Ц.Цолмон: Уучлаарай, Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихээд байна
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ОУВС-ын үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье. Тус байгууллага 1991 оноос хойш зургаан удаа Монгол Улсад санхүүгийн тусламж үзүүлсэн байдаг. Энэ хугацаанд манай улсын эдийн засагт гарсан өөрчлөлт юу байв? ОУВС-ийн үйл ажиллагаа Монголын хөрсөнд хэр нийцдэг юм бэ?
-ОУВС дэлхийн улс орнууд санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон үед тусалдаг. Энэ бол тус байгууллагын үндсэн үүрэг, хийх ёстой ажил юм. Нэг үгээр Монгол Улсын Засгийн газар ОУВС-аас өгч буй чиглэлийн дагуу ажиллана гэсэн үг. Таван сард хоёр том үйл явдал болж өнгөрлөө. Нэгдүгээрт, Тавдугаар сарын 24-нд ОУВС-ийн хөтөлбөр дууслаа. Хоёрдугаарт, мөн сарын 25-нд Монгол Улсын Үндсэн Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Эдгээр үйл явдлууд Монгол Улсын төрийн тогтолцоо, улс төр, эдийн засагт маш том хүчтэй нөлөө, өөрчлөлтийг үзүүлнэ.
УЛС ТӨРИЙН НАМУУД ТУЙЛИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХГҮЙ БОЛ 2020-2021 ОНУУДАД ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРНО
-ОУВС улс орны хөгжлийг дэмждэг байгууллага уу аль эсвэл хямралын үед санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байгууллага юм уу? Үүн дээр олон талын байр суурь байдаг шүү дээ?
-Нэгдүгээрт, Тодорхой хэмжээний санхүүжилт үзүүлж, эдийн засгийг нь хүндрэлээс гаргана. Түүнээс гадна санхүү, эдийн засгийн зөв оновчтой бодлого явуулах ёстой талаар хэлж өгдөг. Манай орны хувьд ОУВС-гийн хөтөлбөрийг дахин сунгах, шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болов уу.
Хоёрдугаарт, ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж байсан учраас манай улсын зээлжих зэрэглэл тогтмол B+ дээр байсан. Харин одоо хар жагсаалтын асуудал үүсээд байна. Нөгөө талаар ОУВС-ийн хөтөлбөр дууссан. Цаашид яах вэ. Гадаад орчны хувьд хүнд нөхцөл байдалд орчихлоо. Дотоодын нөхцөл байдлын тухайд санаа зовоосон олон асуудал байна. Монгол Улсын ДНБ 10.0 тэрбум ам.доллар байдаг бол улсын маань өр 30.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь улсын ДНБ-ийг гурав дахин нугалах хэмжээний өр гэсэн үг. Засгийн газрын нийт өр 7.2 тэрбум ам.доллар. Долоодугаар сарын 7-нд Хятадын Ардын банкинд 1.8 тэрбум ам.долларын зээлийн своп хэлцлийн төлбөр төлөх үүрэг хүлээгдэж байна. Энэ бол манай улсын ДНБ-ийн 18.0 хувьтай тэнцэнэ гэсэн үг . 2020 оны сүүлч 2021 оны эхний улиралд Засгийн газрын төлөх ёстой өндөр хүүтэй бондын 2.9 тэрбум ам.долларын төлбөрийн асуудлууд яригдаж эхэлнэ. Энэ өрийг бид яаж төлөх вэ. Маш их өрийн дарамт ирж байна шүү дээ. Улс төрийн намууд маш хариуцлагатай байхгүй бол 2020-2021 оны хувьд улсаараа нийтээрээ хүнд байдалд орно. Тодорхой мэдээлэлтэй байсан хүний хувьд хэлэхэд уучлаарай, Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихээд байна. Үүнд л их санаа зовж байна.
“Маш их хэмжээний эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө улс төрийн сонгуульд зарцуулах гэж байна”
Нөгөө талаас дотоодын эдийн засаг, улс төрийн байдлаа хараад үзье. Маш их хэмжээний эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг тэрбум тэрбумаар нь улс төрийн сонгуульд зарцуулах бололтой. Зарцуулагдах олон тэрбум төгрөгийн эх үүсвэр нь юу вэ, хэн санхүүжүүлээд байна. Илбийн юм шиг л мөнгө гарч ирж байгааг хүн болгон л хараад мэдээд байна.
5.1 ИХ НАЯД ТӨГРӨГ ЯРИГДАЖ БАЙХАД ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ
-Монгол Улсын Засгийн газраас улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулан хоёр удаагийн багц арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Эхний багц арга хэмжээнд долоон шийдвэрийг багтаасан. Эдийн засаг талаасаа хэр нүдээ олсон шийдвэр байв?
-Энэ арга хэмжээнд нийт 5.1 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна лээ. Хаанаас ийм их мөнгө гаргах юм бол. Би үүн дээр хариулт олж харахгүй байгаа. Энэ мөнгийг илбэдэж гаргахгүй шүү дээ. Эх үүсвэрийг нь тайлбарлах хэрэгтэй. 5.1 их наяд төгрөг гэдэг бол ДНБ-ий 3/1 буюу 34 хувь болж байгаа юм. Ийм хэмжээний мөнгө яригдаж байхад төсөвт тодотгол хийхээс өөр арга байхгүй. Учир шалтгааныг нь олон нийтэд зайлшгүй тайлбарлах ёстой биз дээ. Монголбанкинд мөнгө байхгүй, мөнгө хэвлэсэн юм уу гэхээр үгүй, Сангийн яаманд байхгүй. Хаанаас гаргаж байгааг нь тайлбарлаад өг. Миний харж байгаагаар нийгмийн даатгалын буюу тодруулвал тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг л зарцуулж байна. Жишээ ярья, Та, би ажил хийж, цалин авдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Нийгмийн даатгалын сангийн мөнгө банкинд очих ёстой. Бид тэтгэвэрт гарахдаа түүгээрээ амьдарна. 12 орчим хүүтэй банкинд байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг зургаан хувийн хүүтэй банкинд байршуулан түүгээрээ төрийн өмчит компанийн бондыг худалдаж аваад төсвийн орлого тал дээр авч байгаад мөнгийг нь нийгмийн халамжид цацаад байна. Улс төрчид ухаантай байж болно. Гэхдээ ард түмнээс юу ч нууж чадахгүй шүү. Одоо тэтгэврийн санд чинь дансны бичилт л байгаагаас бодитой мөнгө байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл насаараа төлөөд явж байгаа мянга мянган иргэдийн эрх ашгийг ингэж хохироож болохгүй.
-Тэгвэл Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хоёр дахь багц арга хэмжээний санхүүжилтын тухайд юу гэж бодож байна?
-Монголбанк мөнгө хэвлээгүй. Мөнгө хэвлэвэл маш хүнд байдалд орно.
-Онцгой нөхцөл байдалтай зэрэгцээд Европын холбооноос Монгол Улсыг хар жагсаалтад оруулах болсноо зарласан. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр ч хэлсэн. Хар жагсаалтад орсноор манай улсад нөлөөлөх эдийн засгийн нөлөөлөл нь юу байх вэ?
-Зээлжих зэрэглэл буурч, Монгол улсын үнэлгээ буурах нөхцөл л бүрдэнэ дээ. Тодруулбал, Зээлжих зэрэглэл B+ дээр байсан бол B- болно. Бид Европын холбоотой хэл амаа ололцох ёстой. Дэлхийн эдийн засаг гэдэг чинь нэг том зүйл болчихлоо. Гадны хөрөнгө оруулагчдаас илүү ухаантай байж бид ялна. Бид монголчууд гэж цээжээ дэлдээд юу ч шийдэхгүй.
-Таны фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн нэг нийтлэлийг тодруулж асуумаар байна. “Монгол Улс саарал жагсаалтад орсон, ОУВС-ийн хөтөлбөрт орсон, авлигын индекс муудаж байгаа зэрэг нь хоорондоо холбоотой” гэсэн байна. Үүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?
-Энэ миний мөрийн хөтөлбөрт нарийн тусгагдаж байгаа. Гэхдээ зургаадугаар сарын 2-ноос өмнө сонгуулийн сурталчилгаа хийж болохгүй учраас энэ талаар ярьмааргүй байна. Хууль зөрчөөд яах вэ. Энэ тухай зургаадугаар сарын 2-ноос хойш асуувал хариулъя.
“Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа гээд аль нэг улс төрийн намд нэмэх оноо болох ёстой гэдгийг ойлгохгүй байна”
-Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг энэ сарын 25-наас эхлэн албан ёсоор мөрдөж эхэллээ. Энэ талаарх таны байр суурийг сонирхъё?
-Тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлнэ, Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх ёстой гээд 2-3 сар маргалаа. Миний анх уншсан төслөөр бол долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ гэж байсан. Гэхдээ тавдугаар сарын 25-н болгоод баталчихсан юм билээ. Хууль батлахад үзэл баримтлал, ажлын хэсгийн протокол, санал гаргасан учир шалтгаан байх ёстой. Хуулийн төсөл дээр ажиллаж байхад хүний санаанд оромгүй олон саналууд гардаг. Яагаад тавдугаар сарын 25-нд хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болов гэдгийг би судалсан боловч ажлын хэсгийн хурал, ажлын хэсгийн гишүүдийн үзэл баримтлал, протоколоос нь хайгаад олж чадаагүй. Улс төрийн “өнцөг”-тэй байх гэдэг таамаглалтай байна. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа гээд аль нэг улс төрийн намд нэмэх оноо болох ёстой гэдгийг ойлгохгүй байна. Үндсэн Хууль бол монголчуудын баримтлах ёстой хамгийн том суурь баримт бичиг. Хугацааг нь дур мэдэж нааш, цааш нь “үсчүүлэх” нь буруу. Энэ сарын 25-наас Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэх маргаан бол хууль зүйн техникийн асуудал. Харин Үндсэн Хуулийн маргаан биш гэж харж байна.
-Баярлалаа.
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө