг асуудлаар НИТХ өнөөдөр хуралдсан юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

Энэ оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлнэ

Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан.

Тэгвэл өнгөрсөн оны эцэст Засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Тиймээс гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, метрог хэрхэн богино хугацаанд, чанартай, аюулгүй, найдвартай гүйцэтгэх талаар ярилцсан.

Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болов. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ.

Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгож, авахаас шалтгаална гэсэн үг. Урьдчилсан байдлаар ирэх 6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний ээлжид байршлын, гидрогеологийн гэх мэт суурь судалгаануудыг хийх шаардлагатай. Уг судалгаануудыг энэ онд хийнэ. Улмаар есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөж байна.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмнэ

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагын баг хүн амын нягтаршил ихтэй боловч улсын сургууль, цэцэрлэггүй байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилга барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хан хиллс” хотхон, Баянгол дүүргийн “Голден парк” хотхон, “Материал импекс” орчимд хувийн хэвшлүүдтэй тохиролцож, газар чөлөөлсөн учраас улсын сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгалаа.

Байршлын онцлогоос шалтгаалж аж ахуйн нэгжүүдтэй янз бүрээр зөвшилцөж байна. Объект барьчихсан, хувийн өмч байгаа бол үнэлүүлж, нөхөн олговор олгох, газрыг нь авч байгаа бол өөр байршил дахь газраар солих, батлагдсан А даалгаврынхаа дагуу сургууль, цэцэрлэг бариагүй бол шаардлага хүргүүлэх зэргээр хууль ёсоор газар эзэмшиж буй эрх, өмчлөлийг зөрчилгүйгээр арга хэмжээ авч байгаа юм.

Дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр төлөвлөсөн

Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг.

Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм. Монгол Улсад чулуун орд олон бөгөөд энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж бий.

Тиймээс валютыг Хятад руу урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм. Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Зочин [103.10.22.167] 2024-02-20 15:39:11

yaan da ed nariiig metroogoor yaah gej bga yum be iim jijig hotod naad mongooroo dawkhar zam bariaacheee

Зочин [103.57.94.235] 2024-02-20 11:41:36

ЭРЛЭГДОРЖ ЖЕНКОГИЙН ХОРЛОНТ СААДЫГ ДАВЖ ЧАДВАЛЧ МЕТРОГ БАРЬЧИХАЖ МЭДЭХ Л ЮМДАА. ДАРААНЬ БАС ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ТАСРАТГҮЙ ХИЙНЭ.

Зочин [203.98.76.249] 2024-02-20 11:02:52

ДЭМИЙ ЮМ ШҮҮ. ЭНЭ ХЭД ХӨӨРЧ БАЙГААД ХҮН АЛНА ШҮҮ

huz [122.201.23.66] 2024-02-20 09:01:43

duujin teever zogsoo metro tavi


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.