Нийслэлийн 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа
Нийслэлийн 385, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100, Нийслэл хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан гаргаж буй “Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн ёслол боллоо.
Энэхүү түүхт ойд зориулан хотын түүхийн өнгө аясыг багтаан анхны нийслэл байгуулах хүртэл нүүдэллэн шилжиж буй дүрслэл бүхий “Хүрээ нүүдэл 1639-1778”, хотын төлөвлөлт, суурийн хэв маягт шилжиж буй “Нийслэл хүрээ 1912-1923”, орчин цагийн хотын хэв маягийг харуулсан “Улаанбаатар хот 1924-2024” гэсэн гурван марк бүтээжээ.
Марк нь тухайн улсын тусгаар тогтнол, түүх, өв соёлын илрэл болон хадгалагддаг онцгой ач холбогдолтой. Улаанбаатар хотын 385 жилийн ойн сэдэвт маркийг бүтээснээр түүхийн алтан хуудаст болон марк цуглуулагч нарт нэгэн шинэ бүтээл нэмэгдсэн баярт мөч тохиож буйг онцлов.
Монгол маркт 1974, 1984 онд Улаанбаатар хотын 50, 60 жилийн ойн нэрийн марк, 1999, 2014, 2019 онд нийслэл Улаанбаатар хотын 360, 375, 380 жилийн ойд зориулан хэлхээ, цуврал маркийг “Монгол шуудан” компаниас хэвлэн гаргажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл