Уур амьсгалын өөрчлөлтөд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд санаа зовдог

Aдмин / Нүүр

Байгаль дэлхийн “ааш” араншин хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг хүн төрөлхтөн биеэрээ мэдэрч, буй бүхнээрээ төлөх эмзэг цаг үе хаяанд иржээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах цаг нь яг одоо гэдгийг дэлхий нийт, НҮБ одоогоос 3-4 жилийн өмнө онцгойлон анхааруулж байв. Тэр дунд Монгол Улс анхаарлын “улаан тэмдэг”-тэй байгаа. Харамсалтай нь хугацаа өнгөрөх тусам байгаль дэлхийн араншин улам муудаж байгааг ухаж ойлгох, учирлаж сэхээрэхгүйгээр урагшаа нэг ч алхах боломжгүй боллоо. Иймдээ тултал даанч хайхрамжгүй явсан талаар “Зууны мэдээ” сонин “Эх дэлхийн түгшүүрийн дохио: Уур амьсгалын өөрчлөлт” цуврал нийтлэл бичиж байв.

Монголд сүүлийн 80 жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн. Үүний 45 жилд нь хүйтэн өдрийн тоо 15 хоногоор буурч, халуун өдөр 24 хоногоор нэмэгдэж, хуурайших хандлагатай байна. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орон болох шалтгааныг харуулж байна. Харин хур тунадасны хэмжээ сүүлийн 80 жилд 7-10 хувиар буурчээ. Улирлын өөрчлөлтөөр нь авч үзвэл өвлийн дулаарал илүү эрчимтэй буюу 2.6 градусаар нэмэгдэж байгаа бол зун температурын өсөлт 1.9 градус байгаа аж. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад бараг төрөл зүйл бүрээрээ хоёр дахин нэмэгдсэн судалгаа бий. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар юм. Тэгвэл монголчуудын хаяанд тулж ирж, хаалгыг тогшиж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар бид өөрсдөө ямар мэдлэг ойлголттой байгааг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс үндэсний хэмжээнд судалжээ.

Судалгааг 2804 иргэнээс мэдээллийг асуулгын аргаар цуглуулж, фокус бүлгийн ярилцлагыг 65, ганцаарчилсан ярилцлагыг олон салбарын төлөөлөл болох 49 хүнтэй хийсэн байна. Уг судалгаагаар хүүхэд, эмэгтэйчүүд, малчид зэрэг эмзэг бүлгийнхэн уур амьсгалын нөлөөлөлд өртөх өндөр эрсдэлтэй байгааг онцолжээ.

Монголчуудын 67.3 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар сонссон гэсэн бол 46.6 буюу тал хувь нь сүүлийн 10 жилд амьдрал, амьжиргаанд нөлөөлсөн гэж хариулжээ. Мөн судалгаанд оролцогчдын ихэнх нь уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа болохыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв (84.0%). Гэсэн хэдий ч хот, хөдөөгийн аль алинд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал тааруу байгааг харж болно. Тухайлбал, судалгаанд оролцогчдын ердөө 23.6 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгээ хангалттай гэж үнэлж, 6.8 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд аж үйлдвэржсэн орнууд нөлөөлж байгаа тухай дурдсан байна. Харин 35.9 хувь нь Монголын иргэд өөрсдөө уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байна гэж үзжээ. Мөн таван хүн тутмын нэг нь буюу 22.5 хувь нь уур амьсгалын өөрчлөлт бол далдын хүч, байгаль эх шийтгэж буй дохио гэж үзэж байна.

Ийнхүү уур амьсгалын өөрчлөлт ноцтой асуудал болохыг Монголчууд ухамсарлаж байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 92.7 хувь нь санаа зовниж, цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр (85.1%) илүү их мэдээлэл авах сонирхлоо илэрхийлжээ. Энд нэгэн сонирхолтой дүгнэлт гарч ирсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголт, дадлын хувьд эмэгтэйчүүд, эрчүүд хоорондын ялгаа харьцангуй бага.

Гэхдээ, эрчүүдээс илүү эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовдог гэжээ. Тэд уур амьсгалын өөрчлөлт амьдралд нь тодорхой хугацаанд нөлөөлдөгт итгэж байгаа учраас нэмэлт мэдлэг, ур чадвар эзэмшихийг хүсэж буйгаа илүү их илэрхийлжээ.

Ихэнх хүмүүс уур амьсгалын өөрчлөлт нь ус, цахилгааны хэрэглээ, нүүрс түлэх зэрэг өдөр тутмын үйлдлээс үүдэлтэй гэж үзэж байна. Мөн өдөр тутмын дадлын тухайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн туршлага ихээхэн ялгаатай байв. Судалгаанд оролцогчдын 32.6 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовж байгаа, 19.2 хувь нь айж түгшиж байгаа, 11.4 хувь нь харамсах мэдрэмж төрж байгаагаа хуваалцсан бол, 8.8 хувь ямар нэгэн онцгой мэдрэмж төрөхгүй байгаагаа илэрхийлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд эмэгтэйчүүд дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн хэрэглэх, усны цорго хаах, цахилгаан хэрэгслийг салгах, нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн бага хэрэглэх зэргээр байгаль орчныг хамгаалах өдөр тутмын дадлыг сурталчлахад илүү эерэг үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг сүүлийн үед манай улсад түгээмэл яригдаж буй асрахуйн эдийн засагтай холбож ойлгож болно. Асрахуйн эдийн засагт гэр бүл, ахуйн хүрээнд өдөр тутам хийгддэг, үнэлэгддэггүй, цалин хөлсгүй асран халамжлах хөдөлмөр багтана.

Мөн асаргаа зайлшгүй шаардлагатай бүлэг буюу хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өвчтэй хүнийг асран хамгаалахад зориулсан үйлчилгээ, үйлдвэрлэл орно. Үүнээс гадна эрүүл, ид хийж бүтээх хөдөлмөрийн насны зэрэг хүн бүрийн асрах, асруулах хэрэгцээг тойрсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ ч бас орж байна. Асрахуй гэдэг бол хүний оршин байх гол нөхцөл, хүний сайн сайхан байдал, амьдралын чанарын суурь нь.

Тэгвэл дээрх судалгаанд 264 ахмад настан хамрагдсан нь бүгд эмэгтэйчүүд байжээ. Түүнчлэн оролцогчдын 520 буюу 41.8 хувь нь өөрсдийгөө ‘өрх толгойлсон эцэг/эх’ гэж мэдээлсний 63.3 хувь нь эмэгтэй байна. Хотын бүсийн гэр хороололд амьдардаг оролцогчдын 52.6 хувь нь эмэгтэй байгааг мөн судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед нийтээрээ мэдлэг ойлголтоо өргөжүүлэх трэнд сэдэв болох уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовниж, сурч мэдэх их хүсэлд хөтлөгдөж буй нь эмэгтэйчүүд байгаа юм. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтөд өртөж, анхаарал хандуулж буйн дийлэнх нь бүсгүйчүүд байгааг харж болно. Гэвч үүнийг асрахуйн эдийн засагтай холбож үзвэл хөдөлмөрийн үнэлэмж бага ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буйг судалгаа харуулж буй юм.

Цаг агаарын төлөвт гарч буй өөрчлөлтийг анзаарах нь уур амьсгалын өөрчлөгдөж байгааг ойлгох нэг арга зам юм. Үүнийг дийлэнхдээ эмэгтэйчүүд анзаарч олж харж буй нь малчин эмэгтэйчүүдийн хэлснээс харагдаж байна. Тиймээс “үнэлэмжгүй” гэгддэг асрахуйн эдийн засгийг ойлгож дэмжиж чадвал байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, түүнд ээлтэй байх дадал, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх хамгийн гол “цэг” болох бөгөөд үүний гол хүч нь эмэгтэйчүүд болж байна.

Кейс:

-Сүүлийн хоёр жилд бараг зун болсонгүй. Бас их хүйтрэхээ ч больжээ. Хүмүүсийн хэлж байгаагаар, уур амьсгалын өөрчлөлтөөс болоод бид дөрвөн улирлын оронд гурван улиралтай болох нь ээ.

(Дорнод аймгийн эмэгтэйн ярианаас)

-Манай аймаг уулархаг учраас уулын оройд байнга мөстэй байдаг байлаа. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд улирлын мөчлөг өөрчлөгдсөнөөс юм уу, хүмүүсийн буруутай үйлдлээс болоод ч тэр үү, уулын орой дахь мөс хайлж, юу ч үлдсэнгүй. Бороо орох нь ховордож нэг орохоороо аадар болж байна. Түүнээс гадна, өвөл болохгүй байна. Дээр дурдсан бүх үзэгдэл аймагт маань ноцтойгоор нөлөөлж байна".

(Баян-Өлгий аймгийн өрх толгойлсон эмэгтэйн ярианаас)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.175] 2024-01-12 18:05:21

Дэлхийн том улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөнд санаа тавихгүй байхад захын улны монгол санаа тавиад яах юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.