XX зууны Монголын түүхийн зарим асуудал: Монгол дахь улаан хувьсгал

Aдмин / Боловсрол

(Бүгд Найрамдах улс тунхаглаж Анхдугаар Үндсэн хуулийг баталсан түүхэн үйл явц, нийгэм, төрийн байгууллын өөрчлөлт, үр дагавар)

1924 онд Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж Улсын Үндсэн хуулийг баталж бүгд найрамдах улс тунхагласан үйл явц бол ХХ зууны Монголын улс төр, нийгэм, төрийн эсрэг, сөрөг шийдэл гаргасан түүхийн ихээхэн ээдрээтэй зангилаа асуудлын нэг.

Энэ нь Монголд хамжлагат ёсны уламжлалт натримониаль династийн хаант төрийн байгуулал, нийгмийн статусны тогтолцоог халж, ардын эрхт ёсон дээр тулгуурласан эрхийн буюу үндсэн хуульт төрийн байгууллыг тогтоож, ардын ]иргэний буюу хүний Л.М[ эрх, эрх чөлөөг тунхаглан хуульчилж үндэсний систем тогтоосон үнэхээр хувьсгалт үйл явц байв.

Энд Үндсэн хуулийг боловсруулсан үйл явц, Үндсэн хуулиар тогтоосон нийгэм, төрийн байгуулал, түүний мөн чанар, Монголын нийгэмд үзүүлсэн үр дагавар зэрэг талуудыг ХХ зууны эхэн үеийн Монгол, түүний улс төрийн орчин ялангуяа 1921–1924 оны хувьсгалт үйл явцтай уялдаа холбоотойгоор авч үзэхийг оролдлоо.

Судалгааны явцад дараах угтвар шинжтэй дүгнэлтүүдийг хийж болмоор байна.

  1. 1924 оны Үндсэн хуулийг тогтоосон үйл явц нь Монголын удирдагчдын төлөвлөж байсан гэхээсээ илүү ЗХУ ба Коминтернээс Монголын төр, улс төрийн байгууллыг “зөвлөлтжүүлэн”, Монголд өөрийн “дагуул дэглэмийг” тогтоох бодлогын үр дүн байжээ. Энэ дүгнэлтийг дараах баримтууд болон тэдгээрт тулгуурласан гаргалгаануудаар нотлож болох байна.

1921 оны III сарын 13-нд байгуулагдсан АТЗГ нь 1920 оны Х сарын 29-нд Эрхүүд хуралдсан ОК (б)Н-ын Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секцийн тэргүүлэгчид ба Монгол-төвдийн хэлтсийн хамтарсан хуралдаанаас “Автономит Монолын Түр Засгийн Газар байгуулах шаардлагатай бөгөөд yг Засгийн газapт нэр хүнд бүхий хүмүүсийг оролцуулах" хэмээн тогтсоны дагуу Коминтерны заавраар Ардын намын Д.Бодоо тэргүүтэй "Ардын хувьсгалт" бүлгийнхэнд тулгуурлан байгуулагдсан хууль ёсны эрхийн үндэс багатай ''засгийн эрхийг булаан авах" зорилго бүхий "оросын засгийн газраас томилсон засгийн газар" мэт байсан.

Тийм ч учир тэр нь "монгол ардын төлөөлөгчдийн их хурлыг зарлан хуралдуулж, үүрд байх засгийн газрыг олж, улсын үндсэн цааз дүрмийн тогтоолгосугай" гэж өөрийн эрхийн үндсийг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна.

АЗГ-ын эрх баригчид Автономит Засгийн Газрын ерөнхий сайд С.Дамдинбазарт "Oлноо өргөгдсөний арван нэгдугээр он хаврын дунд сарын арван тавны өдөр … бидний бие угаас их хэргээс зайлсхийх санаагүйгээр оролдоод эдүгээд хүртэл халиран эргэлзэх зүйл огтгүй, анхны байдалд хэвээр бөлгөө …

Барон Унгернийг Монгол газраас үлдэн гаргах явдлыг даруй эс үйлдвэл … үндэс язгуур байтугай газар шороо барагдах … учир нэн бэрхтэй болсон тул танай бие ба Хичээнгүй гүн, Дүйнхарын да лам та гурав буюу, эс бөгөөс тэргүүн хоёр хүн яаран өдөр шөнөгүй довтлон ирж найрамдалтайгаар хэлэлцэх хэрэгтэй болох” гэж албан бичиг ч явуулж.

Энэ бүхэн нь нэг талаар эл бодлогын зүй ёсны үргэлжлэл төдийгүй өөртөө ихээхэн ардчилсан үзэл санааг агуулсан зорилт байлаа. АТЗГ Нийслэл Хүрээнд ирээд 1921 оны VII сарын 9-нд Автономит Засгийн газарт "ардын намын хүмүүс хийгээд ардын засгийн газраас энэ бүх хуучин байдлыг хэвээр агуулсаар амар тайван засгийг үзнэ гэж горилон сууж хүсэхгүй болсон учир, бүх монгол нутгийн засах захирах эрхийг өөрсдөө хүлээн авч, өөрийн тусад өөрөө зүтгэж, нийт даяарыг амаржуулан, хуучин шинэ байдлыг ээлжлэн хянаж, шинэчлэн засах ба олон түмэн ардад тустай засаг явуулж, зовлон жаргаланг үнэнхүү ёсоор тэгшлэхийг бэлтгэн бүхий тул, ийнхүү захирах засаг явуулж" хэмээн бичиг явуулж "тамга хэргийг шилжүүлэн тушаахыг” тулган хүлээлгэж засгийн эрхийг авахын хамт хууль ёсны хаан Богд Жавзандамбыг “Монгол улсын хэмжээт цаазат улсын хаан өргөмжлөн” түүний засгийн газрын зарим сайд нарыг өөрийн засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж шадар сайд нарыг томилсон нь АТЗГ-ын легитим үндэс нэр хүндийг дээшлүүлэх Коминтерн ба АТЗГ-ын бодлого түүнчлэн монголчуудын үндэсний эв эеэ хадгалах эрмэлзэлийн үр дүн байлаа.

Үндэсний эв эеийг эрхэмлэсэн нийгмийн улс төрийн хүчнүүдийг өөртөө багтаасаны улмаас АЗГ нь эвслийн шинжтэй болжээ. Тухайн үед Коминтерн үүнийг “Ардын хувьсгалт нам үндэсний тусгаар тогтнолын суурь дээр милитаризмын эсрэг үндэсний нэгдсэн фронт байгуулах (түүнд хар шар феодалын этгээдийг оруулаад), эвслийн засгийн газар байгуулах эрх ашгийн үүднээс дотоод улс төрийн шинж чанар бүхий буулт хийхэд хүрсэн” гэж үзэж байв. Энэ байдал ЗОУ ба Коминтерны хэтийн зорилгод нийцэхгүй түр зуурын буулт байв. Тиймээс зохих цаг үед тохируулан Коминтерн “монголчуудын дотор анги ялгаварлах ажлыг” явуулж, АЗГ-ын бүрэлдэхүүнээс өөртөө дуулгаваргүй хэсгийг шахан гаргах бодлого явуулжээ.

Энэ нь зохион байгуулагдсан, төлөвлөгдсөн, төдийгүй “монголчуудын эрх ашгийн үүднээс … Монголд тусламж үзүүлэх тухай томьёоллоор” өнгөлөн далдлагдсан бодлого байсан бөгөөд үүндээ Монголын эрх баригчдын дотоод зөрчлийг ашиглажээ. Гэтэл Монголын эрх баригчид зохион байгуулалт, нэгдсэн тодорхой зорилгогүй төдийгүй зөвхөн Монголоо гэсэн үндэсний үзэл дээр л эвсэж байсан авч бусад талаар ихээхэн зөрчил тэмцэлдээнтэй ялангуяа АЗГ-ын эвслийн байдлаас уламжлан тэдний хооронд хуучин, шинийн зөрчил тэмцэл их байлаа. Түүнчлэн Коминтерн нь Монголын эрх баригчдын хувьд тэдэнд тусласан найдах ганц түшиг тулгуур нь байсан учир Коминтерны үнэн нүүр царайг танихад төвөгтэй байсан төдийгүй тэд Коминтерны заавар зөвлөгөөг эрхгүй дагахаас өөр аргагүй байсан биз. Энэ байдал нь Коминтернд бодлогоо хэрэгжүүлэх боломж олгожээ.

Хэдий тийм боловч Монголын эрх баригчид өөрийн улсын тусгаар тогтнолын зэрэг гол асуудлууд дээр бие даасан хараат бус бодлого явуулахыг эрмэлзэж байжээ. Түүнчлэн Улсын Их Хурал хуралдуулж Үндсэн хуулийг батлан нийгмийн байгуулал, төрийн байнгын байгууллыг тогтоох талаар Коминтернээс ангид өөрийн орны байдалд тохирсон бодлого явуулжээ.

АЗГ өөрийн оронд хэт нь үндсэн хуулийн хаант төрийн байгууллыг тогтоож, иргэний либерал нийгэм байгуулахаар төлөвлөж 1921 оны Х сарын 28-нд Улсын түр цагийн хурал УТЦХ, XI сарын 1-нд "Тангарагийн гэрээ", 1922 оны III сарын 3-нд АЗГ-ын хурлын түр дүрэм, 1923 оны I сарын 5-нд "Монгол улсын нутгийн захиргааны дүрэм", "Монголын олон засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм" зэргийг тогтоож оршин буй Хэмжээт цаазат хаант төрийн байгуулал, нийгмийн шинэ тогголцооны үндсийг бэхжүүлжээ.

Улмаар 1922 оны V сарын 19-нд А3Г-ын 21-р хурлаар "Шүүх яамны тэргүүн сайд Магсаржав, Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Жамсранов, түшмэл Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй үндсэн хууль боловсруулах комисс тусгайлан байгуулж, 1922 оны IX сарын 1-нд хуралдсан А3Г-ын 39-р хуралдаанаар "ардын эрхтэй хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч" улсын үндсэн хуулийг боловсруулахыг даалгажээ.

Эл комисс улмаар 1922 оны ХII сарын 29-нд А3Г-ын 56-р хуралдаанаар үндсэн хууль боловсруулах ажлыг засгийн газрын дэргэдэх Цааз хуулийг эмхлэх хэлтэст шилжүүлснээр дээрх байгууллагуудаас ардын эрхт хэмжээт цаазат хаант улсын үндсэн хуулийг боловсруулах ажлыг идэвхийлэн явуулсан боловч “гадаадын хууль бичиг тав тув олдохгүй ба оловч орчуулахад төвөгтэй нийлүүлэн хянахад хялбар бус … сайнаар эмхлэхэд бэрхтэй” зэрэг бэрхшээл их тохиолдож байжээ.

Түүний зэрэгцээ Коминтерны даралт шахалт улам нэмэгдэж үндэсний ардчилсан хүчний түшиг тулгуур бодсон төрийн зүтгэлтнүүд улс төрийн тавцангаас байнга зайлуулагдаж улс орны улс төрийн байдал ихээхэн өөрчлөгдөж Коминтерны бодлого ихээхэн нөлөөлөх болжээ.

Гэвч 1923 онд “Монголын хэмжээт засагтай ард улсын үндсэн хууль” хэмээх улсын үндсэн хуулийн төсөл боловсрогдсон ба түүнчлэн “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын хурлын дүрмийг” АЗГ-аас боловсруулан баталжээ. “Монголын хэмжээт засагтай ард улсын үндсэн хууль” төсөл нь Богд хааны тухай зүйлүүд (9 зүйл), Ардын эрх ба үүргийн тухай (7 зүйл), Ардын засгийн байдал учир (3 зүйл), Улсын хуралдааны тухай (5 зүйл), Улсын санхүүгийн тухай (1 зүйл), Зарга шүүхийн тухай (1 зүйл) нийт 6 бүлэг 26 зүйлтэй ажээ.

Нэгдүгээр бүлэгт хааны улс төрийн эрхийг хязгаарлан "Монгол ард улсын үндэснийг батлан боловсруулах ба ард түмний ашиг тусын тухай хууль дүрмээс ... бус чанарын хууль дурэм ба тогтоол хэргийг ... нэгэн удаа эгүүлэн хэлэлцүүлэх", засаг төрийн дээд албан тушаалтныг томилохдоо "Богд хаанаа сонсгон айлтгаж батлуулах", "аливаа гавьяа зэрэг олгохыг Богд хаантнаас эрхлэн шагнах", "аливаа улс төрийн их баяр тохиолдвоос Богд хаан зарлиг буулгаж өршөөлөөр олон ялтны ялыг уучлан хэлтрүүлэх ба хөнгөтгөх эрхтэй” байхаар тогтоожээ.

Хоёрдугаар бүлэгт ардын халдашгүй дархан байдал, улс төрийн эрх чөлөө, сонгох сонгогдох эрх чөлөө, өмчийн эрх чөлөө, шүтэн бишрэх эрх чөлөө зэрэг хүний ба иргэний үндсэн эрх эрх чөлөөг хуульчлахаар зааж иргэний ардчилсан нийгмийг байгуулахаар төлөвлөжээ.

Энд өгүүлэгдэж буй "ард" хэмээх нэр нь Богд хааны зарлигийн дагуу ерөнхий сайд С.Дамдинбазарын Монголын ард түмэнд хандаж гаргасан ухуулах бичигт “эрхэм доорд, баян үгээгүй хэн боловч Улсын ард хэмээх нэгэн үсэгт багтсан ... дээдэс, доорд, баялаг үгээгүй хэмээн ялгаварлан үзэхгүй бүгдээр эв нийлж нэгэн хөг нийтийн хүчнээр хичээн зүтгэхийг эрхэмлэн ... явуулж бүхүй", ерөнхий сайд Д.Бодоогийн "Манай Монгол улс их бүдүүлэг тохирохгүй, хурлын эрхт бүгд найрамдах улс бас хэцүү ... Иймийн учир хэмжээт эрхт эзэнт улс байгуулсан ...

Иймээс эрэгцүүлбэлээс эзэн хэмжээтэй эрх хэрэглэсэн тул бусад ноёд засаг, хувилгаан хутагт мөн хэмжээгүй эрхт аж төрөх нь хасагдана. Тэднийг хэмжээлэхэд гагцхүү албадан татаж мөлжин хувируулахыг зогсоохоос бус харшлах зүйлгүй болох дээр хэмжээт эрхтэй эзэнт улсыг бат лут хэмээн баримтлах нь дэлхий дээр самуун будлиангуй, амар тайван cyyгaa Англи улсыг өмнөх толь болгож болно",

Цэргийн яамны тэргүүн сайд бүх цэргийн Жанжин Сүхбаатараас "ардын эрхт хэмжээт цаазат засгийн ёсон болбоос ... гагцхүү дээрээс нь доордыг учиргүйгээр эзэрхэн дарлах доордос нь мөн түүний эрх сүрд дарлагдаж өгүүлэх газаргүй болон зүдэж дарлагдах муу суртлыг халж ард түмэнд эрх чөлөө олгосон нь болой" хэмээн өгүүлж байсан албан ёсны сурвалжаас харвал "иргэн" гэсэн утгыг илэрхийлж байсан нь илэрхий.

Түүнчлэн еренхий сайдын жинхэнэ орлогч сайд, бүх цэргийн жанжин, НТХ-ны тэргүүлэгч гишүүн С.Данзан "ертөнцийн хүмүүн төрөлхтөн нь илэрхий тэнэмэл ба нүүдэл, суурьшсан ба боловсорсон, баловсорсны дотор эзэнт ба бүгд найрамдах буюу зөвлөлдөх мэтийн олон зэрэг дэс байх бөгөөд үлгэрлэвээс авирах гишгүүрт нэгээс үүсгэн дэвших ба усанд гүехнээс гүнд орохоор одохын адил буй. Үүний зэрэг дэс солигдвоос үл болох буюу өөрсдөө бүхүй ёс мен" гэснийг дээрх томъёоллууд болон АЗГ-аас явуулсан арга хэмжээнүүдтэй уялдуулан үзвэл Монголын удирдагчид улс орондоо либерал иргэний нийгэм байгуулахаар зорьж байсан нь тодорхой болно.

Үндсэн хуулийн төслийн гуравдугаар бүлэгт Ардын засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар товч заагаад “Засгийн газрын дэргэд ... Улсын их хурал байх тул 3асгийн газраас аливаа цааз хуулийг тогтооход ... хуралдааны зөвшөөрлийг эрхбиш хэрэглэвээс зохино" гэж заажээ. Улсын хурлын хуралдах хугацаа зэргийг заахын хамт "улсын хуралдаанаар хэлэлцсэн хэргийг 3асгийн газрын хуралд оруулж батлан тогтоож Богд хаантнаа айлтгаж толилуулан гарын үсэг зурж гүйцмэгц хүчин төгөлдөр болгон явуулна. Хэрвээ засгийн газраас зөвшөөрөхгүй зүйл буй аваас улсын хуралд дахин хэлэлцүүлэх эрх буй байна" гэж заажээ.

Энэ бүхэн нь А3Г Монголд үндсэн хуульт хаант төрийн сонгодог байгууллыг тогтоохоор төлөвлөж байсныг гэрчлэх юм. Үүнийг дээр дурдсан Улсын хурлын дүрэм давхар нотлож байна. Уг дүрэмд "энэхүү улсын их хурал нь ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын дээд эрхийг хадгалах газар болмой" гээд түүнийг 3 жилийн хугацаатайгаар сонгох ба тогтмол хурлыг жил бүр хуралдуулж байхаар зааж хууль тогтоох ба төрийн дээд албан тушаалтнуудыг "сонгох, огцруулах явдлыг… таслан тогтоох зэрэг шийдвэрлэх эрх мэдлүүдийг олгожээ.

Эдгээр нь А3Г-т Монголын үндэсний ардчилсан хүчнийхэн бэхжиж бие даасан бодлого явуулсны үр дүн байв. Гэтэл А3Г дахь үндэсний ардчилсан хүчнийхний гол түшиг тулгуур болж байсан улсын хаан Богд Жавзандамба 1924 оны V сарын 20-нд таалал төгссөн нь ихээхэн гарз хохиролтой үйл явдал байсан төдийгүй ЗХУ ба Коминтернээс Монгол дахь өөрийн эрх мэдлээ бэхжүүлэх үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах үүдийг нээж өгсөн улс төрийн ихээхэн үр дагавартай үйл явдал байв. Чухамхүү энэ үхэл ЗХУ ба Коминтерны өмнө Монголд өөрийн засаглалаа бэхжүүлэх үүдийг нээж өгсөн учир ЗХУ хэдхэн хоногийн дараа V сарын 31-нд ДИУ-тай Монгол дахь түүний бүрэн эрхийг (сювернитет) хүлээн зөвшөөрсөн хэлэлцээр байгуулсан юм.

Ингэхдээ нэгэнт бүрэлдсэн олон улсын байдал 3ХУ-ын Монголын талаарх бодлогыг шууд хэрэгжүүлэх боломж олгохгүй нь илэрхий байсан тул олон улсын харилцаанд хариуцлага хулээхгүй дэлхийн хувьсгалын бодлого явуулж байсан улс төрийн байгууллага болох Коминтернээр дамжуулан хувьсгалын нэрээр Монголын төр, улс төрийн байгууллыг "зөвлөлтжүүлэх" замаар Монголд өөрийн засаглалыг тогтоох бодлогыг яаравчлан явуулсан байна. Энэ нь эзэнт гүрний уламжлал ба өөрийн орны геополитикийн зайлшгүй шаардлагын үүднээс Монголд ноёрхлоо тогтоохыг зорьж байсан ЗХУ-ын хувьд хамгийн зөв хувилбар байсан юм.

Учир нь 1915 оны Хиагтын 3 улсын гэрээгээр ДИУ Монголын сюзерен, хаант Орос Монголд өөрийн протекторат эрхийг тогтоосон билээ. Тиймээс Монголын хувьд ДИУ-аар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нь Монгол дэлхийн улс-үндэстнүүдийн хамтын нийгэмлэгийн гишүүн болж улмаар дэлхийн бусад улс оронтой чөлөөтэй харилцах боломжтой болох байв. Энэ нь юуны түрүүнд ЗХУ-д аюултай байв. Учир нь тухайн үед алс дорнодод идэвхтэй бодлого явуулж байсан Япон, АНУ, Англи, Герман зэрэг ЗОУ-ыг дайсагнаж байсан улс оронтой тусгаар тогтносон Монгол улс харилцаа тогтоох нь зайлшгүй байсан юм. Энэ нь ЗХУ-ын хувьд Монгол алдагдаад зoгcoxгүй түүний дайсан болох аюултай байв.

Тиймээс ч ЗОУ Монголын ДИУ-тай хийх хэлэлцээрт зуучлаx эрхийг дангааpaa хучиндэн авахын хамт "олон улстай нэгэн адилаар" харилцах гэсэн Д.Бодоогийн Засгийн газрын нээлттэй үйл ажиллагааг тас цохиж гарыг нь мухарлан Монголыг Хятадын татсан хөшигөн дотор барьж байх бодлого явуулжээ. Энэ талаар 1921 оны Х сарын 18-нд Б. З. Щумяцкий, Г. В. Чичеринд “Монголын ардын хувьсгалт засгийн газар америкчууд, англичууд, япончуудын улиглалын талаар ямар байр суурь баримтлах ёстой вэ гэдгийг төлөөлөгчид ямар нэг хэлбэрээр хөндөн тавих болно. Энэ асуудлын талаар америкчууд хийгээд бусад улсын саналыг эрс татгалзан ЗОУ-ын зуучлалын үр дүнг тайван хүлээж байя гэсэн ойлголтыг төлөөлөгчдөд өгье" гэж бичиж байжээ. ЗОУ эл бодлогоо хэрэгжүүлэхдээ Богд хаанаас болгоомжилж байсан бололтой юм. Учир нь дээрх бичигт "төлөөлөгчдийн дунд Хутагтын төлөөлөгч байгааг нэгэнт та мэдэж байгаа болохоор ... нэгэнт америкчууд, англичууд, япончууд хүсэж байгаа болохоор тэдэнтэй ажил хэрэгч, худалдааны харилцаа тогтоож болох юм гэдгийг Монголчуудад зөвлөмж болгох” гэж өгүүлжээ.

1924 оны V сарын 31-ны гэрээ нь ЗХУ-ын Монголыг “зөвлөлтжүүлэх" замаар ноёрхолоо тогтоох үйл ажиллагааных нь гадаад нөхцөлийг бүрдүүлж өгсөн бөгөөд ЗХУ Монгол руу хандах ба Монголчуудын хандаж болох гадаад улс төрийн харилцааны үйл ажиллагааг хууль бус болгон үнэн хэрэг дээрээ Монголыг Хятадын эзэн эрхийн хөшигөн дор гадаад орчноос салган авчээ.

Тийм ч учир энэ гэрээний дараа Монголыг "зөвлөлтжүүлэх" үйл ажиллагаагаа эрчимжүүлж, МАХН-ын Tөв Хорооноос тус хорооны еренхий хэлтсээс хянан төлөвлөсний дагуу АЗГ-ын XVIII хурлаар Монголын хаант төрийн байгууллыг халуулж бүгд найрамдах байгууллыг "да жунтан хэмээх их ерөнхий даргыг сонгохгүй" хэмээн "совет" маягаар яаравчлан тогтоолгожээ. Бүгд найрамдах засаг тогтоох асуудлыг хэлэлцэх үед "ерөнхийлөгчийн тухай асуудлаар зарим маргаан гарч ... улс төрийн талаар хашир мэргэн Б.Цэрэндорж бүгд найрамдах засгийг еренхийлөгчгүйгээр байгуулахыг хамгаалж” шийдвэрлэсэн юм гэж А. Каллиников бичжээ.

Улмаар Монголд бүрэлдээд байсан улс төрийн байдлыг КИГХ-ны Тэргүүлэгчдээс Монголын асуудлаар гаргасан 1924 оны VIII сарын 11-ний тогтоолдоо "намын баруун жигүүр бэхжиж түүний удирдагчид нь эвслийн засгийн газарт Төв Хороог засгийн газарт захируулах бодлого явуулж нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг эсэргүүцэж …

Монгол ЗСБНХУ-ын хоорондын харилцааг дайсагнагч шинжтэй болгон дүрсэлж байсан нь ардын нам үндэстний нэгдсэн фронтын тактикийг баримтлахад хүргэж … тэр нь төрийн байгуулалтын талаар явуулж буй намын бодлогод ихээхэн нөлөө үзүүлж байгаа хийгээд, тэдний зүгээс улс орныг ардчилах, хөдөлмөрчдийг жинхэнэ ёсоор чөлөөлөхөд саад бэрхшээл учруулж буй” хэмээн үзэж улмаар “1921 онд эхэлсэн үндэсний хувьсгалыг амжилттай дуусгах” үүний тулд " баруун жигүүрийнхний хувьсгалын эсрэг, намын эсрэг үүргийг намын олон түмний өмнө илчилж, намын удирдах байгуулалтыг удирдах жинхэнэ хувьсгалт төв болгон хувиргах, … намыг бэхжүүлж төрийн байгууллыг ардчилах, … төрийн хариуцлагатай албан тушаал эзэлж буй намын бүх гишүүдийг Төв Хороонд захируулах … хууль тогтоомж эсвэл засаг захиргааны журмаар авч хэлэлцэх бүх асуудлыг урьдчилан Төв Хороонд оруулж батлуулж байхаар” тогтоож, “Коминтерны бүрэн эрхт төлөөлөгчийг МАХН-ын Төв Хороог хэрэг дээр удирддаг, харин тэрхүү Төв Хороо нь төр улсаа жинхэнэ ёоор удирддаг болгох чухамхүү тийм нөхцөл байдлыг бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй” гэж үзжээ.

Энэ үеэс Коминтерн Монголын “намын байгуулалт хийгээд төрийн байгуулалтын талаар төлөвлөсөн арга хэмжээнүүдээ” маш эрчимтэй явуулсан бөгөөд үүнийг Коминтерны бүрэн эрхт төлөөлөгч Т. Р. Рыскулов “төлөвлөсөн арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал бөгөөд тэгсэн цагт монголын бодлогыг удирдах манай удирдлага бараг хангагдах болно” гэж үнэлжээ.

Төлөвлөсөн арга хэмжээгээ хэрэгжүүлэхэд нь саад болох байсан МАН-ын дотор “баруунтан” болж байсан Монголын үндэсний ардчилсан хүчнийхний эсрэг залуучууд, МХЗЭ болон ядуучуудыг дэмжин улмаар Элбэгдорж Ринчиногийн гараар 1924 оны VIII сарын 4–31-нд хуралдсан МАН-ын III их хурал дээр “баруунтны” удирдагч болох ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, бүх цэргийн жанжин, намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүд С.Данзан, Засгийн газрын нарийн бичгийн дарга Г. Баваасан нарыг “Монголыг Коммунист интернационалаас салгаж улмаар Коминтерний хамт ЗСБНХУ-аас салгахыг хүсэж байна” гэж буруушаан хороох замаар цохилт өгчээ.

С.Данзан, Г.Баваасан нарыг хороосны дараа 1924 оны VIII сарын 30-нд ЗХУ-ын элчин А. А. Васильев МАН-ын III Их хурал дээр “дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засан залруулан дэг журмыг сахиуллаа … Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун … бид цөмөөр цус асгаруулахыг боддоггүй улс, гэвч олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог удаа хаяа тохиолддог юм. Та нарын хийсэн үйл хэрэг Монгол, ЗСБНХУ хоёрын холбоо хэлхээг бэхжүүлэхэд дөхөм болж, ач тусаа үзүүлэх болно гэж би бодож байна. Та нарын гаргасан шийдвэр аль ч талаар үзсэн хууль ёсны шийдвэр мөн” гэж сургамжилжээ.

Энэ ажиллагааны дүнд үндэсний ардчилсан хүчинг ялагдалд оруулж МАН-ыг “Коминтерны заавар сургаалыг дагаж … эв хамт ёс журамд дэвших зөвлөлүүдийн замаар орох … нэг ангийн үзлийг баримталж дунд ядуу ардыг түшиглэн … дарангуйлан захирах шудрага хатуу засгийг явуулж … улс төрийг удирлах жинхэнэ хувьсгалт нам” болгон хувиргажээ. Энэ бүхний эцэст Монголыг “дотоод улс төр, эдийн засгийн байгууллаар зөвлөлт хэлбэрт ойртуулах үйл ажиллагаанд” эсэргүүцэл үзүүлэх, өөрсдийн бие даасан бодлого тууштай хамгаалах хүчин Монголд байхгүй болжээ.

Улмаар Монголыг “зөвлөлтжүүлэх” үйл ажиллагаа шуударсан бөгөөд 1924 оны IХ сарын 19-нд хуралдсан АЗГ-ын 34-р хуралдаанаар “урьд тогтоон зарласан улсын хурлын дүрмийн дотор хараахан тохирохгүй зүйл” хэмжээт засагтай холбогдсон үг, өгүүлбэр, зүйлийг хасаад “Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын хурлын дүрмийг” “БНМАУ-ын хурлын дүрэм” болгон баталжээ. 1924 оны IX сарын эхээр дахин явуулсан аймаг шавийн их хурлуудаас орон нутагт ардчилсан захиргаа байгуулах ажил үндсэндээ дуусч Улсын Их Хурлын төлөөлөгчдийг сонгожээ.

Энэ үед УИХ-ын хэлэлцэх гол асуудал болох үндсэн хуулийн асуудал тавигдсан бөгөөд 1924 оны Х сарын 24-нд АЗГ-ын 39-р хурал хуралдаж “Тус улсын үндсэн хуулийг зохиох ба засгийн газрын хурлын дүрмийг шинэчилж даруйхан төлөвлүүлэн улсын хуралд батлуулах явдлыг хэлэлцээд үүнд ерөнхий сайд Цэрэндорж, Цэвээн, Ринчино, Всевятский, Гомбобадамжав нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисс томилж, басхүү өөр боловсронгуй хүмүүсийг урин авч хэрэглэх эрх олгож эл зүйлийг эрх биш гурван долоо хоногийн дотор гүйцэлдүүлэн ирүүлэхээр” даалгаж өмнөх байгууллагууд болон тэндээс боловсруулсан төслийг үгүйсгэн шинээр төсөл боловсруулахаар болжээ.

Үндсэн хуулийн комиссын бүрэлдэхүүний тухай өөр нэгэн баримтанд гишүүнд "Эрискүлов" хэмээн саяхан ирээд байсан Коминтерны бүрэн эрхт төлөөлөгч Т.Р.Рыскуловыг оруулсан байдаг бөгөөд эл комисст 1924 оны V capд ЗХУ-аас уригдан ирсэн xyyль, цаазны мэргэжилтэн П.В.Веевятский, Д.Р.Ринчино, Т.Р.Рыскулов нар голлох үүргийг гүйцэтгэсэн бөгөөд тэд үндсэн хуулийг маш давч хугацаанд боловсруулан зохиож 1924 оны XI сарын 7-нд Улсын Их Хурал нээгдэхийн өмнөх өдөр дуусгажээ.

Шинэ үндсэн хуулийн гол туурвигч нь Т. Р. Рыскулов байсан бөгөөд тэрээр 1924 оны Xl сарын 2-нд КИГХ-ны Дорнод хэлтсийн Алс дорнодын товчооны дарга Г. Н. Войтинский, КИГХ-ны тэргүүлэгч гишүүн Д. З. Мауильский нарт “Үндсэн хуулийг төслийг нөхөр Всевятскийтэй хамтран боловсруулсан юм. ЗСБНХУ хийгээд АДБНУ-ын Үндсэн хууль болон бусад янз бүрийн төслийг материал болгон ашигласан болно.

Цэрэндоржоор толгойлуулсан Засгийн газрын онцгой комисс саяхан Ринчиног оролцуулан төслийг авч хэлэлцээд уг төсөлд бага зэргийн засвар оруулан бүхэлд нь баталсан юм” гээд Үндсэн хуулийн хамгийн гол асуудал болох төрийн байгууллын талаар “шинэ үндсэн хуульд зааснаар Их, Бага хурал хийгээд Эдийн засгийн зөвлөл бүхий Засгийн газартай байна гэдэг бол манайхны Бүх Оросын Зөвлөлүүдийн Их Хурал, Бүх Холбоотны Төв Гүйцэтгэх Хороо, Ардын Комиссар нарын Зөвлөл гэсэнтэй адил юм” гэж “совет” маягийн байгуулал тогтоохоор төлөвлөж буйгаа бичжээ.

Тэрээр цааш нь “Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлыг батлах” үед “Үндсэн хуулийн талаар хөрөнгөтний либерал үзэл баримталсан төсөл оруулахыг эрмэлзэн байсан комиссын гишүүн Жамсраног … хуралдаанд орж ирэхээс өмнө асуудлыг түргэн шийдвэрлэж байсан тул тэр зориуд саад хийж эхлэн” “үндсэн хуулийн тухай асуудал гарч ирэх үед бүр ч том маргаан гарч ...

Монголд онцгой маягийн үндсэн хууль хэрэгтэй юм уу? гэж асуугаад, ер нь үндсэн хуульгүй ч орон байдаг гэж ... байсан ... учраас хуралдаан дээр Жамсраногийн үйл ажиллагааны тухай асуудлыг хөндөн гаргаж, Ардын намын III их хурлын шийдвэр болон улс орныг ардчилахын чухлыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, Коминтерны захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх тухай асуултыг түүнд шууд тавих хэрэггэй болсон юм. Жамсрано гэнэт асуудлыг ийнхүү тавина гэж бодоогүй байсан yчpaac миний тавьсан бүх асуултыг хүлээн зөвшөөрч шууд л буулт хийхээс аргагүйд хүрсэн юм" гэжээ.

Гэтэл Жамсрано нь бүр 1914 онд ерөнхий сайд Намнансүрэнгийн даалгавраар Улсын эрх хэмээх үндсэн хуульт хаант төрийн байгууллын тухай зохиолыг туурвиж байсан бөгөөд Үндсэн хууль боловсруулах бүх комисст гол үүрэгтэйгээр оролцож ирсэн этгээд болох тул тийнхүү эсэргүүцсэн нь тодорхой учиртай бөгөөд Т. Р. Рыскулов “үндсэн хуудийн төслийг баталсан Төв Комиссын хуралдаан дээр… комиссын гишүүн Жамсрано байхгүй байв … Харин Цэрэндорж Үндсэн хуулийн талаар миний боловсруулсан төслийг бараг бүхэлд нь хүлээн авсан билээ” гэж бичжээ.

Хөдөөний 70, ард 71, тайж 6, нийт 77 төлөөлөгч оролцсон Улсын Анхдугаар Их Хурлын 1924 оны XI сарын 25, 26-нд бүтэн хагас өдрийн хуралдаанаар Т. Р. Рыскулов, Д. Р. Ринчино нарын шахалт, хамгаалалтан дор БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг баталсан байна. Үндсэн хуулийн төслийг 25-ны үдээс хойшхи хуралдаанд оруулан батлуулахыг оролдсон ба төлөөлөгчид үндсэн хуулийн талаар тодорхой ойлголтгүй байсан нь хуралдааны протоколоос илэрхий харагдаж байгаа бөгөөд “төлөөлөгч Гонжоо:

Нөхөд өө, Үндсэн хуулийг батлахыг бүү яар, сайтар хянаж ажаамуу… төлөөлөгч Цэдэн-Иш: Үндсэн хуулийг би хувьд зарим зүйлийг ухсангүй бөгөөд үүнийг батлахыг маргааш болбаас зүйтэй бөгөөд эрхбиш зүйл дараалан хэлэлцвээс тустай болов уу … Төлөөлөгч Жаданбаа: Энэхүү дүрмийг маргааш нэгд нэгнээр зүйл дараалан уншиж, тайлбарыг мэдэж, сайтар шүүмжилж тогтооваас ямар?” гэсний дүнд 26-ны өдөр дахин хэлэлцэхээр болсон байна.

Үндсэн хуулийг хэлэлцэх үед “Жавзандамба хутагтын хойд дүрийг залах эсэх хэмээсэн нь … Үндсэн хуульд холбогдох мэт” гэх зэргээр хааны тухай асуудал хөндөгдөж байсан боловч няцаагджээ. Гэвч улсын Их Хурлын гишүүдийн эрх зүйн мэдлэг чадвар мөхөс байсан учир Т. Р. Рыскулов, Д. Р. Ринчино нарын тайлбарыг хялбар хүлээн авахын хамт “Бага хурал” гэснийг “Бүгдийн хурал”, “Төрийн тэмдэг” гэснийг “Төрийн сүлд хэмээн соливоос ямар?” гэх мэтээр орчуулгын нэр томьёог өөрчлөхийн төдийгөөр баталжээ.

Түүгээр ч барахгүй өмнө нь нэгэнт баталсан байсан УИХ-ын дүрэмд “Улсын хурлын төлөөлөгчдийг гурван жилийн хугацаагаар тогтоосон боловч” Т. Р. Рыскуловын “Энэхүү үндсэн хуулийг төлөвлөхөд би мөн туслалцсан бөгөөд тухай дор Улсын хурлыг нэгэн жилд нэгэн удаа хуралдуулах гэсэн бодлого болбаас зүйл зүйлийн учраас болсон буй. Юуны урьд элдэв зарлага, чирэгдэл, сүйдэл үлэмж учир … төлөөлөгчийн хугацааг хомстгосон” гэж хамгаалснаар УИХ-ын гишүүдийг зөвхөн тэр жилийнхээ сонгогдсон хуралд тухай дор оролцох эрхтэй болгож УИХ-ын байнгын парламентын чанарыг алдагдуулсан байна.

Ийнхүү БНМАУ-ын анхдугаар үндсэн хууль, батлагдаж бүгд найрамдах байгууллыг хуульчилсан бөгөөд энэ нь үнэн xэpэгтээ Монгол оронд Зөвлөлтийн дагуул дэглэмийг тогтоосон хэрэг байлаа.

2. Анхдугаар Үндсэн хуулиар Moнголд нийгмийн шинэ бaйгyyллын суурийг тaвьжээ. "Бүгд найрамдах улсын нийгэм-улс төрийн мөн чанарыг" "хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлсэн шинэ ёсны" Т. Р. Рыскуловын ойлголтоор "өөрийн бутцээрээ феодализм ба империализмын эсрэг боссон хөдөлмөрчдийн төрийн хэв маягг ойртсон"мнийгэм болгон тоггоожээ.

“Ван, гүн, тайж нарын хэргэм зэрэг, аливаа хутагт хувилгаадын захирах тушаах ба ардын хөрөнгөнд холбогдох эрхийг устгаж”, “Тус улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино” гэж хуульчилснаар хамжлагат нийгмээс уламжлан үлдсэн нийгмийн статуст тогтолцоо ба харилцааг халахын хамт эмэгтэйчүүдийг чөлөөлөн тэднийг нийгмийн идэвхтэй гишүүд болох эрхийн үндсийг олгон бүхэлдээ тэгш эрхт гишүүдээс бүрэлдсэн нээлттэй нийгэм бүрэлдэх суурийг тавьжээ.

Гэвч “ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагчид, ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид, урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нарын” сонгох сонгогдох эрхийг хасаж тэднийг улс тар улмаар нийгмээс шахан гадуурхаж, хуулийн хамгаалалтын гадна үлдээж нийгэмд “анги ялгаварласан” байдлыг бий болгосноор либерал-ардчилсан нийгэм, үндэсний нэгдэл бүрэлдэх үндсийг халж “улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн” “монголын нийгэмд жинхэнэ хувьсгалыг явуулах” нөхцөлийг бүрдүүлэн ангийн тэмцлийг хуульчилсан байна.

Энэ бол большевикуудын ангийн тэмцлийн онол, эзэнт гүрний уламжлалт "xyвaa захир" зарчимтай хосолсон бодлого байв. Эл бодлого Монголчуудыг хагаралдуулан тэдэнд ангийн ухамсар суулгаж улмаар Монголчуудын дунд хөгшин залуу, хот хөдөө, баян хоосон, лам хар, тайж харцын байдал нь ангийн тэмцлийг өдөөгч тэмдэг болон хувирч Монголын нийгэмд "хар, шар феодал", "нударган баян", чинээлэг ард", ''хөдөлмөрчин ард" зэрэг анги давхраа бүртгэгдэж улмаар ван, гүн, тайж нар, xyгaгг хувилгаад, санваартан лам нар, чинээлэг хөрөнгөтөн нарыг нийгмийн давхрааных нь хувьд устгах эрх зүйн үндсийг тавьжээ. Үр дүнд нь Монголд "эзэрхэг, хөрөнгөтний байдлыг үндсээр нь устгаж, нийгэм журамт ба эв хамт ёс журмыг эрмэлзэх'' "жинхэнэ хөдөлмөрчин ардын" ]пролетари ажилчин ангийн өвөг Л.М[ Зөвлөлт маягийн хуарангийн нийгмийн эхлэлийг тавьжээ

3. 1924 оны Үндсэн хууль нь Моиголд анх удаа ард түмний эрхийн тунхаг болох бичигдмэл Үндсэн хуулийг тогтоож үндсэн хуулийн засаглалыг бүгд найрамдах байгууллаар тогтоохын хамт төрийн шинэ тогтолцоог тогтоосон билээ. Төрийн энэхүү шинэ тогтолцоо нь бүхэлдээ Зөвлөлтийн зөвлөлүүдийн маягийн төрийн тогтолцооны хуулбар хувилбар байсан бөгөөд Монгол оронд Зөвлөлтийн дагуул дэглэм тогтоохын зэрэгцээ "жинхэнэ хөдөлмөрчин ардын", "дарангуйлан захирах хатуу засгийг" [пролетарийн диктатурын хувилбар Л.М.[ тогтоожээ.

Улсын Aнxдyгaap Их Хурлаар "анх удаа Засгийн газрыг сонгож байгуулснаар ... Ардын хурлаар сонгогдсон Ардын Засгийн Газар" болсон төдийгүй "улсын дээд эрхийг барих газруудыг" Үндсэн хуулиар тогтоосноор АЗГ-ын эрх зүйн легитим үндэс бэхжиж хууль ёсны болжээ.

"Шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулахын" хамт "Богд хааны тамгыг засгийн газар шилжүүлэн залж хадгалснаар" "'Богд хаан ба гэгээнүүдийн засгийн эрхийг халсан нь эцэслэн бэхлэгдэж ер нь монголчуудын өдөр тутмын амьдралд одоохондоо [тухайн үед Л.М.] ихээхэн үүрэг гүйцэтгэж буй санваартан лам нарын байр үүргийг тодорхойлон" тэдний улс төрийн эрхийг эвдсэнээр барахгүй "орон хийдэд үргэлж суух санваартан лам нар ... сонгох ... сонгогдох эрхгүй" хэмээн тэдний иргэний эрхийг хөсөрдүүлж улс төрийн эрхгүй болгожээ.

"Улсын Их, Бага хурал ба нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг ... тус улсын харьяат эр эм ялгаваргүй хэн боловч сонголт үйлдэх өдөрарван найман нас хүрэгсэд нь нэг( өөрийн хүчнийг үнэлэх буюу хувийн аж хийж амьдрагчид, хоёр( ардын хувьсгалт цэрэг болно" гэж иргэдийн тодорхой хэсэгт ч гэсэн улс төрийн эрх олгон улмаар тэднээс УИХ, УБХ-ыг байгуулснаар ард олныг улс орныг удирдах хэрэгт татан оруулсан бөгөөд ялангуяа "орон нутгийн эгэл нүүдэлчдийн зонхилсон бүрэлдэхүүнтэй 30 гишүүнтэй УБХ-ыг байгуулснаар улс орны улс төр-аж ахуйн амьдрал тулгуурлагдаж байгаа хөдөөнийхний засгийн дээд байгууллагад оролцох боломж хангагдаж ... Бага Хуралдаан нь мөн үеэс )ихэвчлэн орон нутагт тархсан өөрийн гишүүдээр дамжуулан( хөдөөг нийслэл ба төв засгийн газартай нягт холбож” өгчээ.

“Аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн хурал” байгуулан ард олон “Улсын Их, Бага хурал, орон нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох” болсны үр дүнд ард олон улс төрийн субьект болон хувирч тэд улс төрийн амьдралд татагдан орсноор ард олны дотор иргэний ухамсар төлөвших нөхцөл бүрдсэн байна.

УИХ-ын сонгуульт хугацааг Т. Р. Рыскуловын тулгалтаар нэг жил болгон сонгогдсон жилдээ тухай дор хуралддаг болгосноор УИХ-ын парламентын чанар алдагдаж УБХ ба УБХТ, ЗГ тухайн УИХ-ынхаа өмнө тайлагнадаггүй болсноор УИХ-ын ач холбогдол багасч тэр нь үнэн хэрэгтээ дээр дурдсан байгууллагуудын шийдвэрийг хэлэлцдэг тэдний шийдвэрийг баталгаажуулдаг “Үндсэн хуулийг өөрчлөн батлах” эрхтэйн хувьд зохион байгуулах хурлын шинжтэй болжээ.

“УБХ нь нэг жилд хоёр удаагаас цөөнгүй хуралддаг ба Засгийн газрыг сонгодог … хууль, дүрэм, тогтоол, тушаал” гаргах зэргээр хууль тогтоох ба бусад эрх мэдлийг хэрэгжүүлдэг учир парламентын шинж чанартай боловч мөн чанартаа төрийн бүх эрх мэдлийг төвлөрүүлсэн “Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хороотой” адил зөвлөлийн маягийн төрийн байгууллага байжээ.

Харин Засгийн газар нь Монголын төрийн тогтолцооноос уламжлагдан үлдсэн байгууллага боловч тэр нь УБХ-аас байгуулагддаг, түүний бүрэлдэхүүнд ордог бөгөөд УБХТ-дэд хянагддаг ба эрх зүйн байдлаар УБХТ-тэй нэгтгэгдсэн учир бие даасан байдлаа алдсан бөгөөд УБХТ-ийн хамтаар өвөрмөц симбиозыг үүсгэж Зөвлөлтийн “Ардын Комиссар нарын Зөвлөлийн” хувилбар болж байжээ.

Энэ бүхний үр дүнд төрийн дотоод сувернитет алдагдсан ба улмаар намыг “улс төрийг удирдах жинхэнэ хувьсгалт нам” болгон “төрийн хариуцлагатай албан тушаал эзэлж буй намын бүх гишүүдийг Төв Хороонд захируулах явдлыг хатуу тууштай явуулснаар” партократ засаглалын нөхцөл бүрэлдсэн төдийгүй “Коминтерн Ардын хувьсгалт намыг хатуу удирдаж манай (ЗХ-ын) нөлөөг Монголд нэвтрүүлснээр” Монголын төрийн сувернитет улам алдагдаж Монгол улс нь Зөвлөлтийн “дагуул орон” болж “дагуулын харилцааг хүлээн зөвшөөрсөн төдийгүй … идэвхтэй мөрөөссөн … улс орноо халамжлан хамгаалагч оронтойгоо ижил болгохыг эрмэлзсэн” дэглэмийн суурь тавигджээ.

Энэ бүхэн нь Зөвлөлтийн эзэнт гүрний зүйрлэвэл “Pax Гomanica”-ийн нэгэн адил “Pax Sovietica”, Коминтерны дэлхийн хувьсгалын бодлогын үр дүн байсан бөгөөд Монгол улс нь Зөвлөлт ба Коминтерны “Дорнод дахь хувьсгалын чухал цайз-форпост” болж хувирчээ.

4. ЗХУ ба Коминтерн эл үйл ажиллагаагаа зөвлөх, заах, шаардах, тулгах, дарамтлах, сүрдүүлэх, алан хядах зэрэг хүчирхийллийн бусармаг аргаар хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь үндсэндээ Монголын үндэсний ардчилсан хувьсгал ба Монголчуудын үндэстний үзлийн эсрэг хийсэн “улаан контрреволюци” байсан юм.

Энэ дүгнэлтийг:

  • Монголын үндэсний ардчилсан хувьсгалын удирдагчид болон Монголын ард түмэн Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн босгохыг зорьж байсан атал 1924 оны 5 дугаар сарын 31-ны ЗХУ ба ДИУ-ын хооронд асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тухай хэлэлцээрээр “ЗСБНХУ-ын засгийн газар Гадаад Монголыг Дундад Иргэн Улсын бүрэлдэхүүний хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч Дундад Иргэн Улсын тэндэх бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэсэн төдийгүй энэ гэрээг ашиглан Монголыг өөрийн “дагуул орон” болгосон нь Монголын үндэсний ардчилсан хувьсгалын гол зорилт Монголын тусгаар тогтнолын эсрэг байсан учир;
  • Монголын удирдагчдын байгуулахаар төлөвлөж байсан либерал-ардчилсан Үндсэн хуулийн хаант төрийн байгууллыг няцааж пролетарийн диктатурын хуулбар хувилбар “жинхэнэ хөдөлмөрчин ардын” “дарангуйлан захирах хатуу засгийг” тогтоосон учир;
  • Монголын удирдагчдын улс орондоо байгуулахыг зорьж байсан иргэний либерал-ардчилсан нийгмийг үгүйсгэн, Монголд “зөвлөлт” маягийн “анги ялгаварласан” хуарангийн нийгмийн үндсийг тавьсан учир;
  • 1924 он гэхэд Монголын Үндэсний ардчилсан хувьсгалын гол удирдагчид Д.Бодоо, Д.Сүхбаатар, С.Дамдинбазар, улсын хаан Богд Жавзандамба, С.Данзан нар улс төрийн тавцангаас цаг бусаар зайлуулагдсан учир хийсэн болно.

МУИС-ийн түүхийн тэнхим
Судалгаа, сургалтын “Прогноз” төв


Сэтгэгдэл

Баяраа зогсоо . [103.212.116.155] 2024-12-23 11:43:16

2024 оны 12 сарын шинэ жилийг тэмдэглэхгүй шүү . Монголчууд бидэнд баярлах цэнгэх шлатгаан алгаа . Их ч олон жил л хамтлаг дуучид дууллаа , баахан бөхчүүд барилдлаа их ч авлаа , Хошин шогчид амаа дэлбэртэл инээлдлээ . Тэгээд юу сайн сайхан болсон бээ . Улсын хөгжилд юу нэмэгдсэн бээ. Утааны эсрэг 44 их наяд нүүрсний мөнгөө нэхэж жагсая аа . Монголд жилд 10000 хүн хорт хавдараар нас барж байнаа . Хурал хийдэг 100 200 тэрбум төгрөгөө Энэ олон өвчтэй хүмүүстээ өгч амийг нь авар аа .

Зочин [103.10.23.120] 2024-12-23 10:43:19

Түүхээ зөвөөр бичсэн байна МУНДАГ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.