Ч.БОЛД: БАРУУНД СУРСАН АНХНЫ 35 ХҮҮХДЭЭС ГУРАВ НЬ ЦААЗЛУУЛЖ, НАЙМ НЬ 3-25 ЖИЛИЙН ЯЛ ЭДЭЛЖ, ТАВ НЬ СЭЖИГ БҮХИЙ НАС БАРСАН БАЙДАГ

Aдмин / Нүүр

1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан сурагчид.

ЗХУ-ын Ленинград хотын Гүнзэчойнэй хийдийн өмнө. 1926 оны тавдугаар сар

Өдгөөгөөс бараг 100-гаад жилийн өмнө монгол охид хөвгүүд баруунд сурахаар оджээ. Герман, Францад суралцахаар явсан анхны 35 хүүхэд байдаг, араас нь их Д.Нацагдорж тэргүүтэй зургаан хүүхэд нэмэгдэж очжээ. Тэдний амьдрал, хувь заяа хэрхсэн талаар судлаач Чимэд-Осорын Болдтой ярилцлаа.


-Монголоос анх баруунд сурахаар явсан хүүхдүүдийн талаарх судалгааг та нэлээн олон жил хийсэн. Яагаад манайхан Герман, Франц руу хүүхдүүд сургахаар болсон юм бол...?

-Ардын засаг мандсаны дараа манайхан гуравдахьч хөршийн эрэлд гарсан байдаг юм. Хэнийг түших вэ, яах вэ, улс орноо яаж хөгжүүлбэл зөв зүйтэй болох талаар судалсан. 1923 онд болсон Монгол Ардын Намын II их хурлаар “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт бичгийг баталсан байдаг. Уг баримт бичиг батлагдсанаас хойш хоёр жилийн дараа МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж Өрнөд Европын 10 улсад айлчилсан байдаг юм. Тухайн үеийн нам, засгийн удирдагчид дунд эзэмшсэн мэргэжил боловсрол, гадаад хэлний мэдлэгээрээ товойн ялгарч байсан тэрээр 1925 онд Дундад Иргэн Улсад, 1926 онд Герман, Франц зэрэг улсад айлчилсан нь “Эдийн засгийн үндсэн бодлого” хөтөлбөрийн заалтуудыг хэрэгжүүлэхээр элдэв арга зам эрэлхийлж явсан хэрэг болов уу.

Ингээд Ардын Засгийн газрын 1925 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдаанаас “хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд, лицей болон тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах” тухай шийдвэр гаргажээ.

-Дунд сургуульд хүртэл сургасан юм уу?

-Энд дунд сургуульд сурч байсан 14 настай хүүхдүүдээс сонгож авсан болохоор бүрэн дунд сургууль болон бидний ярьдгаар ТМС-д сургаж тусгай мэргэжлийн хүмүүс бэлтгэж авахаар шийдсэн юм билээ. 19 настай залуучууд ч мөн явсан.

-Баруунд явсан энэ хүүхдүүдийн зургаас харахад ижилхэн хувцас хийж өгсөн байна...?

-Энэ хувцаснуудыг хүрээнд байдаг гадаадын пүүсээс худалдаж авсан байдаг юм. Хүүхдүүдийг хариуцаж байсан Далай багш хувцас хунарын сонголт хийсэн байдаг. Энэ багш Японд сургууль төгссөн, япон, хятад, орос хэлтэй, Эндрюсын экспедицэд хүртэл ажиллаж байсан маш өндөр боловсролтой залуу.

-Сонгон шалгаруулалтыг ер нь яаж явуулсан юм бол. Танд мэдээлэл байна уу. Одоогийнхтой адил хөрөнгө мөнгөтэй, албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд явсан болов уу?

-Содном гуайн дурсамж байдаг юм. “Би зүгээр нэг явчихаагүй ээ. Би Сүхбаатар жанжны хүү Галсантай, Ерөнхий сайд Цэрэндоржийн хүү Юндэнтэй өрсөлдөөд шалгараад явсан юм гэсэн байдаг. Ингээд харахаар сонгон шалгаруулалт үнэхээр шударга болсон юм байна л гэж боддог.

-Ингэхэд таны өвөө эмээ ч юм уу, ямар нэгэн хамааралтай хүн энэ 35 дотор байсан уу. Яагаад энэ талаар судалж эхэлсэн билээ?

-Би 1992 оноос хойш бараг 30 жил түүхэн гэрэл зураг цуглуулж байна. “Гэрэл зураг түүх өгүүлнэ” гээд буланг “Өнөөдөр” сонинд хөтөлж байсан. Гэрэл зураг цуглуулж байхад анх баруунд сурахаар явсан хүүхдүүдийн энэ гэрэл зургийг санаандгүй олж, сонинд гаргасан. Тэгсэн хүмүүс надаас зураг дээрх хүмүүсийг хэн хэн болохыг асуугаад эхэлсэн. Би алийг нь ч хэн гэж хэлж мэддэггүй ээ. Зургийн баруун буланд дээлтэй таван охин байгаа. 35 хүүхдийн тав нь эмэгтэй, 30 нь эрэгтэй байж. Тэгээд энэ зургаас үүдэн сонирхол татаад хүн нэгбүрчлэн судалж эхэлсэн. Яг энэ сэдвээр судалгаа хийгээд 15 жил болж байна.

Баваасан, Г.Базарням, Б.Гомбо нар. 1929 он

-35 хүүхдийн талаар бүгдийг нь судалчихсан уу?

-Үгүй ээ. Гэхдээ би хоёр ном гаргасан, “Алс газар сурахаар одогсод” гээд. Эхний номд эдгээр хүүхдүүдийн талаар ерөнхий мэдээллийг оруулсан. Мөн хүүхдүүдийг хариуцаж явсан багш нарын талаарх мэдээлэл оруулсан. 35 хүүхдээс дөрөв нь Францад сургуульд сурсан байдаг. Энэ дөрвөн хүүхдийн түүх намтрыг мөн нэгдүгээр дэвтэрт багтаасан. Хоёрдугаарт дэвтэрт Германд сурсан 31 хүүхдийн 13-ынх нь түүх намтрыг бичиж оруулсан. Одоо гуравдугаар дэвтэрээ гаргах гээд сууж байна.

-Үлдсэн хүүхдүүдийнх нь талаар гарах уу?

-Бас болоогүй. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд би зөвхөн 10-хан хүүхдийн хувь заяаг тодруулж байна. Эрж хайж бүхий л эх сурвалжуудтай уулзаж, архивт сууж 10 хүүхдийг тодорхой болгосон.

-100 жил өнгөрсөн ч анх л Монголоос албан ёсоор гадаадад сургуульд явуулсан хүүхдүүд юм чинь түүх намтар нь тодорхой байдаггүй юм уу?

-Байхгүй. Овгийн эхний үсэг нь ч тодорхой бус хүүхдүүд байна, Сумьяа, Сумади гээд. Сумьяа, Самади гэж хэн юм, ирээд хаана ажиллаж байв гээд архивт ч байхгүй, хаачсан юм бүү мэд.

-Германд сурсан 31, Францад сурсан дөрвөн хүүхдийн нэрс дотор Д.Нацагдоржийн нэр алга байх юм...?

-Энэ 35 бол анхны явсан хүүхдүүд. 1926 оны дөрөвдүгээр сард явсан. Тэр оныхоо аравдугаар сард нь Д.Нацагдорж, Пагмадулам нарын дөрвөн хүүхэд араас нь нэмэгдэж очсон. Жилийн дараа Баваасан, Б.Цэдэндамба нар очсон. Одоо гарах гуравдугаар дэвтэр дээрээ 10 хүүхдийн талаар оруулж байгаа. Цаана нь дахиад 10 гаруй хүүхэд үлдэж байгаа юм. Миний судалгааны зорилго бол аль болох өмнө нь судлагдаагүй, хүмүүс мэдэхгүй, эсвэл хань ижил үр хүүхэдтэй болоогүй, надаас өөр бичих хүнгүй тийм хүмүүсийг түрүүлж бичихээр сонгон авч байгаа. Биеийн амраа харсан бол Нацагдорж, Пагмадулам нарыг л түрүүлээд шүүрч авах байсан. Жишээлэхэд, анхны 35-ын дотор Дугаржав гээд хүүхэд байна. 1926 оны дөрөвдүгээр сард Германд очоод 11 дүгээр сард нь нас барсан. Тийм учраас энэ хүнийг надаас өөр дурсах хүн байхгүй. Судлаачийн зорилго бол энэ хүний түүх намтарыг олж гаргаж ирэх. Ийм эмгэнэлтэй хувь заяатай улс нэлээн бий. Энэ хүүхдүүдээс дөрөв тав нь цаазаар авахуулсан байдаг.

Францад сурч байсан дөрвөн хүүхдийн нэг Ж.Дүгэрсүрэн Монголын анхны геологийн ухааны доктор болсон. Уртнасан 1936 онд нас барсан. Т.Аюурзана бол Монголын анхны малзүйч, төрийн шагналт хүн. Орхон үүлдрийн хонийг бий болгосон. Зохиогчийн эрхийн 0001 дугаартай гэрчилгээ энэ хүн дээр байдаг. Л.Намсрай цэргийн театрт зураач, найруулагчаар ажиллаж байгаад цаазаар авахуулсан. Монголын хэлмэгдэгсдийн түүхэнд гурван улсын тагнуул гэж цаазлуулсан ганц хүн байдаг нь Л.Намсрай. Япон, Франц, Германы тагнуул гэж хэлмэгдүүлсэн.

-Герман, Францад явсан хүүхдүүд хэдэн жил болоод буцаж ирсэн юм. Бүгд сургуулиа төгссөн үү?

-Төгсөөгүй. Наваан-Юндэн, Нацагдорж, Хаалаа, Цэрэнханд нарыг тайж угсаатай, гадаадын хөрөнгөтнүүдтэй сүлбээтэй болж магад гэж 1929 онд хамгийн анх эргүүлэн татсан байдаг. 1930 онд үлдсэн хүүхдүүдийг бүгдийг нь эргүүлэн татсан.

-Герман, Францад олон хотод сурч байсан юм болов уу?

-Манай сурагчид Герман улсад очоод Берлин, Лайпциг, Летцлинген, Айзенах, Фрайберг, Коттбус, Викерсдорф зэрэг хотод улсын болон хувийн дунд сургууль, техник мэргэжлийн сургуульд суралцаж, төрөл бүрийн үйлдвэрийн газарт дадлагажигч-сурагчаар ажиллаж байсан юм билээ. Сонирхуулж хэлэхэд, Герман, Франц улсад суралцсан нэг сурагчийн жилийн зардал нь 2230 төг, 21 мөнгө байсан нь тухайн үед Москва, Ленинград, Эрхүү хотод сурч байсан сурагчдад оногдох мөнгөн дүнгээс хэд дахин их байжээ. Тухайн үеийн төр засгийн бодлогоор тэднийг хүн, малын эмч, хууль цааз, эм зүйч, уул уурхай, газар тариалан, арьс шир, түүхий эд боловсруулах, эд таваар үйлдвэрлэх, хэвлэл, гар урлалын зүйл, цахилгаан, машин, барилга, эрдэм боловсролын ухаан зэрэг төрөл бүрийн мэргэжлээр сургахаар төлөвлөж байсан байгаа юм.

-Ингэж их зардал мөнгө гаргаж явуулчихаад сургуулийг нь төгсгөлгүй эргүүлэн татсан шалтгаан нь юу юм бол...?

-Учир нь тэднийг Герман, Франц улсад сургахаар илгээсэн МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, АГЯ-ны сайд Эрдэнэбатхан, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ж.Цэвээн нарыг “баруунтан” хэмээн буруутгаж, албан тушаалаас нь зайлуулаад байв. Энэ бүх хэргийн учир зангилаа нь тухайн үед БНМАУ-ын дотоод хэргийг бүрэн атгаж байсан Коминтерн болон ЗХУ-ын гадаад бодлогоос ихээхэн хамаарч байсныг архивын баримт нотлон харуулдаг юм. Нэг маш нууц тогтоол сонирхуулъя. 1930 оны гуравдугаар сарын 31-ний өдөр ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын газрын даргад Тагнуулын даргаас нь дараахь шаардлага очсон байдаг. Энэ нь “Бидэнд байгаа мэдээгээр МАХН-ын эрх барьж байсан баруунтны удирдагчид хөрөнгөтөн орнуудын сургуульд 25 сурагч илгээжээ. Үүнээс тав нь Парисийн эдийн засгийн сургуульд, 20 нь Германы янз бүрийн сургуульд сурдаг.Тэд нийгмийн гарал үүслийн хувьд Монголын түшмэд-дээдсийн гаралтай аж. Эдүгээ Монголоос гадаадад суралцагчдын дийлэнх нь манай иргэний болон цэргийн сургуулиудад суралцаж байгаа. Монголын боловсон хүчнийг бусад оронд сургах нь бидний хувьд хүлээн авч эс болох зүйл! Цэрэг, далайн цэргийн ардын комиссарын орлогч Уншлихт Монголын Засгийн газарт зохих хэлбэрээр “даралт” үзүүлж, Франц, Германд суралцаж буй монголчуудыг татуулан, улмаар залуучуудыг тэдгээр оронд сургуульд цаашид илгээхээс татгалзуулах нь чухал гэж үзэж байгааг танд мэдэгдье” гэсэн байдаг.

Франц улсад суралцсан Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана, Л.Намсрай нар Парис хот. 1927 он

-Дуудаж авчраад тагнуул туршуул гээд л хэлмэгдүүлээд эхэлсэн юм аа даа...?

-Герман, Франц улсад суралцаж байсан оюутан, сурагчдыг эх орондоо эргэн ирсний дараа “үндсэрхэг үзэлтэн”, “хувьсгалын эсэргүү”, “Германы тагнуул” гэсэн элдэв зохиомол хэрэг үүсгэн МХЗЭ, МАХН-аас хөөж, сонгуулийн эрхийг нь хасаж, улмаар баривчлан байцааж эхэлсэн юм. 1932 оны дөрөвдүгээр сард “үндсэрхэг үзэлтэн, хувьсгалын эсэргүү” хэмээн Д.Нацагдорж, Т.Нацагдорж, Б.Гомбо, Д.Намдаг нарыг баривчлан хорьжээ. 1941 оны зургадугаар сард Герман улс ЗХУ-д халдан довтолсныг далимдуулан урьд Германд сурч байсан С.Бавуу, Ц.Бадарч, Н.Бат-Очир, М.Гомбожав, Б.Доржсүрэн, Д.Намдаг, Т.Нацагдорж, Ш.Цэвэг, Г.Цэвээн нарыг ДЯЯ-наа баривчлан авчирч, “фашист германы тагнуул”-ын хэрэг үйлдсэн гэсэн ял тулган хүлээлгэхийн тулд хатуу ширүүн аргаар мөрдөн байцаажээ. “Бат-Очир, Наваан-Юндэн нар нь 1937, 1939 онуудад Герман улсын Берлин, Лайпциг хотуудаас буцаж ирээд тэр үед Монгол Улсад оршиж байсан Германы тагнуулын байгууллагын бусад этгээд нар лугаа нэгдэж мөнхүү тагнуулын хэрэгт гишүүдийг элсүүлэх, тагнуулын харилцаа барих зэргээр тус Монгол Улсын дотор хувьсгалын эсэргүү тагнуулын ажил хийж байжээ” гээд тус бүрийн үйлдлийг дурдаад Н.Бат-Очирыг 25 жил, Д.Наваан-Юндэнг 20 жил, Т.Нацагдоржийг 10 жил, Д.Намдагийг долоон жил, Д.Гомбыг найман жил, Г.Цэвээнийг долоон жил тус тус хорьж шийтгэсэн байдаг. 1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан анхны 35 хүүхдээс гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, тав нь тодорхой хугацаагаар мөрдөгдөн байцаагдаж байгаад сэжиг бүхий үхлээр нас барсан буюу сураггүй алга болсон сурагч хоёр байдаг. Тэднийг удирдан авч явсан таван багшийн гурав нь цаазлуулж, нэг нь хоёр жил зургаан сарын хугацаагаар хоригдох ял эдэлж, нэг нь учир битүүлгээр нас барсан байдаг.

-Эмэгтэйчүүдээс нь хэлмэгдсэн хүн бий юу?

-Хамгийн тод жишээ төв номын сангийн эрхлэгч байсан Сурмаажав гуайг байцаахдаа “Герман руу яаж холбоо барьдаг вэ” гэж олон удаа асуужээ. Нэг удаа адраад “би Улаанбаатараас дугуйгаар Завхан руу давхин очоод Отгонтэнгэрийн орой дээрээс морзоор мэдээгээ дамжуулдаг” гээд хэлчихэж. Байцаагч нь бөөн баяр болж тэмдэглэж аваад орос сургагчдаа хэлээд өөрөө балрах дөхсөн гэдэг. “хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүн дугуйгаар Отгонтэнгэр хүрч тэр цас мөсөн оргилоос мэдээ дамжуулна гэж юу байдаг юм. Герман, англи хэлтэй боловсролтой энэ эмэгтэй чамайг даапаалж байгааг мэдэхгүй байна уу” гэж маш их уурласан гэдэг. Саяын мартын 8-нд Хаалаад дурласан Герман залуу зориулж шоколад хийсэн гээд баахан яваагүй юу. Тэр Хаалаа чинь өөрийн шоколадны үйлдвэртэй герман айлд амьдардаг. Айлын залуу Хаалаад дурлаж, өөрсдийн хийдэг нэг шоколадаа Хаалаа гэж нэрлэж байж. Хаалаа ирээд Наваан-Юндэн гуайтай сууж байгаад нөхрийгөө шоронд байхад нь залуугаараа нас барсан. Сурмаажав, Уртнасан хоёр мөн суусан байдаг.

Хэлмэгдээгүй үлдсэн цөөн хэдэн хүүхдүүдээс их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Ардын багш Г.Батсүх, Төрийн шагналт, Ардын зураач Л.Намхайцэрэн, Гавьяат багш С.Бавуу, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, зохиолч, яруу найрагч, орчуулагч Н.Наваан-Юндэн, номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, Д.Цэрэнханд, Аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, аман зохиол судлаач, зохиолч, эрдэмтэн Б.Содном, Улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил, Герман-Монгол толь бичиг зохиогч Ш.Цэвэг, анхны токарьчин Б.Сэдэд зэрэг алдартнууд төрсөн юм. Хэрэв бүгдээрээ амьд сэрүүн, хэлмэгдээгүй бол Монгол Улсын хөгжил дэвшилд ямар их нөлөө үзүүлэх байсан бол гэдэгт би маш их харамсдаг даа.

-Монголчууд Герман, Францад оюутан илгээсний 100 жилийн ой тун дөхөж байгаа юм байна даа...?

-Наадахаас чинь өмнө буюу 2024 оны нэгдүгээр сард Монгол Герман улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Энэ үеэр 100 жилийн өмнө та нар монгол хүүхдүүдийг сургаад өгсөн юм шүү, баярлалаа гээд хэлчих хэмжээний мэдлэг мэдээллийг манайхан авч байгаасай гэж бодож байна. 2026 онд баруунд оюутан илгээсний 100 жилийн ой болно. Өдгөө энэ 35 хүүхдээс хэн нь ч байхгүй. Тэдний үр хүүхдүүд буюу надад аман хууч маягаар мэдээлэл өгч, зураг хөрөг, баримт өгч тусалдаг үр хүүхдүүд нь ч цөөрсөөр байгаа нь харамсалтай.

-Энэ 35 хүүхдээс хоёр хос гарсан юм байна. Бусад нь ирээд хэр холбоотой байсан юм бол...?

-Тэднийг ирсний дараахан барьж, заримыг нь цаазалсан. Заримыг нь шоронд хорьсон. Байцааж байхдаа тэднийг хооронд нь хагалах, яс хаях аргыг их хэрэглэсэн байдаг юм билээ. Тийм учраас хоорондоо ойлголцохгүй их олон жил бие биенээ муугаар бодож бэтгэрч явсан. Энэ олон жил болоход амьд үлдсэн хэд нь 1964 онд ганцхан удаа цуглаж уулзсан байдаг. Дахиад хэзээ ч уулзалдаагүй. Тэгэхээд До яамныхан тэдний хооронд ямар муухай яс хаяж байсан нь харагдана. Дийлэнх нь Германд сурч байсан тухайгаа ярьдаггүй, их нуудаг байсан гэж хүүхдүүд нь ярьдаг.

Ийм л нэг сонин эмгэнэлтэй хувь заяа байдаг юм. Монгол Улсын түүхийн ботид энэ хүүхдүүдийн тухай ганцхан жижиг догол мөр байдаг юм. Монголын түүхэнд маш бүдэг, судалгаа байдаггүй. Би одоо энэ талаар гурван ном гаргаад байна. Дөрөв дэх номоо гаргахад ер нь 15 жилийн судалгааны үр дүн маань гарч, энэ бүх хүүхдийн түүх намтар тодорхой болно.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

bmlamvqmgr [107.189.30.86] 2024-10-27 04:24:00

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

hnzjsvdpdr [107.189.30.86] 2024-10-27 04:23:58

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

иргэн [66.181.178.46] 2023-04-27 17:57:14

Өнөө л өөрсдөөс нь дээш гарчих вий гэсэн атгаг атаархал Монгол улсыг харанхуй бүдүүлэг байдлаар нь дарлах гэсэн увайгүй араншингийн хувилбар ажээ.

Зочин [203.23.199.2] 2023-04-26 16:17:25

хайран хүмүүс.

Зочин [103.26.195.99] 2023-04-25 23:37:24

Баруунд сурсан хүүхдүүдийн дийлэнх нь 100 жилийн түүхт 1 дүгээр сургуулиас явсан гэсэн мэдээ байдаг.

Фотозургууд нь сонирхолтой, мөн сайн хадгалагджээ. [192.82.87.190] 2023-04-25 15:58:54

Харин фотозургууд нь гоё гарсан байна, сайн хадгалсан байна. Түүх юмдаа.

Зочин [139.5.217.60] 2023-04-24 22:26:39

Bawuu bagshaar hicheel zaalgaj bsan aztai humuusiin 1 shuu

Зочин [66.181.177.241] 2023-04-24 14:13:02

Ч. БОЛД ГЭДЭГ ЭНЭ ХҮН МАШ ХҮНЛЭГ СЭТГЭЛТЭЙ, НАРИЙН ГЯХУУР СЭДВИЙГ УЙГАГҮЙ СУДАЛЖ ТҮХИЙГ ҮНЭНЭЭР НЬ ГАРГАЖ ТАВИХ ЗОРИЛГО ТАВЬЖ БАЙГАА ХӨДӨЛМӨРИЙГ НЬ МАШ ИХ ТААРХАЖ ҮНЭМЭЭР БАЙНАДАА. ХҮН БҮР ЭНЭ ТАЛААР МЭДДЭГ ДУУЛСАН МЭДСЭН ЗҮЙЛЭЭ НЭМЭРЛЭЭСЭЙ.

Зочин [202.9.40.79] 2023-04-24 13:12:10

дээр үеэсээ л монголчуудыг маань харанхуй бүдүүлэг боловсролгүй болгох улс төрийн явууллагатай байждээ...

Ц.Лхамаа [202.126.88.159] 2023-04-24 13:03:34

Харамсадтай түүх бөйнаө.Баруунд сурсан сайхан сэтээтнүүд хжлмэгдэж

Зочин [202.9.46.151] 2023-04-24 11:54:22

Номыг нь авч уншихыг маш их хүсч байна.

Тодорхойгүй үед Баруунлуу явж байдаг. Хөөрхийс. [192.82.87.190] 2023-04-24 11:08:42

БНМАУ нь улс мөн эсэх нь тодорхойгүй, улс орон капитализм социализмаар хөгжихийг албан ёсоор тунхаглаагүй, дэлхийд Монголыг ЗХУ-аас өөр хэн ч хүлээн зөвшөөрөөгүй, сталинизм эд чангарч байх эгзэгтэй үед Барууны улсуудруу хүүхэд, залуучуудыг явуулж сургасан нь энэ бүх хэлмэгдлийн нөхцөл болсон. Тэр үед боловсролын сайд хэн байсан юм бол? Уг ньсайхан юм бодож явуулсан байх, даан ч геополитик гэж. Азгүй хүүхдүүд юмдаа. Тэр үед Төвдрүү явж Бурханы ном сураад ирсэн бол бас л хэлмэгдэх байсан. Мөн 1950-ад оны сүүлээр Хятадад суралцсан монголчууд байсан, тэр хэд ч бас тодорхой хэмжээгээр хэлмэгдсэн.

Зочин [103.57.95.164] 2023-04-24 10:28:50

Номыг нь унших юмсан

Зочин [66.181.160.18] 2023-04-24 09:47:46

Баяр хүргэе ...


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.