Б.Лхамдарь: Царцаа, арцны бэлдмэлийг харшил эмчлэхэд ашиглах нь маш аюултай
-ХАРШЛАА ОНОШЛУУЛЖ, ЭМЧЛҮҮЛЭХГҮЙ УДВАЛ ЖИЛ ИРЭХ ТУСАМ ДААМЖИРЧ 1-2 МИНУТЫН ДОТОР Ч АМИА АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ-
Ургамлын тоосны харшлын талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс харшлын эмч АУ-ны магистр Б.Лхамдарьтай ярилцлаа.
-Ургамлын тоосны харшлын идэвхжил энэ сараас эхэлж байна. Ямар ургамлын харшил эхэлж байгаа вэ?
-Харшил үүсгэдэг ургамлуудыг бүлэглэн авч үзвэл модлог, үетэн, хөл газрын ургамал буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар хогийн ургамал гэж ангилдаг. Ерөнхийдөө модлог ургамлын харшил дөрөвдүгээр сараас идэвхжиж таван сар хүртэл үргэлжилдэг. Үүний дараа 6, 7, 8 дугаар саруудад үетэн ургамлын буюу өвс биелэг зэргийн харшил идэвхжидэг. Харин 7, 8, 9 дүгээр саруудад хөл газрын ургамлын харшил сэдэрдэг. Эдгээр саруудад хамар нь битүүрч, угсруулан найтааж, шингэн нус гоожиж, нүд нь загатнаж, нулимс гоожиж буй зовиуртай хүмүүс ургамлын харшилтай байж болзошгүй. Тиймээс харшлын сорилын шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Харшлын зовиурууд илэрдэг хүмүүс урьдчилан сэргийлэхийн тулд харшлын сорилын шинжилгээ хийлгэж юунаас харшилтай вэ гэдгээ мэдэх нь хамгийн чухал. Гэхдээ тухайн хүнд харшлын сорил хийх хэрэгтэй эсэхийг эмч үзэж байж шийддэг.
-Харшлын зовиураа нэмэгдүүлэхгүйн тулд хүмүүс юуг анхаарч, урьдчилан сэргийлэх боломж бий юу?
-Харшил үүсгэгчээ мэдчихсэн байгаа тохиолдолд түүнээсээ зайлсхийх хэрэгтэй. Тухайлбал ургамлын харшилтай хүмүүс өглөө 04:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагуудын хооронд цонхоо хаах. Тухайн цагуудад гадуур явахгүй байх хэрэгтэй. Хэрэв гадуур гарахаар бол маск, зориулалтын нүдний шил зүүх зэргээр өөрийгөө хамгаалах ёстой. Гаднаас гэртээ орж ирээд тоос шороо наалдсан хувцасаа сольж, гэрийнхээ хувцасыг өмссөний дараа гар нүүрээ, хамраа угаах арга хэмжээг авна. Ургамлын харшилтай бол гэртээ тасалгааны цэцэг тарихгүй. Тухайн цэцэгнүүд ч гэсэн тоосоо гөвж, тодорхой хэмжээний зовиурууд илэрнэ. Үүнээс гадна ургамлын гаралтай эм уухгүй, тариа будаагаар хийсэн дэр дэрлэхгүй гэх мэт арга хэмжээнүүдийг авах ёстой. Тухайн хүн тоос, шороо ургамал гээд юунаас харшилтай вэ тэрнээсээ л хол байх хэрэгтэй. Мөн харшлыг хүндрүүлэхгүйн тулд эмчид үзүүлж, эмчийн заавраар эмчилгээг тууштай хийж, дэглэмүүдийг баримталж хариуцлагатай хандах хэрэгтэй. Харшил эдгэхгүй, гэхдээ тухайн үеийн зовиурыг намдааж эмчилж болно.
-Ургамлын тоосны харшлын зовиур, илрэх шинж тэмдэгийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Ургамлын тоос амьсгалын замаар орж буй учраас хамар битүүрнэ, шингэн нус гоожино, угсруулж найтаана, чих, хоолой, тагнай загатнана. Мөн нулимс гоожиж, нүд улайж загатнах зовиур илэрнэ. Харшил илүү хүндэрсэн тохиолдолд амьсгаадах, хоолой бачуурах шинж илэрнэ. Зарим тохиолдолд чонон хөрвөс буюу шумууланд хазуулчихсан юм шиг бэлцрүүт тууралтууд гарч болдог бөгөөд энэ нь хүнсний харшил хавсарсан үед илүү тохиолдоно.
-Арьсны өвчин судлалын үндэсний төвд харшлын ямар сорилуудыг хийдэг вэ?
-Манай эмнэлэгт арьс хатгах сорил, мөн цусанд харшил үүсгэгчийн эсрэг уураг тодорхойлох шинжилгээнүүдийг хийж байна. Арьс хатгах сорил нь гарын шууны арьсан дээр харшил үүсгэгчийг агуулсан уусмал дусааж, дээр нь арьсыг зүүгээр хатгаж, тухайн хэсэг газарт улайх гүвдрүүтэж байгаа эсэхээр нь харшилтай эсэхийг дүгнэдэг шинжилгээ юм. Энэ сорилоор амьсгалын замын харшил үүсгэгч буюу төрөл бүрийн ургамал, гэр ахуйн тоос, агуулахын тоос, мөөгөнцөр, амьтны эсвэл хоол хүнсэнд харшилтай эсэхийг тодорхойлдог. Манай эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалтай иргэд арьс хатгах сорилын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Сорилын хариу гурван жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Зарим тохиолдолд энэхүү шинжилгээг хийдэггүй. Тухайлбал бага насны хүүхдүүд, 65-аас дээш насны ахмад настангуудад сорил тавихгүй байгаа, учир нь шинжилгээний хариу буруу гарах магадлалтай байдаг.
-ХӨЛ ГАЗРЫН УРГАМАЛД ХАРШИЛТАЙ ХҮН ГҮҮНИЙ АЙРАГ, СААМ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ-
-Харшлын сорилыг өөр ямар тохиолдолд хийдэггүй вэ?
-Харшлын сорилыг хийж болохгүй эсрэг заалтууд байдаг. Тодруулбал сүүлийн 3-7 хоног харшлын эм уусан, астматай хоолой нь бачуурчихсан өвчтөн, харшил нь сэдрээд хүндэрсэн эсвэл арьсан дээрээ тууралттай байгаа, шинжилгээ хийх хэсэгт харшлын тос түрхэж байгаа гэх мэт тохиолдолд арьс хатгах сорилыг хийдэггүй. Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд шинжилгээний хариу буруу гарна гэсэн үг юм. Гэхдээ эдгээр хүмүүст тухайн тодорхой хэсэг харшил үүсгэгчид мэдрэгшсэн буюу харшилтай эсэхийг RAST шинжилгээгээр цусанд шинжилж болдог бөгөөд энэ нь аль ч насны хүмүүст, ямар ч тохиолдолд хийж болдгоороо давуу талтай шинжилгээ юм. Харшлын дээрх хоёр төрлийн шинжилгээгээр үйлчлүүлэгч маань ургамал, тоос, хүнсэнд харшилтай эсэхийг тодорхойллоо гэж бодъё. Энэ нь тухайн зүйлдээ л зөвхөн харшилтай биш, өөр ургамал, хүнсэнд харшилтай байхыг үгүйсгэхгүй юм. Харшлын солбицох урвал гэж байдаг. Энэ нь хоорондоо харшил үүсгэдэг төстэй бүтцийг агуулсан зүйлсэд аль алинд харшилтай байж болно гэсэн үг. Жишээ нь үхрийн сүүнд харшилтай хүн, ямааны сүүнд харшилтай байж болзошгүй анхааралтай байх хэрэгтэй гэх мэт.
-Ургамлын харшилтай хүмүүс хоол хүнсэнд харшилтай байж болох уу?
-Модлог ургамлаас харшилтай хүмүүс модонд ургадаг жимс, самруудад харшилтай байж болно. Жишээлбэл, алим, хар чавга, чангаанз, киви, лийр, тоор, ойн самар, мөн төмс, лууванг түүхийгээр нь идэж болохгүй. Хөл газрын ургамалд харшилтай хүн айраг, гүүний саам, самар, тарвас, зөгийн бал, улаан лооль, жүрж гэх мэт хүнсэнд, Үетэн ургамалд харшилтай хүн киви, тоор, амтат гуа, кофе, арвай, хөх тариа, овъёос гэх мэт хүнсэнд харшилтай байж болно.
-Харшилтай хүмүүсийг ажиглаад байхад эмчид үзүүлэхгүй амнаас ам дамжсан эмчилгээг их ашигладаг. Ийм хүмүүст цаашид ямар эрсдэл үүсч болох вэ?
-Харшил байнга даамжирч байдаг. Жишээлбэл, манай эмнэлэгт үзүүлэхээр ирж буй ихэнх хүмүүс “Хамгийн анх долдугаар сараас хойш зовиурладаг байсан. Энэ жил хавар зовиуртай байх боллоо” гэж хэлдэг. Харшил жил ирэх тусам даамжирч нэмэгдэх хандлагатай байдаг. Хүний биеийн онцлогоос хамаараад янз бүр л дээ. Жил ирэх тусам харшлын зовиурууд нь нэмэгддэг. Тиймээс эрт үзүүлж, эрт эмчлүүлэх ёстой. "Зөвхөн ургамалд харшилтай байсан чинь энэ жил тоор идсэнээс болоод нүүр ам хавдаад амьсгал бачуураад түргэнээр эмнэлэгт очиж үзүүлсэн" гэх хүмүүс ч байдаг. Харшлын хамгийн хүнд урвалыг анафилаксийн шок гэдэг. Анафилаксын шокийн үед олон эрхтэн тогтолцооны талаас огцом хариу урвал гардаг. Тухайн хүний амьсгал боогдож, 1-3 минутын дотор ч амиа алдах эрсдэлтэй аюултай өвчин. Ингэж харшлаа хүндрүүлэхгүйгээр өвчний эрт үед эмчид үзүүлж, арга хэмжээ авах хэрэгтэй. Анафилаксын шок ургамал, хүнснээс гадна эмийн харшлын улмаас хамгийн их үүсдэг.
-Ургамлын тоосны харшилтай жирэмсэн эхчүүд харшилгүй хүүхэд төрүүлэх боломжтой юу?
-Ээж нь харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 50 хувь. Хэрвээ аав, ээж нь хоёулаа харшилтай бол хүүхэд нь харшилтай төрөх магадлал 75 хувь гэж үздэг. Тухайн ээжийн хүүхэд харшилтай төрөх үү үгүй юу гэдгийг эмч хэлж мэдэхгүй. Харшилтай ээжүүд жирэмсэн байх хугацаандаа харшлаа сэдрээхгүй байх ёстой. Сэдрээх тусам тухайн хүүхэд харшилтай төрөх магадал илүү өндөр гэдгийг судлаад нотолчихсон. Түүнээс гадна жирэмсэн ээжийн эмийн хэрэглээ чухал байдаг. Антибиотик болон бусад эмийн хэрэглээ замбараагүй байгаа өнөө үед эмийг хэтэрхий их хэрэглэхэд хүний арьс, хамар, хоолой, гэдэсний салстад байдаг хэвийн бичил биетүүд устдаг. Хэвийн бичил биет гадаад орчинтой харьцахад нян төдийгүй харшил үүсэхээс хамгаалдаг. Хэвийн бичил биетийн тэнцвэртэй орчин эм ууснаар алдагддаг. Жирэмсэн ээж антибиотик уучихсан бол хүүхэд нь харшилтай төрөх магадлал илүү өндөр байна гэсэн үг.
-Сүүлийн үед хүүхдүүд ургамал, тоос, хүнс, эмийн харшилтай болж байгаа. Танай эмнэлэгт үзүүлж буй хүмүүсийн хэдэн хувь нь хүүхдүүд байна. Хүүхдүүд юунд илүү харшилтай байдаг вэ?
-Манай эмнэлэгт үзүүлж буй хүмүүсийн 50-аас илүү хувь нь хүүхдүүд гэж ойлгож болно. Тэр дундаа бага насны хүүхдүүд ихэвчлэн хүнсний харшил, атопийн арьсны үрэвсэл буюу хүүхдийн экзем өвчний улмаас хамгийн их ханддаг. Харшлын “Атопийн марш” гэж ойлголт байдаг. Үүнийг тодорхой тайлбарлавал 0-5 насны хүүхдүүд хүнсний харшил, атопийн арьсны үрэвслээр өвчлөх магадлал илүү байснаа нас ахих тусам энэ төрлийн харшил багасч, сургуулийн наснаас эхлэн хамар, нүдний харшлын өвчлөл ихэсдэг, харин өсвөр наснаас эхлэн астма буюу гуурсан хоолойн бачуурлаар өвдөх эрсдэл илүү нэмэгддэг.
-Хүмүүс харшлаа эмчлэхийн тулд ардын уламжлалт арга болох царцаа, арцны ханд уудаг юм байна лээ. Эдгээр аргууд харшил даамжирахад нөлөөлөх үү?
-Хүмүүс царцаа, арцны бэлдмэлийг харшил эмчилдэг гээд хэрэглээд байгаа нь маш аюултай. Эдгээр ардын уламжлалт эмчилгээ нь түрүүн дурдсан анафилаксын шоконд оруулах магадлалтай бөгөөд шинжлэх ухаанаар батлагдсан зүйл байхгүй. Нотолгоонд суурилсан, өөрт тохирсон зөв эмчилгээг хийхийн тулд эмчид цаг алдалгүй хандахыг зөвлөж байна.
Рябков: Путины мэдэгдэл ОХУ сорилтод бэлэн байгаагийн илэрхийлэл
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
Утааны сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ