Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд аравдугаарт жагсаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Төслийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав.
Дэлхийн зах зээлд цөмийн түлш ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж байгаа 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж байгаа 344 реактор бий ажээ.
Олон улсын атомын энергийн агентлагаас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 он гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцоолыг гаргажээ.
Монгол Улс өнөөдрийн байдлаар 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэм хэмжээгээрээ дэлхийд аравдугаарт жагсаж буй юм байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уур уурхайн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэр эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтуудыг тусгаж улмаар Засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Зөөвч-Овоо”, “Дулаан уул”-ын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Монгол Улсын цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуулыг эрчимжүүлж, олборлолт, ашиглалтыг олон улсын жишиг стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой аж.
Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тус өөрчлөлтөөр Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалыг хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглахдаа зөвхөн хувьцаа эзэмших замаар бус Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх зарчмыг бусад хэлбэрээр хангуулах эрх зүйн орчин бүрдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны аравдугаар сард Франц улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан байна.
“Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг энгийн хувьцааны ногдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНА-т 717 сая ам.доллар буюу нийт улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоолол гарчээ.
Харин 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай АМНАТ-өөр орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ногдол ашиг,
АМНАТ-т 2 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.долларыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэхээр тооцжээ.
Хэдийгээр 34 хувийн энгийн хувьцааны хувилбарын тооцоолол нь илүү санхүүгийн өгөөжтэй мэт боловч Засгийн газар 34 хувийн хувьцаа эзэмших нөхцөлд төсөл хэрэгжүүлэх үед хөрөнгө оруулагч зардлыг удирдах төслийг зээлээр санхүүжүүлэх зэрэг олон хэлбэрээр төслийн төлөх татвар, хураамжийг бууруулах боломжтой байдаг тул Засгийн газар анх тооцож байсан ногдол ашгаа хүртэж чадахгүй байх, төслийн өгөөж тодорхойгүй хугацаагаар хойшлох эрсдэл үүсэж болзошгүй.
Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын Засгийн газрыг дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ жижиг хувьцаа эзэмшигчээр оролцохоос зайлсхийж, төсөл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, эсхүл АМНАТ-өөр оролцох зөвлөмжийг бий болгосон байгааг мөн харгалзах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Түүнчлэн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлого, ноогдол ашгийн орлоготой харьцуулбал төслийн зардлын өсөлт сул мэдрэг буюу эрсдэлгүй орлогод тооцогддог бөгөөд хэрэв Засгийн газар 34 хувийн энгийн хувьцаа эзэмших тохиолдолд Монголын талд ногдох нийт 5.6 ам.долларын 1 тэрбум ам.долларын орлогын 82 хувь нь зардлын өсөлтөд өртөмтгий буюу эрсдэлтэй орлого үлдсэн 18 хувь нь зардлын өсөлтөөс үл хамаарах эрсдэлгүй найдвартай орлогод тооцогдох юм байна.
Засгийн газар 10 хувийн давуу эрхийн хувьцаа ашигт малтмалын нөөц ашигласны тус тусгай төлбөрөөр орлуулснаар эрсдэлгүй орлогын хувийг 18 хувиас 45 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа аж. Иймд 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөө орлуулж, Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хуваарилах хугацааг хүлээлгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн үр өгөөжийг шууд хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
Засгийн газар 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжинд ногдол ашиг хүртэх, хувьцаанд ногдох хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байх, бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авах, түүнчлэн компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах зэрэг компанийн тодорхой, чухал шийдвэрүүдэд хориг тавих онцгой эрхтэй байхаар талууд харилцан тохиролцоод байгаа аж.
Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг талуудын хооронд байгуулсан протоколыг үндэслэн ураны хүдрийн баяжмалын зах зээлийн үнийг харгалзан 5 хувь хүртэл байхаар тогтоолын төсөлд тусгажээ.
Дээрх хувилбарыг сонгосноор төслийн ТЭЗҮ-д тулгуурлан олон улсын стандартын дагуу санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулжээ.
Хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байх тохиолдолд талууд үр өгөөжийг 51 хувьд хүргэх шаардлагатай үр өгөөжийн тохируулга хийх, хөрөнгө оруулагч нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцоод байгаа аж.
Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж зөвхөн 4 төрлийн татварыг тогтворжуулах, харин байгаль орчны салбарын албан татварыг тогтворжуулахгүй байхаар тохиролцсон байна.
АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгажээ.
Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа гурван тусгай зөвшөөрлийн хүрээнд авч үзэх ба бусад ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг хамруулахгүй байх, олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох технологиор явуулах ТЭЗҮ, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, гео экологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр гурван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх талаар хөрөнгө оруулагч талтай урьдчилан тохиролцсон байна.
Мөн төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатад нийт туслан гүйцэтгэгчдийн 60 хувиас доошгүй жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч хуулийн этгээд байхаар тус тус тохиролцжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Huz [103.168.34.140] 2024-12-27 18:24:35
Tegeed gants tsomiin stanz bariad tsahilgaanii asuudlaa shiideechee hotoo toiruulaadl nuursen stanz bariad bdag hog yumaa
МӨН Ч ХУРДАН БАРИНА ДАА [103.57.95.248] 2024-12-27 15:57:51
ТА НАРААС ЯМАР Ч ТАТВАР ХУРААМЖ АВАХ ГҮЙ . АТОМЫН СТАНЦАА ОРУУЛСАН ӨДРӨӨСӨӨ ЭХЛЭЭД УХААД АЧААД ГАР ГЭВЭЛ БОЛОХГҮЙ ЮҮ... . БАРЬЖ ДУУСААД МОНГОЛЫН ЦАХИЛГААНЫГ ХАНГАЖ ЭХЭЛТЭЛ НЭГ Ч ТОНН ШАР НУНТАГ ГАРГАХГҮЙ. БАС ЯМАР Ч ТАТВАР ХУРААМЖ АВАХГҮЙ . ГЭВЭЛ ХАРИН ЯАХ БОЛ.... МӨН Ч ХУРДАН БАРИНА ДАА...
Зочин [103.57.95.248] 2024-12-27 15:54:29
МОНГОЛ УЛСЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ АТОМЫН ЖИЖИГ СТАНЦ БАРИАД ӨГЧИХ. ТЭГЧЭЭД ХҮССЭНЭЭРЭЭ УХ ГЭВЭЛ БОЛОХГҮЙ ЮҮ
Зочин [59.153.115.74] 2024-12-27 12:50:13
Тэдэд эдэд жагсах яах хурдан түргэн ашиглаач дэмий хэвтэж байхаар
Зочин [202.126.89.200] 2024-12-28 00:42:17
yag