“Нүүрсний үнийн сагсанд гуравдагч улсын боомтын үнийг оруулж тооцох санал тавьсан”

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр (2025.01.27) хуралдаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
ЭКСПОРТЫН ХҮЧИН ЧАДАЛ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТООР 20 САЯ, ХАНГИ-МАНДАЛ БООМТООР 10 САЯ ТОННООР ТУС ТУС НЭМЭГДЭНЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.ТУВААН:
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү зээлийн хэлэлцээрийг хэрэгжүүлснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн-Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэнэ.
Энэ хүрээнд экспортын орлого хоёр дахин, төмөр замаар нүүрс тээвэрлэх хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, улмаар тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой.
Бид улсынхаа эрх ашиг, сорчлуулахгүй байх, бүгдийг борлуулах гэдэг зүйлийг нэлээд ярьж байна. Гуравдугаарт орж ирэх компани хоорондын гэрээний асуудал дээр нэлээд нарийн заагдаж орж ирнэ.
Нүүрсийг коксжих, эрчим хүчний нүүрс гэж тус тусад нь процентлож, өөр өөр үнээр борлуулахаар ярьж байна. Нүүрсний тодорхой давхаргаас үлдэж байгаа нүүрсээ “Эрдэнэс Тавантолгой” компани нийт хүчин чадлаараа 30 сая, одоогоор ашиглалтад орж байгаа 10 саяын баяжуулах буюу угаах үйлдвэрээрээ угааж, баяжуулаад борлуулна гэсэн тооцололтой ажиллаж байна.
“БОРЛУУЛСАН НҮҮРСЭЭ МӨНГӨӨР ЗАРНА, ОФФТЕЙК ГЭРЭЭ БАЙХГҮЙ”
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.МӨНХЖАРГАЛ:
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн урт хугацаатай дөрвөн гэрээ байдаг. Тус гэрээний үнэ Хятадын таван боомтууд дахь үнээс тогтож байна. Бид энэ хэлэлцээрийн хүрээнд гуравдагч улсын боомтын үнийг нүүрсний үнийн сагсанд оруулж тооцох санал тавьсан. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна. Үнийг бид тогтоох боломжгүй, Хятадын боомтууд дээр зарагдах үнэ дээр үндэслээд тогтоогдож буй үнийг авч, нүүрсээ борлуулж байна. Үнийн тохиргоо улирал тутамд хийдэг. Энэ нь аль аль талын харилцан ашигтай байх зарчмыг хангах зорилготой. Үнэ өсөхөд Монголын талд ашигтай байдлаар үнийн тохиргоо хийж байна.
Бор толгой, Онч хараат гэсэн хоёр ордыг төлөвлөөд явж байна. Өмнө нь гурван орд байснаас нэгийг нь хассан. Одоо байгаа нөөц бололцоо буюу Цанхийн баруун зүүнээрээ хуучин явж байгаа амны гэрээ, биржийн арилжаагаа дэмжинэ.
Цанхийн ордуудаас нөгөө талын борлуулалт явах ёстой. Тэр агуулгаараа шинэ уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэж байгаа юм. Бортолгой, Онч хараат хоёр нийлээд нэг тэрбум орчим тоннын нүүрсний нөөцтэй гэж гарсан. Нарийвчилсан хайгуул судалгаа хийгээгүй. Энэ ордоос гарч байгаа нүүрсийг бүхэлд нь өгөхгүй. Орд өөрөө ашиглагдаагүй, ямар чанартай нүүрс гарах нь нарийвчилсан хайгуулаар тодорхой болно.
Мөн гэрээний хүрээнд 5 жил нь 27 сая, үлдсэн 11 жил нь 20 сая гэхээр 200 орчим сая тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээний асуудал юм. Борлуулалт хийгдэнэ, борлуулсан нүүрсээ мөнгөөр зарна гэсэн үг. Оффтейк гэрээ байхгүй. Бор тээгийн хувьд ашиглагдаагүй, хэлэлцээрт энэ уурхай хамааралгүй.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн [59.153.113.235] 2025-01-28 21:38:45
Заавал Хятадын үгээр үзэглэж байхаа болих хэрэгтэй
Нараа [66.181.161.167] 2025-01-28 11:00:55
Сайхан
Зочин [66.181.161.167] 2025-01-28 11:01:18
Муу