Улсын Хүүхэд залуучуудын театрын гадна талбайд гэрэлт гацуур сүндэрлэжээ
Улсын Хүүхэд залуучуудын театр Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран гадна талбайдаа гэрэлт гацуур засаж, хүүхэд багачууддаа зориулан мөсөн гулгуур хийсэн байна. 2024 онд нээлтээ хийсэн театрын гадна талбайд ийн хүүхэд багачууд жаргалтай инээлдэн тоглож, сүлд модоо тойрон зургаа авахуулж баярын уур амьсгал хэдийнээ оржээ.
Ийнхүү тус театр болон дүүргийн хамт олон сүлд модны гэрэлээ иргэд, хүүхэд багачуудтайгаа хамтдаа асааж, Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлч хамт олон урлагийн тоглолтоо толилуулан, ёслолын буудлага, лазер шоу үзүүлэн өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудтай хамтдаа баярын арга хэмжээг зохион байгуулжээ.
Ташрамд дурдахад Улсын Хүүхэд залуучуудын театр нээлтээ хийсэн даруйдаа бага насныхандаа зориулан “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, дунд ахлах ангийнхан, өсвөр үеийнхэндээ зориулан “18 дахь хаврын хайр” драмын жүжиг, насанд хүргэчдэд “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээ амжилттай толилуулаад байгаа билээ. Харин тус театрын уран бүтээлчид 2025 онд Уильям Шекспирийн “Ромео Жульетта хоёр” сонгодог жүжгийн толилуулахаар бэлтгэлдээ орсон байна.
Сэтгэгдэл