СЭТГЭЛЗҮЙЧ Б.САРАНЦЭЦЭГ: МОНГОЛЧУУД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН ЯМААН ОМГОО ДАРЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ АЮУЛТАЙ

Aдмин / Эрүүл мэнд

Нийгмийн сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч, сэтгэлзүйн ухааны доктор Б.Саранцэцэгтэй ярилцлаа.


-Саяхан GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн эмэгтэй худалдагч охиныг зүй бусаар доромжилж, биед нь халдсан хэрэг гарсан. Ийм огцом уур, ямаан омог ямар үед гардаг вэ?

-Энэ зууныг дэлхий нийтээрээ оюун ухааны зуун гэж нэрлэх боллоо. Оюун ухаанд суурилсан, оюун ухаанаар захирах, түүнд суурилсан сургалт сурталчилгааг их хийж байгаа. Дэлхий нийтээрээ цаг уур, уур амьсгалтай холбоотой нийгмийн ороо бусгаа байдал, дэлхий нийтийн хөгжил, тухайн улс орны хөгжил, амьдралын хэв маяг, нийгмийн авч буй мэдээлэлд тулгуурлаад хүмүүс хоорондын харилцах харилцаа өөр болж байна. Нийгэм нь хөгжөөд байгаа мэт харагдаж, барилга байшин баригдаад байдаг. Гэтэл хувь хүнийх нь хөгжил хаягдаад, дутагдаад байна. Хувь хүн өөрийгөө хөгжүүлж чадахгүй, түүнээсээ болоод нийгмийнхээ хөгжилд хөл нийлүүлэн алхаж чадахаа байгаад зарим хүмүүс нь хоцроод байгаа. Хүний хэл яриа, оюун ухааныг хүн өөрөө л удирдана. Гэтэл өөрөө өөрийгөө удирдаж чадахаа байсан. Хүн өөрийгөө удирдаж чадахгүй байна гэдэг нь араатнаас ялгаагүй гэж ярьдагтай адилтгаж болох зүйл. Ухамсар анхдагч, материал хоёрдагч байсан бол одоо материал анхдагч, ухамсар хоёрдагч болчихсон. Бүх юм эсрэг болчихсон. Түүнтэй л маш их холбоотой. Хүн өөрийгөө хөгжүүлэх, олох хэрэгтэй. Өөрийгөө олсон хүн хэзээ ч ямаан омог, огцом авир гаргаж, гэнэтийн үйлдэл хийхгүй. Монголчууд өөрийгөө боомилсон уур цухал, огцом үйлдэл, ямаан омгоо дарж чадахгүй бол юу ч хийж мэдэх аюултай.

-Бусадтай маргалдахаараа биеэ барьж чадахгүй ямар нэгэн үйлдэл хийдэг гэдгээ хүн өөрөө мэдэх боломжтой юу?

-Тухайн хүний араншин гентэй нь холбоотой. Генийн удмын сандаа дүгнэлт хийгээд, өөрийнхөө араншинтай харьцуулаад, үйл хөдлөлөө анзаараад би нэг иймэрхүү темпераменттэй хүн шүү дээ.

Би үүн дээр алдаад байдаг шүү гэдэг зүйлээ бодох ёстой. Өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Өөртөө дүгнэлт хийж өрөөлд хүндэтгэлтэй хандах, хүлээцтэй байх нь зүйн хэрэг. Сүүлийн үед анзаараад байхад энэ их дутуу дулимаг болсон шиг анзаарагдсан. Энэ нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, нийгэм нь хэцүү болчихсон, амьдрахад төвөгтэй болсон, хүмүүсийн амьдрах орчин нь өөрөө хүнийг стресст оруулдаг болчихсон. Түүнийг хүлээж авч чадахгүй бухимдаад, стресст ороод байна. Түүнээсээ болоод түргэн ууртай болж янз бүрийн эвгүй байдалд ороод байна л даа.

Стресс нь нийгэм цаг үе, орчин нөхцөл бүхий л зүйлтэй холбоотой. Гэлээ гээд бүхнийг нийгэм рүү чихээд байж болохгүй. Дан ялангуяа хувь хүний өөрийнх нь төлөвшил, өөрийнх нь нийгмээс олж авсан харилцаа, хандлага, суурь хүмүүжилтэй холбоотой. Хоёр хүн харьцахад эхлээд тархиндаа бодоод, дүн шинжилгээ хийгээд, хариулт өгдөг шүү дээ. Орчноо ажиглаад, энэ хүн сайн, энэ хүн жаахан хүний мөсгүй, үүнийг ингэж хэлж болохгүй, ийм асуудлаар шууд хариулж болох уу гэж дотроо дүгнэлт хийж байх хэрэгтэй. Гэтэл би л түргэн ааштай, түргэн ууртай гээд амнаасаа гарч байгаа үг бүрээ цензургүй хүн бүрд хэлээд байж болохгүй. Энэ мэтээр хүмүүс харалган байдалд орчихсон, зөвхөн сошиал орчин фэйсбүүк, твиттер, инстаграмаас стресс л хүлээж аваад байдаг. Тэгсэн хэрнээ түүнийгээ эргээд зөв аргаар гаргаж чаддаггүй. Түүнийгээ яаж гаргах вэ гэдэг учраа олохоо байчихсан. Гэрт нь ч стресс, ажил дээрээ ч стресс, гудамжинд ч стресс. Бүх л амьдрал нь стресс болчихсон. Тэр стрессээ хэрхэн яаж гаргах вэ, хаанаас зөвлөгөө мэдээлэл авах вэ, хэнд хандах вэ гэдэгтээ ач холбогдол өгдөг болмоор байна. Ядаж л авч байгаа мэдээлэлдээ цензуртэй ханддаг болмоорсон. Авах юмаа авдаг, хаях юмаа хаядаг байх ёстой.

-Маргалдаж байгаа хоёр хүн хэн хэнийх нь буруу байгаа болоод л маргалдаж байгаа шүү дээ. Гэтэл хэн хэн нь өөрөө өөрийгөө өмөөрөөд, бусдыг зүй бус үг хэлээр доромжилдог. Энэхүү өөрийгөө өмөөрсөн үзэл юунаас болж илэрдэг, яаж дарах ёстой вэ?

-Өөрийгөө өмөөрнө гэдэг хамгийн буруу. Өөрийг нь зөв ч юм уу, буруу ч юм уу байдлаар шүүмжлэхээр түүнийг дандаа буруугаар ойлгодог хүмүүс байна. Хүний уураг тархи юунаас бохирдох вэ гэхээр архи, тамхинаас бохирдоно. Гэтэл одоо хүмүүс архи, тамхийг маш ихээр хэрэглэж байна. Ялангуяа архи, тамхи ихээр хэрэглэдэг хүний сэтгэхүй маш их бохирдолтой байдаг. Тэвчээр хатуужил маш сул болчихсон, хүнээс үг сонсож тэвчдэггүй болчихдог. Сүүлийн үед эр, эмгүй л архи тамхинд ороод байна. Судалгаа хийж үзэхэд архи, дарс, тамхийг ихээр хэрэглэдэг хүмүүсийн дунд бухимдал их байдаг тухай гарсан. Дандаа өөрийгөө зөвтгөдөг, өрөөлөөс нэг ч үг сонсож чадахгүй, сонсох чадваргүй хүмүүс их болсон. Өөрийгөө олоогүй хүн л бусдыг хайрлахгүй байна шүү дээ. Өөрийгөө олчихсон, танин мэдчихсэн хүн бол өөр. За яахав дээ, энэ хүн жаахан стресстэй байгаа юм байна. Би энэ хүнд стресс нэмээд яахав. Хоёулаа бие биедээ хүлээцтэй хандъя гэдэг зүйлийг түрүүлж хараад, тайвшруулдаг. Хоёулаа стресстэй, бухимдалтай байгаа хүмүүс юу л бол юу хийхээс буцахгүй болчихлоо. Уурын мунхгаар бүхнийг шийдэх гэж зүтгэдэг хүмүүс их боллоо.

-Хоёр хүн маргалдаад, бие биенээ үг хэлээр доромжилдог. Тэгсээр хутга шөвгөндөө тулдаг шүү дээ. Тэр нь эцэстээ хүрч байгаа нь л байх. Уурлаж эхлээд, хутга шөвгөндөө тултал ямар шат дамжлагыг дамжих вэ. Тэр хооронд өөртөө дүгнэлт хийгээд ингэж болохгүй гэсэн бодол орж ирэх боломж байдаг болов уу?

-Энэ хамгийн аюултай. Хүмүүс архи уучихаад өглөө нь ярьдаг. Кадр тасарчихжээ гэж. Уур яг л тийм. Хэт ууртай хүн юу хийж байгаагаа, яаж байгаагаа өөрөө анзаарахаа больдог. Тэгээд дараа нь би ууртай хүн, гэнэт юу хийж байгаагаа мэдэхээ больчихдог гэж яриад байдаг. Өөрсдийнхөө гэм хорыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөө буруу зүйл хийгээд байгаагаа ухамсарлаж чаддаггүй. Ухамсрын маш их доройтолд орчихсон байна л гэсэн үг. Харилцааны, ухамсрын доройтол, өөрийгөө өмөөрдөг, өөртөө хир халдаадаггүй, өөрийнхөө тэр буруу зуршлыг ер анзаардаггүй. Түүнийгээ засах гэж ч оролддоггүй.

-Энэхүү ухамсрын доройтолтой байдлаас хэрхэн гарах вэ?

-Ухамсрын доройтлоос гарахын тулд хүний сонсож чаддаг хүлээцтэй л байх ёстой. Түүнийг багаас нь эцэг эхчүүд хүүхдүүддээ суулгах ёстой. Сууж сурсан, сонсож сурсан хүүхэд алсдаа тийм түргэн уур барагтай л гаргахгүй. Юу ч хэлж байсан дуугүй сонсоод л байдаг хүлээцтэй хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл сүүлийн үед хүүхэд хөгшидгүй хүний үг сонсохоо байчихсан. Хүн юм хэлэхээр л өөрийг нь буруутгаад байгаа юм шиг бодоод буцаагаад дайраад байдаг. Уг нь өөрийнх нь л төлөө юм хэлээд байгаа шүү дээ. Өөрийг нь алдчих вий, алдаагаа давтчих вий, ингэхээрээ алддаг шүү гэж сэрэмжлүүлэх гэхээр өөрсдөө буруугаар ойлгож аваад байдаг хүмүүс олширсон. Үүнийг л маш хурдан засч залруулах шаардлагатай. Ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлуудыг маш их хийх ёстой. Цэцэрлэг, сургууль гээд анхан шатны нэгжээс эхлээд гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай хиймээр байна. Бид хүний хөгжлөө орхичихсон. Хүний ухамсарт нийгмийг цогцлоох асуудлаа орхигдуулсаар л ирлээ дээ.

-Хүн өөрийгөө цочмог, түргэн ууртайг мэддэг бол өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн хувьд дархлаагаа яаж тогтоох ёстой вэ?

-Жишээ нь, архи уудаг хүнд үг хэлэхээр сонсоод ойлгоод байгаа юм шиг мөртлөө дараа нь архи уусан үедээ чи намайг тэгсэн. Чи ер нь юу юм гэх мэтээр өөрийг нь бодож хэлсэн үгийг мушгин гуйвуулдаг. Өөрийгөө өмөөрч, хүний хэлсэн үгийг хүлээж авахгүй, өөртөө дүгнэлт хийх чадваргүй болчихсон байдаг. Уг нь тухайн хүнийг өөрийг нь засах гээд сайн санаад хэлж байхад өш хонзон санадаг. Өөрт нь л муу хандаад байна гэж бодоод байдаг. Ялгаж салгаж ойлгох билгийн мэлмий нь нээгдээгүй. Өөрийг нь л муугаар хараад, үнэлээд байна л гэж хараад байдаг. Нөгөө талд тэр хүнд яаж санаа зовж, түүний төлөө хэлж байгааг ойлгодоггүй. Тийм хүмүүс л ихэнхдээ цочмог түргэн ууртай байдаг. Хүнийг таних чадвар, хүн сонсох чадвар, өөртөө дүгнэлт хийх чадвартай хүн сэтгэл зүйн хувьд өөрийгөө ялан дийлж чадна.

-Ингэж өөрийгөө өмөөрч, бусдыг дорд үзэх байдал тухайн хүний боловсролтой ямар нэгэн байдлаар холбоотой юу?

-Хувь хүний амьдралаас, нийгмээс авсан боловсрол, хувь хүний өөрийн хандлагаас л хамааралтай. Дээд сургууль төгссөн ёс зүйгүй хүнийг алийг тэр гэхэв дээ. Дипломтой мөртлөө л үүнийг ойлгохгүй, зөвхөн өөрийгөө өмөөрдөг хүн байна. Дээд сургууль төгсөөгүй мөртлөө төлөвшчихсөн, хүнийг сонсоод сурчихсан, тэвчээр суучихсан, амьдрах ухаантай, амьдралын ухааныг ойлгочихсон, амьдралын зөв хэвшилтэй хүмүүс ч байна. Энэ бол багаас суусан дадал, амьдралын хэв маяг, гэр бүлийн орчин нөхцөлөөс л шалтгаална. Одоо хувцсаар нь хүнийг дүгнэдэг цаг биш болсон. Ухаанаар нь, харьцаагаар нь, хэлж ярьж байгаа үгнээс нь хүнийг дүгнэдэг болсон. Таван үгнээс л бүх зүйл хамааралтай болсон. Таван үг хоорондоо солиход л энэ хүн хэн бэ гэдэг нь харагддаг нийгэм, цаг үе болчихлоо. Үгнээс нь, үгээ хэлж буй өнгө төрхөөс, биеийн хэлэмжээс хүмүүсийг уншдаг болсон үе ирсэн. Тэгэхээр нийгмээ дагаж ач холбогдол өгч өөрийгөө хөгжүүлэх, зөв илэрхийлэх соёлд бие дааж суралцах цаг иржээ.

С.ОТГОНБАЯР

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Zochin [202.21.127.169] 2023-06-05 12:32:52

Ugaasaa l uher mongol shu dee. Huuli yos jurmaa meddeggui uhamsar doroi novshiin hog shaarnuud sonovol taarna. Busdiin bool bolj ur udmaaraa guilgachin yavah tavilantai malnuud

Зочин [203.91.115.42] 2023-06-03 12:26:51

Энэ ярилцлагыг -- Алтаар бичээд жижиг товихмол болгоод Коисок , Ном зардаг газараар зарвал яаг энэ уед хумуужиж амьдарч байгаа залуу уед их хэрэг болж Гэмт хэрэг -80%--- иар багасан. САЙН УЙЛС ДЭЛГЭРЭГ.

Зочин [203.91.115.42] 2023-06-03 12:21:57

Иим гайхамшигтай ярилцлага огсон жинхэн МОНГОЛ УХААНТ -- хун танд маш их барлалаа. Мон сэтгуулч танд баярлалаа. Ниит Монгол хунд энэ асууудал их дутагдаж байсан юм. Монголын ухаант хумуус олон болох болох тугээ.

Зочин [103.161.242.115] 2023-06-02 12:31:15

Huuhduudiinhee derged uuj sortuurdag eej sain ulger duurailal mon uu? Arhi sain uudgaa ooriinhoo neg mundag chanar geed oilgotson huuhend yu gevel zohiltoi ve? Bainga arhidan sogtuurch busdadaa lai bolj baidag huniig, arhi l uudag bolohoos bish ene bol sain hun gej helj boloh uu?

zochin [202.55.188.82] 2023-06-02 11:25:08

Нийгэм, гэр бүлийн болон бэр хадмуудын буруу харилцаа, шунал , буруу үзэлтнүүдийн харилцаа хандлагаас айл гэр бүлийн аз жаргал тайван байдал алдагддаг нь ҮНЭН юм. Тийм хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэж л дарж номхотгох хэрэгтэй

Зочин [202.9.46.242] 2023-06-02 11:13:19

Орк монголчууд стресстэж уурлаж өвчигнөсөөр байгаад сэтгэцийн өвчтэй болцгоож байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.