П.Наранбаяр: Багшийн амьжиргаа, боловсролын чанараа дээшлүүлэхгүй бол энэ үндэстэн ирээдүйгээ алдана
Шинэ Монгол сургуулийн захирал асан, Олон улс судлалын доктор П.Наранбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явц болон үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Үйл явцын тухайд бүгд мэдэж байгаа. Мажоритар тогтолцоон дотроо томсгосон тойргийн системийг дэлхий дээр ердөө найман улс л хэрэглэдэг. Анхнаасаа эрх баригч намд ашигтай тогтолцоо байсан. Хүн амын 40 хувийн дэмжлэгтэй байсан нам үнэмлэхүй олонх буюу 62 суудал авлаа. Ийм гажиг тогтолцоо үйлчилсэн сонгууль болсон.
-Ирэх жилүүдэд Монгол Улс их хэмжээний өр, зээл төлнө. Эдийн засгаа сэргээх, солонгоруулахад чиглэсэн ямар ажлуудыг хийгээсэй гэж бодож байна вэ?
- Нэн тэргүүнд ажлын байрыг бий болгох нь хамгийн чухал байна. Ажилгүйдэл нэмэгдлээ, ядуурал 30 хувь даваад явчихлаа, гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд хамаарагдаж байна. Дундаж давхаргынхны амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Ажлын байрыг бий болгох хөрөнгө оруулалтыг төрийн зүгээс хийсэнгүй. Бизнесийн зээлийг бууруулах гэх мэт ажлуудыг маш хурдтай хийхгүй бол ажлын байрыг бий болгох, нэмэгдүүлэх асуудал бүр л хэцүү болно. Үүнд маш их санаа зовж байна.
-ААН, Хувийн хэвшлээ дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой гэж байна. Улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын үед ажлын байрыг нэмэгдүүлэх бодитой боломж бий юу?
-Экспорт, импорт хумигдчихлаа. Энэ маш хэцүү боловч нэн түрүүнд банк санхүүгийн системээ шинэчлэж, банкны хүүгийн хадгаламжийг бууруулах хэрэгтэй. Тэгж байж бизнесийн зээлийн хүү буурах бодитой боломж бий болно. Хүү буурчихвал иргэд банкнаас зээл авах боломжтой болно гэсэн үг. Банк дампуурахад хүрэх үү үгүй юу гэдэг нь өөрөө бодлогын бөгөөд торгон мэдрэмжийн асуудал. Хүн амын ердөө хоёр хувь нь их хэмжээний хадгаламжтай байгаа.
БАГШ НАРЫН ЯДУУРАЛ, ОРЛОГЫН ЯДУУРАЛ ОНЦГОЙ ХЭМЖЭЭНД ХҮРЧИХЛЭЭ
-Боловсролын асуудлаар яриагаа үргэлжлүүлье. Боловсролын салбарт реформ хийх шаардлагатай гэж шийдвэр гаргах түвшинд ярьдаг боловч төдийлөн ажил болохгүй байгаа юм шиг?
-Миний бие шинээр томилогдсон Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд хандаж өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн бичвэрийг фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байгаа. Багш нарын ядуурал, орлогын ядуурал онцгой хэмжээнд хүрчихлээ. Хамгийн түрүүнд үүнийг шинэчлэх ёстой.
-Та боловсролын салбарын томоохон төлөөлөл. Энэ салбарын хувьд ямар ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж бодож байна вэ?
- Багшийн цалинг нэмэгдүүлэх.
- Багшаа чадваржуулах.
Чадварлаг залуусыг багшийн мэргэжил рүү татан оруулах бодлого, дэмжлэг маш их хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, цалингийн хэмжээ сайжирвал чадвартай залуус багшийн мэргэжил эзэмшихээр зорьж эхэлнэ. Үүн дээр нь тэтгэлгүүдийг маш сайн олгомоор байгаа юм. Багшаар ажилласан тохиолдолд үнэгүй сургадаг, тэтгэлэг олгодог байх систем одоо хэрэгтэй байна. Ингэснээр чадварлаг залуучууд сайн багш болно. Сайн багш таны дэргэд хүрээд ирвэл сургууль өөрөө сайн болж хувирна. Багш чадваргүй, эцэг эхийн уур бухимдлыг хүргэдэг байвал боловсролд хэн ч итгэхгүй шүү дээ. Хүн рүү гээ чиглэсэн бодлого хэрэгтэй.
ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН УДИРДЛАГА НЬ УЛС ТӨРЖСӨН, АВЛИГАЖСАН БАЙГАА НЬ ИЛ БОЛСОН “НУУЦ”
- Эцэг эхчүүд багш, сургуульд итгэхээ больдог үзэгдэл улсын сургуульд түлхүү ажиглагдаж байна уу? Улсын сургууль хувийн сургуулийн ялгаа их гарах боллоо?
-Хувийн сургуулийн хандлага, менежмэнт нь өөр байна. Төрийн өмчийн сургуулийн удирдлага нь улс төржсөн, авлигажсан байдалтай байгаа нь ил болсон нууц.
-Манай орны ерөнхий боловсролын түвшинг та ямар хэмжээнд явж байна гэж хардаг вэ?
-Энэ чигээрээ байвал дэлхийд сүүл мушгиж эхэлнэ. Хувийн өмчийн сургуулиудын сургалтын систем дэлхийн жишигт ойртож байна. Төрийн өмчийн сургуулийн системийг ойртуулах бодлого хэрэгтэй. Түүнээс биш хувийн өмчийн сургуулийг байхгүй болгоно, улсын болгож хувиргана гэх мэт бүдүүлэг зүйл ярьж болохгүй.
-Жишээ нь ямар бодлого барьж ажиллах ёстой гэж?
-Төрийн өмчийн сургуулиудыг сайжруулах л ёстой. Сургуулийн чанарыг сайжруулахын тулд нэн тэргүүнд захирлуудыг нь чадавхжуулах хэрэгтэй. Улс төрийн томилгоо байдаг бол түүнийг нь болиулах, авлигыг таслан зогсоох ёстой. Хоёрдугаарт, Захирлуудын манлайллыг бий болгомоор байна. Захирлуудад зориулсан сургалт, семинар гэх мэт янз бүрийн зүйлс тасралтгүй хийгээд л байдаг. Захирлууд энэ тэндхийн сургалт, хурал хэсч явдаг байдлыг таслан зогсоох ёстой байхгүй юу. Сургууль дээрээ ажиллах боломжийг нь олго.
АМЬДРАЛААС ТАСАРСАН БОДЛОГООС БОЛЖ БОЛОВСРОЛ ӨӨРӨӨ ДАМПУУРЧ БАЙНА
-Боловсролын салбараас улс төр лүү орох болсон шалтгаан юу байв?
-Боловсролын чанарын асуудал суларч байна. Үүнийг фронт дээр нь, тэргүүн шугамд нь харсан хүн зүгээр суугаад байж болох уу. Энэ талаар шийдвэр гаргах түвшинд нь ярьж, шинэчлэхгүй бол цаг алдаж байна. Төрийн албан хаагчдын чадвар муу байна. Амьдралаас тасарсан бодлогоос болж боловсрол өөрөө дампуурч байгааг бүгд харж байгаа.
Түүнчлэн Багшийн тухай хуулийг өргөн барина. Энэ маш чухал. Бид Боловсролын тухай хуультай боловч багш руугаа хандсан, багшийн тухай хууль байхгүй. Боловсролыг авч явдаг гол хүч нь багш. Гэтэл багш нарынхаа статусыг хамгаалсан, амьжиргааны түвшинг нь дээшлүүлэхэд чиглэсэн хууль байхгүй. Үүнийг хуульчилж, боловсролын асуудлыг өөд нь татахгүй бол болохгүй.
МОНГОЛ УЛС БАГШАА ТЭЖЭЭЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ
-Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал яригдаад удлаа. Ойрын хугацаанд цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бий юу?
-Багш нарын цалинг сарын 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх маш тодорхой саналыг хууль тогтоох дээд байгууллагад тавьж байгаа. Багш нарын дундаж цалин 650 мянган төгрөг. Энэ мөнгөөр яаж амьдрах юм бэ. Цалингийн хэмжээг 500 мянган төгрөгөөр өсгөх боломжтой. Энэ олон сайд, дарга нарын Land cruiser авто машиныг зарж, Засгийн газрын худалдан авалт дээр байгаа хэрэггүй зардлыг танахад л мөнгөний эх үүсвэр нь гараад ирнэ. Жилдээ 250 тэрбум төгрөгний асуудал яригдах юм. Багш нарын цалинг нэмэгдүүлэхгүй бол “2018 он” дахиад ирэхэд хэн ч гайхахгүй шүү. 2018 онд Монголын багш нар ажил хаясан. Энэ бол 1994 оны ажил хаялтаас хойш 24 жилийн дараа тохиосон маш том дохио байлаа. Үүнийг төр сонсоогүй. Багшийн амьжиргаа, боловсролын чанараа дээшлүүлэхгүй бол энэ үндэстэн ирээдүйгээ алдана. Монгол Улс багшаа тэжээж чаддаг байх ёстой. Энэ бол энгийн үнэн.
Ц.Анударь
Ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар томилов
С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна
Б.Жаргалсайхан: Би Оюун-Эрдэнийг дэмжиж байна, энэ миний эрхийн асуудал
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна
Хамба З.Санждоржийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо
Politico: Байден Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр Конгрессоос 24 тэрбум доллар хүсчээ
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг цагдан хорьжээ
Д.Трампад үүсгэсэн эрүүгийн хэргийг хаажээ